Бүгд өсөж ганцхан төгрөг буурав
4 цагийн өмнө
Зөөлөн салхи сэрүү татсан намрын өдрүүд ойртож хүмүүс хөдөө, хотгүй намрын ажилдаа бэлдсээр.
“Шинэ ургацын ногоо аваарай” ногоочин О.Байгалмаа асрынхаа дэргэд инээмсэглэн зогсоно. Түүний хажууд төрөл бүрээр нь өрсөн шинэхэн ургацын ногоонууд алаглан харагдана.
Жил бүрийн өдийд нийслэлийн иргэдэд өөрсдийн гараар тариалсан ногоогоо хүргэх боломжийг “Алтан намар-2025” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа олгодог билээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцогчид ч гэсэн өөрсдийн асар болгондоо хүч хөдөлмөрөө зориулан тариалсан шинэ ургацын ногоогоо үйлчлүүлэгчдийн гарт хүргэхээр Улаанбаатар хотыг зорин ирсэн нь энэ.
“Ногооны үнэ 1000-2000 төгрөгөөр өссөн”
Тэдний нэг бол ногоочин О.Байгалмаа юм. Тэрээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд ес дэх жилдээ хүнсний ногоо тариалж үзэсгэлэн худалдаанд оролцдог гэнэ. Энэ тухайгаа тэрээр “Үзэсгэлэн худалдаа эхлээд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа учраас худалдан авалт багатай байна.
Бид Чингэлтэй дүүргээс тавьсан тодорхой шаардлагуудыг биелүүлж, ногоогоо шинжилгээнд хамруулснаар үзэсгэлэн худалдаанд оролцох эрхтэй болдог. Мөн барилгачдын талбай нь тусдаа компанид харьяалагддаг учраас асар түрээслэж суух хугацаагаандаа тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Хүнсний ногооны их хураалт аравдугаар сарын 25 хүртэл үргэлжилдэг. Бид цагаан сараас хойш л ногооны үрсэлгээгээ хийн, боловсруулж эхэлдэг. Ингээд намрын гурван сард л хаваржин тариалсан ногоогоо борлуулах боломжтой болдог учраас ногооны үзэсгэлэн худалдааг хөдөө орон нутгаас зорьж ирэн оролцож байна” гэлээ.
Ногооны үнэ өмнө жилтэй харьцуулахад 1000-2000 төгрөгөөр өсжээ. Тухайлбал, төмс, лууван зэрэг бүдүүн ногооны үнэ 3000 төгрөгөөс дээш, нарийн ногооны үнэ дээд тал нь 10 мянган төгрөгөөр худалдаалж байлаа.
Ногооны үнэ өссөн шалтгааныг худалдаа эрхлэгчид цаг агаарын байдлаас шалтгаалж ургац муудаж, хорогдол ихэссэнтэй холбон тайлбарлалаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны ногоочин Э.Нэргүй “Худалдан авагчид үзэсгэлэн худалдаа гарсан талаар сайн мэдээгүй учраас борлуулалт муутай байна. Өмнөх жилүүдээс харахад 14 хоногийн дараагаас борлуулалт нэмэгдээд явдаг. Манайх бүх төрлийн хүнсний ногоо худалдаалж байна. Энэ жил шинээр навчит ногоо болох шөлний байцай, шанцай зэргийг худалдаалж байгаа.
Бид өглөөнөөс орой хүртэл ногоогоо тариалж, бараг үр хүүхдүүдээсээ илүү л тордож, арчилдаг. Энэ жил ган гачиг, түймэр ихтэй байсан учраас тариалалт муутай байсан. Өмнө жилийг бодвол энэ жил ургац бага хураасан. Тиймээс хүнсний ногооны үнэ тодорхой хэмжээгээр өссөн” гэв.
Үхрийн ястай мах 21.000 төгрөгийн үнэтэй байна
Намар бол иргэдийн хувьд хямд үнэтэй мах, ногоо хэрэглэх боломжит үе нь байдаг. Гэвч хуурайшилт, ган гачиг, гал түймэр зэрэг байгалийн хүчин зүйлсээс шалтгаалан хүнсний ногооны үнэ буурах биш харин ч нэмэгдэх хандлагатай байна.
Тэгвэл манай улсад махны үнэ улирлын чанартай өсөж, буурч байдаг. Жил бүрийн өдийд махны үнэ харьцангуй буурдаг. Гэвч энэ жил махны үнэ буураагүй байна. Тухайлбал, энэ сарын 4-ны байдлаар хонины ястай мах 16.000, үхрийн ястай мах 21.000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Үүнийг статистикийн газраас өмнөх долоо хоногоос 2.3 хувиар буурсан гэж үзжээ. Тэгвэл худалдаачид хичээл орох үеэр иргэдийн худалдан авалт буурдаг гэдгийг хэлж байлаа.
Энэ талаар Хүчит шонхор захын махны худалдаачин С.Нямаа “Найм болон есдүгээр сард иргэдийн мах худалдан авах чадвар буурдаг. Учир нь хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаадаг. Энэ жилийн хувьд махны үнэ төдийлөн буухгүй байна. Өнгөрсөн жилийн өдийд үхрийн мах 17-18 мянган төгрөгийн хооронд байсан. Өнөөдөр үхрийн ястай мах 21.000 төгрөгийн үнэтэй байна” гэсэн юм.
Тэгвэл малчдын гар дээрээс ченж нар хонины махыг нэг кг-ийг 9500-10000 төгрөгөөр худалдан авдаг байна.
