Түрүүлж ирсэн морийг дахин хэмжилтээр хасаад өөрийн морио түрүүлүүлдэг эрх ашгийн зөрчилтэй, уяач сэтэртэй хүмүүсээ өөгшүүлсээр байх уу
уржигдар
ММСУХ-ны 30 жилийн ой, “Их хурд–Х” Шигшмэл хурдан морьдын уралдааны Их насны уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Монгол улсын алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн дөлгөөн хар түрүүлсэн билээ.
Гэвч уралдаад орж ирэхэд өмнө уралдсаны дараа яагаад ч юм хэмжээнээсээ хэтэрчихсэн. Асуудал нь морины комисс хэмжилтэн дээрээ будлиантуулсан болохыг доорх харьцуулсан зурган дээрээс харж болохоор байна.
Уралдахаас өмнө 139 см буюу хэмжээндээ байсан морийг уралдаад орж ирэхэд нь уяач болон эзэн нь байхгүй үед "ашиг сонирхлын илтэд зөрчилтэй" буюу их насны уралдаанд морь нь аман хүзүүдсэн хүн хэмжсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл дөлгөөн халтрын хэмжилт дэлний үзүүр дээр, Ерөөлтын морины хүзүүн дээр хэмжиж байгаа нь өөрөө хэмжилт үнэн зөв болсон гэхэд шударга бус байсныг олон нийт харав. Үүгээр ч зогсохгүй сэрвээний өндрийг хэмжихдээ морины комисс гэгдэх Ерөөлт өөрийнхөө морины амыг доош нь татсан бол түрүүлсэн дөлгөөн халтрыг утсаараа хатгаж үргээж, цочоож байгаа нь бичлэгт үлдсэн байдаг.
Морин уралдааны эхний аравт орсон морьдын сэрвээний өндрийг хэмжих үед уяач эсвэл эзнийг нь байлцуулдаг.
Гэтэл дөлгөөн халтрыг хэмжихэд эзэн болон уяач нь байгаагүй. Шалтгаан нь хамгаалалт хариуцсан цагдаа оруулаагүй. Нэгэнт маргаан үүссэн тул дөлгөөн халтрыг уясан уяач Нямбаатар зохион байгуулах комисст өргөдөл өгчээ. Гэвч өргөдлийг хүлээн авсан ч хэлэлцэх хугацааг Монголын хурдан морины уралдааны дүрэмд заагаагүй тул хэлэлцэхгүй хугацаа алдсан.
Тодруулбал, Монголын хурдан морины уралдааны дүрмийн 26.10. Морь барианы маргаантай асуудлыг комиссын дарга, тухайн насны даамал, дэд даамал дуу, дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан эцэслэн шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд ингэж будлиан хутгах ажлыг Ерөөлт болон генерал цолтой Ганзориг гэх хүн гардан гүйцэтгэсэн гэх мэдээлэл бий.
Түмний нүдэн дээр түрүүлээд ирсэн хурдан хүлгийг дахин хэмжилтээр хасаж байгаа нь өмнөх амжилтуудыг нь үгүйсгэж байгаагаас өөрцгүй хэрэг юм.
Тодруулбал дөлгөөн халтар улсад соёолон түрүү, их насны морь болоод хоёр удаа aман xүзүү, энэ жил айргийн гуравт хурдалсан хурдан буян. Эдгээр амжилтуудыг гаргахдаа үргэлж хэмжилтэндээ тэнцсэн дөлгөөн халтар Их хурд-10-ын их насны уралдааны өмнө хэмжилтэд ороход тэнцсэн.
Харин уралдаад орж ирэхэд хэсэг бүлэг нөхөд ийнхүү будлиантуулсан нь олон нийтэд болоод уяачдад таалагдахгүй байгаа талаар цахим орчинд одоо ч шуугисаар байна.
Өөр морийг ахин дахин хэмжиж болоод байхад дөлгөөн халтрыг дахин хэмжихгүй байгаа нь ялгамжтай хандаж байгаа гэх хардлага төрүүлж, будлиан хутгасан хүний эрэлд гарах нь аргагүй биз. Хэрэв морины комисст морио уралдуулж байгаа хүн оруулсан бол ядаж хэмжилтийн үед нь өөр хүн оруулахгүй бол “эрх ашгийн зөрчил” үүсдэг гэдгийг олон жил морь уясан Монголын морин спорт уяачдын холбооны дарга цэрэг гэх сэтэртэй хүмүүс гадарлах л ёстой.
Уг нь олон нийтийн өмнө дахин хэмжилтийг хийчихсэн бол өнөөдөр бухимдаж, талцаж маргахгүй байв. Түрүүлж ирсэн түмэн эхээ хасна. Түрүүлж цэнгүүлсэн хүчит бөхөө хасна! Монгол өв соёл минь хаашаа л яваад байна даа...