-ЭНЭ БОЛ ЗАЛУУ ҮЕИЙГ ХОМОРГОЛОН ШИЙТГЭЖ БУЙГААС ӨӨРЦГҮЙ, БУСАРМАГ ЯВДАЛ-

Худалдаа  үйлдвэрлэлийн дээд сургуулийн  зарим багш, оюутан авлига авсан, өгсөн гэх шуугиан дэгдэж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхэлсэн билээ. Энэ хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн сард дуусч Баянзүрх дүүргийн шүүхэд шилжээд байсан юм. Анхан шатны шүүх хурал  өнгөрсөн долоо хоногт болох ёстой байсан боловч өмгөөлөгч, холбогдогч нарын ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Шүүх хурал энэ сарын 23-нд болно. Энэ хэргийн талаар тоймлон хүргэе.

 2012 оны аравдугаар сард  тус сургуулийн  зарим багш оюутанд  Эрүүгийн хуулийн 268, 269, 270 дугаар зүйл анги буюу авлига хээл хахууль бусдад өгөх, зуучлах гэсэн зүйл ангиар буруутган шалгаж эхэлсэн байдаг. Дээрх хэрэг  дөрвөн багш, оюутан нийлээд 70 орчим  шүүгдэгч, 36 өмгөөлөгч оролцохоор байгаа аж. Мөн дээрээс нь  шүүгдэгч нарын ар гэрийнхэн  нэмэгдэхээр 200-300 хүн шүүх хуралд оролцох  болоод байгаа гэнэ. Энэ нь  олон шүүгдэгчтэй шүүх хурлын нэг  гэж тооцогдож байна. Манай шүүхийн танхимд өмнө нь ийм олон шүүгдэгчтэй хэргийг шүүж байсан түүх байхгүй тухай шүүхийнхэн ярьж буй юм. Харин  ар гэрийнхэн нь  “Залуу үеийг бөөнөөр нь  эрүүгийн хэрэг үүсгэж, хоморголон яллахыг улайрч байна. Тэдний авлига өгнө, авна гэдэг юу байх вэ. Дүн, цагийн ирцээ засуулах гэсэн багш, оюутан нарын хоорондын харилцаа. Үүнийг дэвэргэж авлига гэсэн том нэр хаяг өгч бүтэн хоёр жил шалгаж ийн шүүхийн шатанд хүргэж буй нь буруу. Иймэрхүү явдал аль ч их дээд сургуульд байдаг л зүйл” гэж үзэж байгаа гэнэ.

70 гаруй шүүгдэгчтэй гэж буй энэ хэргийн дийлэнх нь оюутнууд. Мөрдөн байцаалт болон хавтаст хэргээс авсан материалаас үзвэл яг авлига өгсөн авсан гэдэг нь нотлогдоогүй байдаг. Хэдэн гэрчийн мэдүүлгийг үндэслэн олноор нь оюутнуудыг яллах гэж оролдож байна гэж үзэх ч өмгөөлөгч байгаа юм. Мөрдөн байцаалт эхэлснээс хойш  сэжигтэн шүүгдэгчдийн тоо буурч ирсэн ч нотлогдоогүй хэрэг дээр барин тавин оюутан залуусыг хоморголон  шүүх гэж байна гэж багш нар хэлж байна. Тэдний ар гэрийнхэн  холбогдох газруудад хандсан ч тусыг эс олсон бололтой. Юутай ч анхан шатны шүүхийн шийдвэрийг харъя хэмээж буй гэнэ.  Энэ хэрэгт оюутнууд багш нартаа дүнгээ засуулах гэж мөнгө өгсөн юм уу, эсвэл сургуулийн төгсөлт, баяр наадамтай холбоотой мөнгө өгсөн юм уу гэдэг нь тогтоогдоогүй гэж нэг өмгөөлөгч нь ярьсан юм.  

 Шүүхэд ирсэн материалаас үзвэл  энэ хэрэгт 54 оюутан, дөрвөн багштай холбоотой  эд мөрийн баримт цугласан байна. Тэдэнд үүсгэсэн зүйл ангиар бол дээрх оюутнуудын хамгийн бага нь л гэхэд  тав, дээд тал нь найман жилийн ялаар шийтгүүлэх  төлөвтэй байгаа аж. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийнхныг  буруутгаж буй зүйл  ангийн  ялын хэмжээ нь ийм байгаа юм.Түүнчлэн 20-50 сая төгрөгийн авлигын хэрэг ч яригдаж буй  гэнэ. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн өөрийн итгэл үнэмшлээрээ хэргийг хэрхэн шийдэхээс бүх зүйл хамаарах бололтой. Өмгөөлөгчид бол энэ хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад яриа өгөх боломжгүй. Тэр тусмаа шүүхэд хэрэг очсон үед яриа өгвөл шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөх гэж оролдсон гэж буруутгагдана хэмээж буй юм. Харин шүүгдэгч нарын нэгнийх нь ар гэрийн хүнтэй ярилцлаа.

-Энэ хэрэг яагаад энэ хүртэл явчихсан юм бол?