Энэ талаар Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг “Өнгөрсөн долоо хоногт 20 хонь зарсан. Кг-ийг нь 9500 төгрөгөөр бодож худалдсан. Удахгүй махны үнэ буурах тул эрт зарах нь малчдад ашигтай байдаг. Малчдын хувьд хүүхдийн сургууль, цэцэрлэгийн бэлтгэл, сургалтын төлбөрт малаа зарж, мөнгийг нь бэлддэг. Үүнтэй холбоотойгоор намар махны үнэ нэлээд буурдаг” гэсэн юм. Тэгвэл өнгөрсөн оны өдийд хонины ястай мах 13.000 төгрөг, үхрийн ястай мах 17.000 мянган төгрөгийн үнэтэйгээр “Хүчит шонхор” зах дээр худалдаалагдаж байжээ.
Вальютын ханш ч мөн өсжээ
Инфляц өссөнөөс үүдэж хэрэглээний бараа бүтээгдэхүүн, валютын үнэ талийжээ. Тухайлбал, 2024 оны наймдугаар сард 6.5 хувьтай байсан инфляц өнөөдөр 8.1 хувьтай байна. Инфляц өсөхөд иргэдийн бодит худалдан авах чадвар буюу халаасанд дахь мөнгөний хэмжээ нь өмнөхөөсөө улам бүр дордсоор байдаг. Монгол мөнгөний ханш өдөр ирэх тусам үнэгүйдэж, иргэд “Мөнгө гэж цаас болжээ” гэх нь бий.
Тэгвэл наймдугаар сарын 11-ний байдлаар “Найман шарга” вальют арилжааны захад вальютын ханш өмнө оныхоос өссөн дүнтэй байна. Тодруулбал, юань худалдах үнэ 504-505, ам.доллар худалдах үнэ 3612, вон худалдах үнэ 2.60, рубль 44.50, Австрали доллар (AUD) 2360, Канад доллар 2680, иен 24.35 төгрөгийн үнэ ханштай байна.
Сүүлийн саруудад ам.долларын ханш өдөр бүр өсч, монгол төгрөгийн ханш унасаар байна. Наймдугаар сарын 11-ны өдрийн байдлаар Найман шарга валют арилжааны захад ам.доллар худалдах ханш 3612 төгрөг байгаа бол худалдан авах үнэ 3607 төгрөг байна.
Вальют арилжааны үнэ ханшийн талаар наймаачин Б.Очирбат “Ерөнхийдөө ам.долларын ханш 2023 оноос хойш тогтвортой байсан. Харин 2023 оноос хойш ам.долларын зах зээлийн ханш 3380 төгрөг дээд тал нь 3390 төгрөг байсан. Нэг жил шахуу тогтвортой байсан ам.долларын ханш УИХ болон орон нутгийн сонгуулийн дараагаас эхлэн ингэж эрчимтэй, тасралтгүй өсч байна. Үүнийг дагаад төгрөгийн ханш унаж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг олон сөрөг үр дагаврууд бий болж байна. Хүнсний дэлгүүр орох бүрт бараа, бүтээгдэхүүний үнэ 10-20 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ард иргэдийн санхүүгийн байдал хүндрэлтэй байна. Цаашид ам.долларын үнэ дээр анхаарахгүй бол улам л хэцүү болох байх.
Монгол Улс ихэнх бараа бүтээгдэхүүнээ Хятадаас авдаг. Тэгэхээр цаашид бараа материалын үнэ тасралтгүй л өсөх байх гэж бодох юм.
Бид ч яахав банкнаас авсан үнэ дээр хэдхэн төгрөг нэмээд л зардаг. Саяхан олон баяр дараалан боллоо. Гэсэн хэдий ч иргэдийн ам.доллар худалдан авах эрэлт их байна. Учир нь арилжааны банкууд сүүлийн саруудад нэг иргэнд 1-5 мянган ам.доллараас илүүг олгохгүй хязгаар тогтоосон. Тиймээс иргэд хар зах дээрээс хамгийн ихдээ 20 мянган ам.доллар хүртэл хэмжээгээр худалдан авах боломжтой. Тийм учраас "Найман шарга"-ыг зорих иргэд багагүй байна” гэж байсан юм.
Иргэдийн хэлж буйгаар, ам.доллар цаашид ч нэмэгдсээр байна. Монгол мөнгөөр нэг сая төгрөг солиулахад 200 гаран 300 хүрэхгүй л ам.доллар болж байгаа юм. Монгол төгрөг цаас болж байна. Үүнийг дагаад төгрөгийн ханш унаж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байгааг хэлж байв.
Энэ талаар Найман шарга вальют арилжааны төвөөр үйлчлүүлэгч Б:Хулан “Бидний цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн ч амьдрал дээрдэхгүй хэвээр байна. Валютын ханш чангарсаар байгаа нь улам л үнийн хөөргөдөл үүсгэнэ. Валютын ханшийг бодлогоор барих нь зөв байх гэж бодож байна” гэлээ.
Түүнчлэн 2023 оноос хойш вальютын ханш тасралтгүй өссөнийг дээрхээс тоо, жишээнүүд харуулж байна. Нэг үгээр инфляц өссөнөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, мах, ногооны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсээр байгаа юм.
Ч.Бямбахажид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 3 цагийн өмнө
URN SHINEGENE AMSI SEXSDN80955877TOMSGN GOEOOR DOLOON
Зочин · 3 цагийн өмнө
TSGN SEXSDI BOOB XXOOD ANUSDI80955877