Нийслэлийн Прокурорын газраас Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан байх бөгөөд шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдож байх тул сэжигтнийг баривчлах саналыг тус тус хүлээн авсан. 

Уг сэжигтнүүдэд авсан Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулсан хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 48 цагаас хэтэрч болохгүй бөгөөд Эрдэнэбатын Тэмүүлэнг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 40 минутаас, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг мөн өдрийн 22 цаг 00 минутаас сэжигтнээр тус тус баривчилсан билээ. 

Тэдний баривчлах хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Тэгвэл тэднийг үргэлжлүүлэн хорих эсэх саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлж, саналыг хэлэлцэж байгаа аж.