-Мэдэхгүй. Сургууль дээрээ багш нарт авлига өгсөн гэж хуулийнхан шалгаж байна гэж хэлсэн. Тэгтэл ийм олон хүүхэд  энэ хэрэгт буруутгагдаж явааг сая л мэдлээ. Би үнэхээр гайхсан. Яахаараа  эрдэм боловсрол эзэмшээд мэргэжилтэй болох гэж буй хүүхдүүдийг олноор нь яллах хүртлээ хэрэг шүүх рүү явчихав. Бид чинь хүнлэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ.

-Хуулийнхнаас энэ талаар асууж үзсэн үү?

-Асуусан. Хэсэг оюутнууд нийлж байгаад багш нартай зуучилдаг. Зарим нэг нь дүнгээ, муу авсан хичээлийнхээ оноог өсгөхийн тулд хэдэн төгрөг өгсөн бололтой юм. Би сайн мэдэхгүй. Сонссоноо л хэлж байгаа юм шүү. Энэ нь хууль бус үйлдэл гэнэ. Хууль бус үйлдэл юм бол бас сануулаад тодорхой хэмжээнд арга хэмжээ авч болно шүү дээ. Авлигын хэрэг гэхээр л сүр бадраагаад явчих юм. Хэдий хууль бий. Түүнийг  хүн бүхэн мөрдөх ёстой ч гэсэн. Хоморголон залуусыг шийтгэж болохгүй шүү дээ. Энэ тал дээр ч төрийн зүгээс уян хатан бодлого баримталдаг л байлгүй гэж санах юм.

-Бүгдийг нь яллавал яах вэ. Тэдний ирээдүй бүрхэг болно биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Ажил амьдралтайгаа золгох гэж байхад нь эрүүгийн хэрэг үүсгэсэн гээд уяад байх юм. Манай хүү бол өнгөрсөн жил  сургуулиа төгссөн. Төгсөөд ажилд ч орж чадахгүй хэрэг шийдэгдэхийг хүлээгээд байна. Ганц манай хүү ч биш. Өөр олон айлын хүү ингэж хохирч байна. Залуу үеийг хоморголон шийтгэж буйгаас өөрцгүй бусармаг явдал. Хуулийн байгууллага ингэж ажиллахын тулд байдаг бол хэцүү юм байна. Юунд итгэж найдахаа ч мэдэхгүй юм.

-Багш нартаа хахууль өгдөг байсан гэж л буруутгаад буй бололтой. Нэлээн олон сая төгрөг яригдаж буй бололтой?

-Олон сая төгрөг яригдлаа гээд юу шалих вэ дээ. Хэдэн саяыг нь мэдэхгүй юм. Гэхдээ л өөрийнхөө ирээдүйн дипломын оноонд санаа зовсон хүүхдүүдийг шунахайн сэдэлтэй бусдад авлига өгсөн гэж буруутгаж байна гэсэн. Үүнийг сонсоод гайхсан. Өмгөөлөгч нар нь ч гайхаж байсан.

-Дан ганц дүнгийн оноо бус,  Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд хүүхэд оруулна гээд багш нартай хахууль авч өгч дунд нь зуучилдаг байсан гэсэн зүйл яригдаж буй бололтой?

-Би тэрийг нь яаж мэдэх вэ. Гэхдээ  аль ч их дээд сургуульд ороход үнэ мөнгөний тухай л яригддаг. Ганцхан дөрвөн багш 60 орчим хүүхдийг буруутгаж болохгүй шүү дээ. Анхнаасаа энэ хэрэгт олон хүнийг буруутгасан. Танил талтай нэг нь хэргээс мултраад гараад явчихсан л байгаа шүү дээ. Ингээд бодохоор үнэн юм гэж байна уу гэж асуумаар байна. Энэ олон хүүхдүүдийг хэрэв шийтгэдэг юм бол би өлсгөлөн зарлана. Юу ч гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хармаар байна.

-Эцэг эхчүүд юу гэх юм?

-Аргаа тасарсан хүмүүс л байна. Тэгтэл төрийн хөрөнгийг хувьдаа завшаад явж байгаа олон улс төрч, албан тушаалтнууд байна. Тэднийг яах ч үгүй мөртлөө аар саархан зүйлээр оролдож бусдын хүүхдүүдийг яллах гээд буй хуулийн байгууллагынхныг ойлгохгүй байна. Хуулийн  байгууллага гэдэг чинь ер нь яачихсан юм бэ. Өөрийнхөө ирээдүй үе болсон залуусыг ингэж олноор нь шийтгэх гэж байгаа нь хэр оновчтой юм бол. Хэрэв асуудал муугаар эргэвэл  бид зүгээр байхгүй гэж бодож байгаа.

-Хэн хэн гэдэг багш нар энэ хэрэгт холбогдсон юм бэ?

-Хэрэг нь шийдэгдээгүй байхад багш, оюутнуудын нэрийг гаргаад хэрэггүй. Тэдэнд цаанаа амьдрал бий.Тэгээд ч хэрэг нь нотлогдоогүй байгаа гэдгийг олон хүн хэлж байна.

-Хэрэг нь мөрдөн байцаалтаар нотлогдоогүй бол шүүхэд шилжүүлэхгүй л дээ?

-Ингэж би зөвхөн яриагүй өмгөөлөгч нар хэлж байгаа. Тэд чинь хуулийн хүмүүс, хавтаст хэрэгт юу гэж байна. Ямар нотлох баримт байгааг мэднэ. 

Г.ЯЛГУУН