2008 онд Алтан категорын олон улсын чанарын хаан титэм хэмээх хүндэт  шагналыг хүртэн,  2013 онд Дэлхийн чанарын баталгаажуулалтын дээд шагналыг гардан авсан “Их Засаг” ОУИС бол Чингис хааны нэрэмжит гэсэн гэгээн алдрыг авч яваа дэлхийд цорын ганц сургууль юм. Тэрээр энэхүү аугаа их алдрыг нэр төртэй хадгалж, Үндэсний түүх соёлын тэргүүлэх Их сургууль, Монгол үндэстэн угсаатны үлгэр загвар болсон байгууллага болж чаджээ.

“Их Монголын ирээдүй “Их Засаг”-аас эхэлнэ” гэсэн өөдрөг өрнүүн бодол сэтгэлтэй, улс эх орондоо төдийгүй олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх алсын хараатай “Их засаг” ОУИС оюутнууд руугаа хандсан их ажил өрнүүлсээр байна.  Тус сургууль саяхан 17 дахь удаагийн төгсөлтөө хийж 30 гаруй мэргэжлээр 1200 гаруй залуусыг бакалавр, 130-аад залуусыг магистрын зэрэгтэй төгсгөн хөдөлмөрийн зах зээлд шилжүүлжээ. Төр, хувийн хэвшлийн ажил олгогчдыг өргөнөөр оролцуулсан оюутны хөдөлмөрийн өдөрлөгийг зохион байгуулсны үр дүнд энэ жилийн төгсөгчдийн 20 хувь нь ажлын байрны урилгатай, олон оюутан төрөлх сургуулийнхаа магистрантур, докторантурт хөнгөлөлттэй нөхцлөөр үргэлжлүүлэн  суралцах эрхийн бичгээ авч төгссөн нь тухайн сургуулийн нэр хүнд, оюутан суралцагчдынх нь мэдлэг чадвар, хүмүүжил төлөвшлийг илэрхийлсэн үнэлэмж юм.

Тус сургуулийн оюутнууд “Их Засаг сургуулийн босгыг алхан орсноос хойш удалгүй оюутны амьдрал, сургууль, анги хамт олондоо ээнэгшин дасаж, тэднийгээ насан туршид дурсан бахархах сэтгэлийн дархлаатай болсон. Энэ бол бидний төлөвшил. Манай сургуулийн бүх оюутнууд оюун ухаандаа эрдэм мэдлэгтэй, зүрх сэтгэлдээ энэрэнгүй дулаан уур амьсгалтай, нийгэм, хамт олны дунд өөрийн гэсэн байр суурьтай хүмүүжил төлөвшилтэй иргэд болон өсч өндийж байна...” гэж бахархан ярих дуртай. Бас

“Их хааныхаа ариун өлмийд бид тангаргаа өргөсөн

Их сүлдэндээ ёслон мөргөж бид үүрэг хүлээсэн

Их түүхийн домог – Аравтын системээр бид эвлэлдэн нэгдсэн

Их сургуулиа төгсөөд бид Монголыг удирдана ...” гэж омогшдог.  Хэнтэй нь ч уулзсан сургуулиараа бахархан, энэ сургуульд орсноороо би өөрийгөө олж таньсан гэж ярьдаг.

Их Засагчууд хичээлийн жилийн улирал тутамд шилдэг 500 оюутныг шалгаруулж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд сурталчилдаг уламжлалтай.  Ингэснээр тус сургуулийн оюутнууд сурлагаараа ч, хүмүүжил төлөвшлөөрөө ч, урлаг, спортын амжилтаараа ч сургуулийн шилдэг оюутны хэмжээнд хүрснээ үнэлүүлэх боломжтойн зэрэгцээ, монголын олон арван шилдэг сэхээтнүүд “Их Засаг” ОУИС-д өсч өндийж байгааг илтгэн харуулж байна.