Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоны дараа сурын талбайд зочилж эрхий мэргэн харваачид, тэнд хуран цугларсан наадамчин олонтой мэндчиллээ.

Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа харвааны талбайгаас дуут сумаар харваж наадамчин олны мэлмийг баясган Монгол түмний эртний түүхт нэгэн сайхан уламжлалыг сэргээв.

Дуут харваа нь эртний Хүннү гүрнээс эхтэй бөгөөд Их Монгол Улсыг хүртэлх 1600 гаруй жилийн түүхийг шингээсэн, монголчуудын гайхамшигт өв соёлуудын нэг юм. Судар бичигт тэмдэглэснээр олноор зэрэг харвасан дуут сум нь нисэж явахдаа их чимээ гаргаж монгол цэргийн сүр хүчийг харуулдаг байжээ.

Эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн их соёлыг дараа дараагийн үр хойчдоо залгамжлуулж буй нэгэн сайхан үйл явдал ийнхүү өнөө жилийн наадмаар тохиолоо.

Монгол Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Монгол нум, харцагын исгэрээт сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв.

Үүний дараа тэрээр наадамчиддаа сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилгээ дэвшүүлээд шагайн асарт саатаж шагай харвалаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч шагайн харваачдад мэндчилгээ дэвшүүлж шагайн харвааг наадмын нэгэн төрөл болгон өдий хүртэл авч ирсэнд нь талархал илэрхийлж онч улам мэргэн байж, хийморь нь өөдрөг сайхан наадахын ерөөлийг дэвшүүлэв. Шагайн харваачид Ерөнхийлөгчийн ерөөлийг уухайлан хүлээж авлаа.

 























































































М.Мөнхзул

Х.Даваадэмбэрэл

А.Баярмаа