Юу ч болоод өнгөрөв дөө. Хөл толгойгүй бужигнасан, хэрүүл хараал нь халин садарсан хэцүү өдрүүдээс дайжин зугтсан би Сэлэнгэ мөрний эрэг дээр зогсож байна. Монголын хамгийн алдартай энэ мөрний хойд эрэгт хагас дугуй хэлбэртэй нарсан ойтой уул бий.

Тэр уулыг Дүгэрээ хошуу хэмээнэ. Энэ хошуу үзэсгэлэнт долоон нугаас бүрддэг. Энд одоогоос хоёр жилийн өмнө Долоон нуга буюу “Seven Nuga Resort” хэмээх амралтын газар байгуулагдсан юм. Үүд хаалгаа нээсэн цагаас хойш өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн газар гэх аман сурталчилгаан дор явж байсан эл газрын нэрийг одоо Монгол Улсад сонсоогүй хүн байхгүй болсон. Учир нь сарын турш Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох дуулиантай хамт энэ ресортын нэр цацагдсан билээ. Ийнхүү эднийх рүү сониуч монголчууд хэд гурваараа, хэсэг бусгаараа цуван ирцгээсээр байна. Үнэхээр дуулианаас хойш машин ихэссэн гэж тосгоныхон ярьцгааж байна.
Дөрвөн жил зургаан сар Засгийн газрын тэргүүнээр ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох шалтгаан гал авалцах мэт дэгдсэн энэ газрыг үзэх гэж, ганц хоног амрах гэж, зарим нь гадаа нь ирээд зураг хөргөө авахуулаад буцах гэж давхилдаж байна. Энэ бол нэг талаас хүн төрөлхтний амьдралд байдаг л үйл явдал. Ялангуяа нэн шинэ дэлхийд хамгийн идэвхтэй түгсэн маркетингийн нэг. Гэхдээ нөгөө талаас хөгжилтэй, хөөрхийлөлтэй ийм зан хэдийнээс манай монголчуудад ийм нэвт шингэчихсэнийг хэлж мэдэхгүй юм. Бидний хэдэн хувийн маань амьдралын түвшин хаа хол энэ газар хамаг бензин шатахуунаа урсган байж давхиж ирээд 900.000-1.500.000 төгрөгөөр нэг хонох хэмжээнд хүрсэн юм бэ гэх асуулт эрхгүй төрнө.
Хашаа руу нь орж ирээд л хөөрхөн хөөрхөн үзэгдлүүдтэй нүүр тулна. Мөнөөх л манайхны жүжгийн амьдрал… Уншиж ядах юмгүй, нүднээ илт.
Хажуугаар “Мань чинь Seven nuga”-д байна, хө… Хэд хоног энд амрах санаатай гэх цаанаасаа л нэг багтаж ядсан үгийг утасны цаадах эзэнд гэхээсээ илүү хавь ойрын бүх хүмүүст сонсгох гэсэн нэг тийм хөгжилтэй эрмэлзэл ханхлуулсан залуучууд зөрж өнгөрөөд л… Гэхдээ бодоод байхад хаа нэгтэйгээс хийсэж ирээд бидэнд наалдчихсан гэхээсээ илүү ерөөсөө манайхны унаган зан нь ч юм шиг. Ямартаа ч цахим сүлжээний энэхүү эрин далд маягтай явж ирсэн бидний юу ч үзээгүй хямдхан суртахууныг, басхүү юм л бол бусдадаа гайхуулах дуртай тэнэгдүү донг ил болгож, гадар доторгүй дэлгэж өгөөд байна.
Саяны болж өнгөрсөн Ерөнхий сайдын бэрийн гайхуулалт сад тавин цацагдахдаа улс орныг бүхэлд нь хаман бүрхэж, эцэстээ юу болон дуусч буйг бид харлаа.
Залуу гэнэн охидын гаргаж л байдаг зангаас болоод монголчууд юм хийж байсан, хийх гэж сарвайтлаа хичээж байсан Ерөнхий сайдаа буулгачихаад сууж байна. Энэ ч яахав огцруулах нэг шалтаг нь байсан гэж бодъё. Тэгвэл, хүүхдүүдээ хогийн цэг дээр аваачиж баахан шоу хийсэн залуугийн хэрэг мөн хөдөө орон нутгаар ид яригдаж байх юм. Тийм хачирхалтай үйлдэл хийчихээд, тэрийгээ цахим сүлжээгээр гайхуулдаг нь яаж байгаа юм бол гэх гайхширал тал нутгаар дүүрэн нисэж байна. Юутай ч ядуу хүүхдүүдийг гараараа зааж харуулаад, “…та нар сайн сурахгүй бол ийм болно шүү” гэж хэлснээсээ болоод албан үүргээсээ буулаа. Яагаад гэвэл тэр өөрөө тэдгээр ядуу хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээсэн төрийн албан хаагч байсан учраас ёс суртахууны хувьд алдаа гаргалаа гэж нийгмийн тодорхой хэсэг үзэж байгаа юм байна.
