Элсэлтийн Шалгалтын зохион байгуулалт, үр дүнгийн талаар өнөөдөр Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Энэ үеэр олон улсын оноог Элсэлтийн Шалгалт (ЭШ)-ын оноотой дүйцүүлэх болон бусад эргэлзээтэй асуултад БҮТ-ийн төлөөллүүд дараах байдлаар хариулав. 



-ЭШ-ыг олон улсын оноотой дүйцүүлэх тухайд

-Элсэлтийн шалгалт болон дүйцүүлэх шалгалтын материал бүрдүүлдэг бүртгэлийн хугацаа нь хуваарийнхаа дагуу бүртгүүлдэг системүүдтэй.

Эдгээр системээр цаг хугацаанд бүртгүүлэн баталгаажуулалтаа хийлгэсэн бүх хүүхдийн дүн оноо блокчейндээ орж, улмаар тэндээс сургуулиуд татаж авдаг.

Их, дээд сургуулиуд дээр магадгүй блокчейнийх нь дүйцүүлэх оноо юм уу, ЭШ-ын оноо нь татагдахгүй байна гэвэл эхлээд их, дээд сургуулиудаасаа лавлаж үзэх хэрэгтэй.

Хэдий хугацаанд татаад аль дүн нь байхгүйг лавлах нь зүйтэй. Яагаад гэвэл байгууллага болгоны систем харилцан адилгүй. Энгийнээр тайлбарлавал яг Хур систем шиг төвлөрсөн дата мэдээллээс өөрсдөө мэдээллээ татах ёстой.

Магадгүй МУИС олон шалгуулагчтай учраас арай удаан татах уу гэдэг асуултыг сургуулиас нь лавлах хэрэгтэй. 

Албан ёсоор хэлэхэд дүйцүүлэх оноо нь татагдаагүй, ороогүй нэг ч шалгуулагч байхгүй.

-Элсэлтийн Шалгалт дууссанаас хойш хэчнээн төрлийн гомдол мэдээлэл шалгуулагчдаас ирсэн бэ? Үүнийг шийдвэрлэх ажил ямар түвшинд яваа вэ? 

-Элсэлтийн Шалгалтын материалууд орон нутгуудаас татагдаж, биет байдлаараа БҮТ-д ирдэг. Үүний дараа өргөдөл, гомдлын асуудал эхэлдэг.

Хуулийн хугацаагаар өргөдөл, гомдол ажлын тав хоногийн дотор буюу өнөөдрөөс эхэлж аваад шийднэ.

-Сурагчдын өргөдөл гомдлыг ШУТИС-д авч байна гэлээ. Гэвч гомдол шийдвэрлэхэд хоёрхон хүн ажиллаж байна. Энэ асуудлаа шийдэхгүй юм уу?

-Хоёр хүн байхгүй. Тэнд 10 хүн байгаа.

-Манай хүүхдийн математикийн оноо өчигдөр орой үзэхэд 756 байсан. Гэтэл өнөө өглөө босоод харахад 612 болоод өөрчлөгдсөн байна.

-Цаасан баримттай тулгахаас биш би таны гар утсан дээрх зурагтай ажиллахгүй.

Очоод тулгуулаад өргөдлөө өгөхийг зөвлөсөн. Дүн оноо ямар нэгэн байдлаар хөдөлсөн асуудал байхгүй. Математик дээр асуудал үүсээгүй. Хүүхдийнхээ материалыг үзээд журмынхаа дагуу өргөдлөө өгөөд шалгуул.

-Оноо өөрчлөгдсөнтэй холбоотой гомдол байгаа юу?

-Физик дээр “кило” гэдэг асуудал үүссэн. Автоматаар явж байгаа учраас хэмжээст оноонууд нь хөдлөх магадлалтай.  

-Дүн мэдээлэх систем 24 цагтаа багтсангүй гэдэг асуудлын тухайд тайлбар өгнө үү? 

-Манай журамд зааснаар “Шалгалт бүрийн дараа 24 цагийн дотор list.eec.mn сайтаараа дүнгээ мэдээлнэ гэсэн.

Жишээлбэл хамгийн олон шалгуулагч оролцсон математик, нийгэм, англи хэлний хичээлийн шалгалтад хяналтын ажил гурав дахин удаан явсан учраас хугацаанаас дөрвөн цагаар хоцорч орсон.

-Хакердуулсан юм биш үү?

-Хакердуулаагүй.

Үргэлжлүүлэн БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц "Шалгалтын сэдэв, даалгавар "маш хүнд, хэцүү байлаа" гэдэг нь сурагчдын гүйцэтгэлээр нотлогддог.

Сурагчдын гүйцэтгэл бүгд хангалтгүй доош унаад ирвэл “Шалгалтын сэдэв даалгавар хүнд” эсвэл “Хүүхдүүд сайн бэлдээгүй” гэсэн хоёр хүчин зүйлтэй холбогдоно. 

Гэхдээ ихэнх үзүүлэлт өнгөрсөн жилийнхтэй ойролцоо байлаа. Тэгэхээр агуулгын хувьд адилхан гэж үзэж болохоор.

Гэнэт огцом дээш, доош хөдлөх боломж нь харьцангуй бага байдаг. Өөрөөр хэлбэл ЭШ тогтвортой байдаг гэсэн үг. Энэ нь шалгалтын агуулга, хугацаа бүгд стандартчилагдаад тогтсон тул үүнийг үр дүн харуулдаг" гэлээ.