Үндэсний их баяр наадам дөхөж байна. Хүн бүхэн нээлт, хаалтын ажиллагааг биеэр үзэхийг хүсдэг. Гэтэл жил бүрийн нэгэн адил тасалбарын эргэн тойрон дахь асуудал энэ жил ч мөн давтагдлаа.

Албан ёсны мэдээллээр, наадмын нээлт, хаалтын тасалбаруудыг 7-р сарын 2-ны өглөө 07:00 цагаас www.enaadam.mn цахим хуудсаар дамжуулан худалдаалж эхэлсэн. Гэвч худалдаа эхэлснээс хойш ердөө арван минутын дараа буюу 07:10 гэхэд бүх тасалбар "дууссан" байв. Товчхондоо, олон нийт тасалбар авч амжилгүй үлдлээ.

Шударга байдал, хүртээмжтэй үйлчилгээ амлах ёстой төр энэ удаа ч амлалтаасаа хазайв. Энэ явдал хүмүүсийн дунд асуулт, хардалт дагуулж байна. “Шагчид, зуучлагчидтай хуйвалдсан систем биш биз?” хэмээн олон нийт шүүмжилж байна. Тасалбар бүр хэдийн тодорхой хүрээний хүмүүст очсон, жирийн иргэдэд боломж үлдээгүй мэт санагдана.

Тасалбарыг суудлаасаа хамаарч 80-150 мянган төгрөгийн үнэтэй зарсан бөгөөд нийт 12 мянган ширхэг тасалбар борлуулжээ .  Хамгийн хачирхалтай нь, тасалбар нь 10 минутад дууссан гэх мэдээлэл цахим сүлжээнд хөвөрч байна. Ер нь жил бүрийн наадмын тасалбар маш хурдан зарагдаад дуусдаг. Өмнө нь “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төвөөр наадмын тасалбарыг зардаг байсан бол цахимжуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Нэг утасны дугаараас хоёр тасалбар захиалах боломжтой. Энэ нь шагчдаас сэргийлж байгаа" гэж албаны эх сурвалжууд өмнө нь хэвлэлд мэдээлэл өгч байсан. 

 Гэтэл 12 мянган тасалбар хэнд хүрсэн нь тодорхойгүй дуусчихлаа. Ард түмэн аваагүй, наадмын тасалбарын эрэлд гарч байна гэсэн үг л дээ. 

Үүнтэй холбоотой иргэдийн санал, шүүмжлэл цахим сүлжээнд хөвөрсөөр байна. Мөн наадмын тасалбар авна, зарна гэх зарууд ч олноор байршжээ.

ENaadam.mn сайтаар худалдаалсан тасалбар суудлаасаа хамаарч 52,500, 105,000, 136,500, 157,500  төгрөгийн үнэтэй байсан бол иргэдийн гар дээрээс одоо зарагдаж байгаа нэг бүрийн үнэ 400-800  мянган төгрөг болж нэмэгдсэн байна.

Жил бүр асуудал үүсгэдэг энэ сэдвийн гол гаргалгаа нь төв цэнгэлдэх хүрээлэнгийн хэмжээг томруулах ажил гэж албаны хүмүүс ярьдаг.  Учир нь төв цэнгэлдэх хүрээлэн нь  шахуу засалтаар 12000 суудалтай. Улаанбаатар хот өөрөө 2 сая гаран хүнтэй хот болсон. Дээр нь гадны жуулчид, зундаа эх орондоо эргэж иргэд иргэд нэмэгдээд эрэлт нь ихсэж нийлүүлэлт нь хүрэлцэхгүй байгаатай шууд холбоотой гэж тайлбарладаг. Тиймээс  шинээр 30 мянган хүний суудалтай стадионы бүтээн байгуулалтаа яаралтай хийх болсныг харуулж байгаа юм. Саваа томруулж байж л энэ их эрэлтийг тодорхой хэмжээнд бууруулна хэмээн холбогдох албаны хүмүүс ярьдаг аж.