УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдын биед онц ноцтойгоор халдсан хэрэг гарсан талаар цахим орчинд анх хохирогч гэх залуугийн эгч нь мэдээлсэн юм.

Улмаар уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, Өнгөрөгч бямба гарагт буюу энэ сарын 18-19-ний шилжих шөнийн 03:30 цагийн орчимд “Сүхбаатар дүүргийн 3 хорооны нутаг Хүүхдийн 100 Хаан банкны орчимд зодоон болоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн” гэх мэдээллийг өгсөн юм.

Тодруулбал, 25 настай иргэн С-ийг 28 болон 29 настай С, Т нар зодож, хүндээр бэртээсэн. С одоо ГССҮТ-д хэмтэн эмчлүүлж байна. Яаралтай гурвалсан хагалгаанд орох шаардлагатай, нүүр нь цөмөрсөн, нэг нүд нь харахгүй байгаа гэдгийг гэр бүлээс нь мэдээлсэн.

Харин огтхон ч танихгүй атлаа, шөнийн цэнгээний газрын үүдэнд утсаар ярин зогсож байхад нь хүрч ирж зодсон гэх С, Т нар нь урьд зөрчлийн хэрэг ихээр үйлдэж байсан. Мөн тухайн өдөр саатуулж, биологийн шинжилгээ авахад мансууруулах төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл бий. Үүнийг цагдаагийн байгууллагаас баталгаажуулахгүй байна.

Энэ хэрэгт холбогдоод буй залуус нь УИХ-ын гишүүн асан, “Жем Групп”-ийн үүсгэн байгуулагч Ц.Цэрэнпунцагийн хүү, 28 настай Ц.Санжаачойпэл, УИХ-ын гишүүн асан, “Эрэл” ХХК-ийг ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын бага хүү, 29 настай Э.Тэмүүлэн нар хэмээн цахим орчинд мэдээлэл тарсан билээ.

Үүнээс гадна тус хэрэгт холбоотой дахин нэг этгээдийг эрэн сурвалжилж буй бөгөөд тухайн эрэгтэй нь мөн л улс төрийн нөлөө бүхий эрхмийн хүүхэд гэх яриа гараад буй юм. 

Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад, “Уг мэдээлэл үнэн. Гурав дахь этгээдийг олж тогтоохоор цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм. Улмаар дээрх хоёр иргэнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. 

Хохирогч залуугийн гэр бүлээс эгч нь болох Ц цахим орчинд анх энэ хэргийн талаар мэдээлсэн. Тэрбээр мэдээлэл өгөхдөө,

"Одоо шүүх шинжилгээний дүгнэлт гарахыг хүлээж байгаа. Хяналтын камерт болсон үйл явдал бичигдэж үлдсэн. Өнөөдөр энэ бичлэгээс цахим орчинд тавьж, үзүүлнэ.

Мөн хэрэг болох үед дахин хоёр өөр хүн байсан тухай мэдээлэл байгаа. Тэднийг эрэн сурвалжилж байгаа гэсэн" хэмээжээ.