Сүүлийн жилүүдэд манай хотод "Кофе шоп"-ийн соёл нэлээд түгэн дэлгэрч байна. Кофены өндөр соёлтой Итали, Турк, Австри, Франц, Бразил гээд гаднын улсуудын адил Улаанбаатар хотод ч төрөл бүрийн кафенууд өөрийн гэсэн өвөрмөц, давтагдашгүй өнгө төрхөө цогцлоосоор байна.

Тухайлбал, амьтанд хайртай хүмүүст зориулсан муурны кафе, байгальд очсон мэт мэдрэмж төрүүлэх,  цаашлаад европ хэв маягыг шингээсэн гээд төрөл бүрийн онцлогтой кофе шопууд үүд хаалгаа нээн хэдийнэ хүмүүсийн анхаарал, сонирхлыг татах болжээ.

Тэдгээрийн нэг үүдээр нь ормогц л Япон хэв маяг, аниме ертөнцөд орсон мэт мэдрэмж төрүүлэх “Cafe de Lolita”-г бид энэ удаад онцолж байна.

Хаалганаас эхлэн ягаан сакура цэцгээр чимэглэж, хананд төрөл бүрийн алдарт анимены зураг, пигуреер дүүрэн энэ кафе үнэхээр л анимед дуртай фэнүүдийн хүсдэг ертөнц, хоббигоороо нэгдэх боломж гэлтэй. Тус кафен бариста, maid зөөгч нарын хувцас яахын аргагүй хүмүүсийн анхаарал, сонирхлыг татаж яг Япон орчин, дуртай аниме дотроо орчихсон мэт мэдрэмжийг хэн бүхэнд төрүүлнэ.

 

“Аниме, maid хоёрыг хослуулснаараа онцлог”

 

Энэ кофе шоп анх 2023 онд байгуулагдсан бөгөөд “maid, anime” хоёрыг хослуулснаараа Монголдоо анхдагч юм.

Энэ талаар “Cafe de Lolita”-ийн үүсгэн байгуулагч С.Хулан ярихдаа “Багаасаа л кофе шоп, бэйкеритэй болохыг хүсдэг байсан. Нөхөр бид хоёрын сонирхол нэг учраас ярилцаж байгаад 2023 онд “Cafe de Lolita” кафегаа нээсэн юм. Бид сарын турш кафен бүх засвар, засал чимэглэлийг өөрсдийн хүссэн өнгө төрхөөрөө хийсэн. Улиралд 20-30 аниме шинээр гардаг. Үүнээс хүмүүсийн үзэх дуртай аниме болж үлддэг, хүмүүст илүү хүрсэн анименуудаас сонгон пигурүүдээр тохижуулсан.

Монголд аниме кафе цөөн байдаг. Гэхдээ тууштай үйл ажиллагаа явуулах нь ховор байдаг. Манайх Монголдоо анхдагч бөгөөд Maid, аниме хоёрыг хослуулсан гэдгээрээ онцлог. Maid, аниме хоёр нь тусдаа ойлголт юм. Maid гэдэг нь зөөгчөөс арай давуу эрхтэй. Хүсвэл үйлчлүүлэгчдэд үйлчлэхгүй ч байх боломжтой. Maid хувцсаа өмсөөд тухайн хүн яг энэ кафен нэг хэсэг болж хүмүүстэй хамгийн халуун дотноор, сайн найз шиг нь байх ёстой нэгэн болно гэсэн үг. Шинэлэг газар учраас олон давуу талтай. Японд аниме кафе, maid кафе олон байдаг ч манайх шиг цогц болгосон газар байдаггүй.

Хүмүүс манай кафег үнэтэй гэж бодоод байдаг. Бид эсэргээрээ байж болох хамгийн доод хэмжээгээр үнээ барихыг боддог. Ихэвчлэн хүүхдүүд үйлчлүүлдэг учраас тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, амттангуудыг бэлтгэдэг” гэлээ.

 

“Бүтээгдэхүүнээ өөрсдийн жороор хийж, улирал бүр дахин давтагдахгүй меню гаргадаг”

Аниме кафегаар үйлчлүүлж, амттай дессерт, уух зүйлс амтлахын зэрэгцээ найзуудтайгаа хөгжөөнт тоглоом ч тоглох боломжтой юм байна. Мөн Мөн Манго өрөөнд орж 2000 төрлийн манганаас сонгон унших, хэвтэж амрах, хүсвэл хэсэг унтаж, амрах гээд цагийг сонирхолтойгоор өнгөрүүлэх боломжтой аж.