Үнэн хэрэгтээ бол тэр манай төрийн албан хаагчдын дундаас илэрсэн хамгийн муу дүр огт биш юм. Харин ч ажил хийх гэж зүтгэсэн, тэгж яваад алдаа гаргасан, олон нийтийн нэг хэсэгтэй учраа олж чадахгүй унаж байгаа л нэг жишээ. Нөгөө талаасаа бол мань залуу зүгээр л аархлаа дарж ядан, сошиалд ямар нэгэн акц хийж шахахгүй л бол байж чадахгүй болчихсон мөнөөх л донтолтоосоо болоод ийм асуудалд орж байх жишээтэй.
Манайд улстөрчид, нийгмийн сайн санааны үйлстэнүүд хүүхдээр эрээ цээргүй оноо цуглуулдаг, тэднийг байж боломгүй балмадаар ашигладаг жишиг хавтгайрчихсан. Үүний л нэг илрэл. Дараагийн тэнэглэлүүд улам эрчээ авсаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн гэж 28 настай бүсгүй “Цэнгүүн” сан хэмээн өөрийн нэрийн санг гэнэт нээж, бяцхан хүүхдүүдэд өөрийн нэрээ бичсэн цамцыг өмсгөөд, эрээ цээргүй цааш нааш нь харуулан зургийг нь аван цацсан хэрэг ид мандаад байна. С.Цэнгүүний энэ гайхуулалт өнөөдөр нийгэмд шүүмжлэл дагуулан яригдаж байна. Тэр цахимаар гайхуулалгүй чимээгүй сангаа байгуулаад явсан байсан ч улстөрчийн хувьд ноцтой алдаа гаргажээ. Энэ бол том факт. Төрөөс цалинждаг түшээ хүн төрийн бус байгууллага байгуулж ажилламаар байвал парламентын гишүүнээсээ явах хэрэгтэй. Ер нь гишүүдийг хувьдаа сантай байх боломжийг хуулиар хориглох ёстойг С.Цэнгүүний алдаа харуулж байна.
Одоогийнх шиг цоож цуургагүй дэлгээтэй цахим ертөнцийн үеийг сураггүй байхад нэгэн шар сонины хуудсаар УИХ-ын гишүүний эхнэр баярхлаа дарж ядан гайхуулснаас үүдэж казиногийн гэх хэргийн дуулиан анх олон нийтэд дэлгэгдэж билээ. Энэ гэнэн үеэс хойш ингэхэд юу ч өөрчлөгдсөнгүй дээ. Ингэж бодохоор өөрийн эрхгүй гуниг төрнө.
Сэтгэл зүйн зарим мэргэжилтнүүд цахим орчны гайхуулах үзэгдлийг нэг төрлийн том “донтолт” хэмээн үздэг юм байна. Цахим орчин биднийг энэ өвчин рүү ховсдон хөтөлж, нэг нэгнээ дуурайдаг, аялдан дагадаг, худлаа хэлбэрдсэн эргүүлэг рүү чангаан оруулжээ. Угаасаа үнэ цэнээ алдан жингүйдэж яваа, эрхэм дээд гоо сайхнаа гээн буй монголчууд шиг аливаа нөлөөнд амархан автдаг үндэстэн эдүгээ бараг үгүй … Бүгд өөрийн гэх суурь үнэ цэнээ хамгаалан босгож ирэхийн төлөө ажиллацгааж байхад бид тэнэгрэл рүү доош хурдаараа уруудсаар…
Өглөөхөн ирсэн хэдэн залуус Сэлэнгэ мөрний сав газрын сэрүүн дэнжийг чамгүй их хөрөнгөөр зодож эзэгнэсэн энэ газрын зүгээр л “Долоон нуга” гээд биччихээгүй, Seven Nuga хэмээн хээнцэрлэсэн хаягны өмнө селфийдэцгээж харагдана…
Хоол унд , үйлчилгээ гээд Монголд хаа сайгүй байдаг л нэг газар. Харин ч түгсэн алдартаа эрдчихсэн хүйтэн сервистэй юм. Амтгүй зэлгээн кофе, гайхуулах юм юу ч үгүй аргуу стейкнүүд… хотын том гэгддэг ресторануудын дундаж жишгийн зоог сэлт….Энэ бүхнийг үнэ оруулж буй хамгийн галзуу зүйл нь байгаль эхийн зурсан гайхамшигт тохой.
Монголчуудын зовлон жаргал, үүх түүхээр сүлрэн мянган жил урссан Сэлэнгэ мөрөн… Сүр жавхланг нь ямар ч хэлбэрдэлт, ямар ч тэнэгрэл дарж ядан байхыг мэдрэх сайхан байлаа.
Утас дуугарч байна.
-Чи хаана явна аа, сонин сайхан юу байна ?
-Аан, Seven Nuga орж селфийдчихээд буцаж байна аа….

 

СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