Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудал нээлтээ хийлээ
4 цагийн өмнө
Өнөөдөр /2025*07*04/ Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэ цогцолбор албан ёсоор нээлтээ хийж, иргэний нисэхийн салбарт түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж байна.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирал Валийд Аль-Бахар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Зүүн, Өмнөд Ази, Номхон далайн орнуудын бүсийн менежер Юсеф Аль-Бадер болон Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр, ЗТЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Нямдаваа нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
”Өндөрхаан” нисэх буудал нь анх 1958 онд Зөвлөлтийн нисэх отрядын суурин дээр байгуулагдаж, ердөө долоон орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр олон улсын стандарт хангасан, иж бүрэн шинэчлэгдсэн бүтээн байгуулалт болон дахин сэргэж байна.
Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл” нь 2020 оноос эхэлж, гурван багц ажлаар амжилттай хэрэгжиж, өнөөдөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр ийнхүү үүд хаалгаа нээж байна.
Шинэ нисэх буудал нь 1438м² талбай бүхий зорчигч үйлчилгээний барилга, 516м² талбай бүхий газрын үйлчилгээний гарааш, инженерийн дэд бүтэцтэй, 100х130м хэмжээтэй перрон талбайтай, 2,200х30м хэмжээтэй хөөрч буух зохист хайрган хучилттай зурвастай Олон улсын иргэний нисэхийн байгууллагa (ICAO)-ын 3С ангиллын шаардлага хангасан, цагт 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай болсон нь бүс нутгийн иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна.
Тус нисэх буудал нь одоогоор ерөнхий зориулалтын нислэг буюу онцгой, тусгай үүргийн болон аялал жуулчлалын захиалгат нислэгт үйлчилгээ үзүүлэх юм.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудыг Зүүн бүс буюу “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгон зарласантай холбоотой Хэнтий аймгийн байгаль, түүх, соёлд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутагт оруулах эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх бодлого хөтөлбөрийн хүрээнд энэхүү “Өндөрхаан” нисэх буудал ашиглалтад орж, үйл ажиллагаагаа нээж байгаа нь аймаг орон нутагт төдийгүй улс эх орны эдийн засагт ч хувь нэмрээ оруулах чухал үйл явдал болж байна.
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 3 цагийн өмнө
SEXSDI80955877