Мөн тус кафен нэг онцлог нь ихэнх бүтээгдэхүүнээ өөрсдийн жороор хийж, бэлтгэдэг нь юм. Ингэхдээ шинээр гарч байгаа анимед ямар зүйлс трэнд болж байна, тэр бүтээгдэхүүнийг өөрсдийн жороороо үйлдвэрлэдэг нь бусдаас ялгарах онцлог, давуу тал нь гэнэ.

Түүнчлэн тус кафе улирал бүр жороо сольж, улирал тутамд цоо шинэ амттан, бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгчдээ дайлдаг байна.

Аниме кафегаар үйлчлүүлэгчдийн 40-50 хувь нь өсвөр насны, сургуулийн бага ангийн хүүхдүүд байдаг учраас ихэвлэн тэдэнд тохирсон бүтээгдэхүүн үйлдэрлэхийг илүүд үздэг аж.

Мөн Монголд энэ төрлийн кафег ажиллуулахад тулгардаг асуудлыг талаар “Cafe de Lolita”-ийн үүсгэн байгуулагч С.Хулан “Бидэнд тулгардаг нэг асуудал бол татвар. Алдагдалтай ажиллаж байхад сар бүр нэг сая орчим төгрөгийг татварт төлдөг нь санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Мөн зарим үйлчлүүлэгчид maid соёлын талаар ойлголтгүй, мэддэггүй учраас зөөгч нарыг шоолох, биед нь хүрэхийг оролдох зэргээр асуудал гаргадаг. Бид цаашдаа шинэ салбараа нээхийг зорьж байгаа. Маш өндөр зардлаар босдог учраас олон салбар нээхэд хүндрэлтэй. Жижиг хэрэгсэл, дикор, чимэглэлүүд гэхэд л тодорхой хэмжээний үнэтэй байдаг” гэв.

Цаашлаад тэд кафегаа улам өргөжүүлэн тэлэх төдийгүй гадаад жуулчдын Монголд ирээд заавал орох ёстой газрын нэг болгохыг хүсдэг аж.

 

“Анимед дуртай хүмүүстэй яриа өрнүүлэхэд маш тухтай газар”

 

Мөн тус кафегаар анимед хайртай залуу, өсвөр үеийнхэн ихээр үйлчлүүлдэг байна. Тэдгээрийн нэг М.Анужин үеэлүүдийнхээ хамтаар “Cafe de Lolita”-гаар үйлчлүүлж, дуртай мангагаа уншиж цагийг зугаатай өнгөрүүлж байгаа харагдана.

Тэрээр “Аниме сонирхдог хүүхдүүд хоббигоороо нэгдэж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой кафе нээгдсэнд маш их баяртай байгаа. Энэ кафегаар найзуудтайгаа байнга үйлчлүүлдэг. Энд ирэхэд маш гос уур амьсгал угтдаг. Багаасаа аниме их үздэг байсан болохоор энэ төрлийн зүйлд их дуртай. Сүүлийн үед Монголд аниме их дэлгэрч байгаа болохоор адилхан анимед дуртай хүмүүстэйгээ яриа өрнүүлэхэд маш тухтай газар санагддаг. Өнөөдөр Щвейцарь улсаас ирсэн үеэлүүддээ бас энэ газрыг үзүүлэх гээд дагуулж ирсэн” гэлээ.

Мөн Щвейцарь улсаас Монголд ирж амралтаа өнгөрүүлж буй Сара анх удаа Аниме, maid кафегаар үйлчлүүлж буй сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрээр “Энэ кафег анх инстаграм дээрээс хараад маш гоё санагдсан. Ирээд харсан чинь бүр ч гоё, сонирхолтой, үнэхээр “хөөрхөн” кафе байна. Ялангуяа аниме пигурууд үнэхээр гоё юм. Мөн Манга өрөө маш сонирхолтой санагдлаа. Щвейцарьт ийм кафе байдаггүй учраас Монголд ирээд аниме кафегаар үйлчлүүлж, ирж үзэхийг хүсдэг байсан газраа хараад үнэхээр сайхан санагдлаа” гэв.

Энэ мэт Улаанбаатар хотын өнцөг булан бүрт өөрсдийн өнгө төрхийг цогцлоосон содон кафе олон бий. Кафе бүр өөрийн гэсэн давтагдашгүй ертөнцийг бий болгож байдаг мэт. Хүмүүс өөрт хамгийн тухтай кафегаараа үйлчлүүлж, хэсэгхэн зуурт ч гэсэн кофены тансаг үнэр, амттай бүтээгдэхүүнийг амтлангаа тайвширч суух нэгээхэн хэсэг нь “Кафе” байдаг болов уу.

 

ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин