Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

 

Ер нь бол, “Өнгөрсөн он жилүүдэд Монголын хөгжлийг чөдөрлөж, хэсэгхэн хүн хөлжиж, нийтээрээ ядуу бөгөөд харанхуй амьдрах “орчин”-ыг бүтээсэн буруутан нь МАНАН бүлэглэл” гэцгээдэг. МАНАН бүлэглэл гэдэг нь МАН, АН-д харьяалагддаг хүмүүсийн эрх мэдлийн нэгдэл гэсэн үг л дээ.

 

2018 оны арванхоёрдугаар сард МАН-ын анхан шатны байгууллагын дарга нар, МАН-ын дэргэдэх ТББ-ын төлөөллүүд “Бид МАНАН бүлэглэл, Шударга бусын хонгил гэж байдгийг харлаа. Компанийнхаа, бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө улс төрийн нам харгалзахгүйгээр хамтарч бизнес хийдэг, хамтарч хууль баталж, хамтарч улс төрд нөлөөлдөг МАНАН бүлэглэл байдаг юм байна” гэж байв.

 

2019 оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Хүмүүс МАНАН гэж юу юм бэ гэж асууж байна. МАНАН гэдгийн цаана Ц.Элбэгдорж байдаг. Ерөнхийлөгчийн суудал дээрээ МАН, АН-ыг холбосон, өөртөө хэрэгтэй, хөдөлгөж болох хүмүүсийг олж авч, барьцаалж Монголын төрийг самарсан хүн. Хоёр дахь хүн нь М.Энхболд. Энэ хоёр бол толгойлогчид нь. Тэдний гардан гүйцэтгэгч нь дандаа хууль хяналтын байгууллагынхан. Ц.Зоригт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр найман жил ажилласан. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр нууц шүүх хуралдааныг даргалсан. Д.Дорлигжав бизнесийн олон хүнийг дээрэмдэх ажлыг хийсэн. Түүний дараа М.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор тавьсан. Зохиомол хэрэг яаж явуулдгийг би өөрөө эдний дундуур явсныхаа хувиар мэдэж авсан. М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад Н.Ганболд НЦГ-ын дарга байсан. Хоёр толгойлогч нь нийлж байгаад Н.Ганболд, Б.Хурц нарыг АТГ-ын дарга, дэд даргаар томилсон. Мөн Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилсон. Э.Бат-Үүл бид хоёр найз. Бид хоёрын найзаас илүү улс орны эрх ашиг чухал. Э.Бат-Үүл МАНАН-гийн гар хөл болсон. 2016 онд сонгуулийн хуулийг битгий өөрчил, МАН-ынхны хийгээд байгаа юм гэхэд өөрчилнө гэсээр байгаад хийсэн. Э.Бат-Үүл Монголын нийгэмд маш их гай тарьсан. МАНАН бүлэглэл маш их мөнгөтэй учраас эдний өмнөөс үг хэлэх хүн байдаггүй. С.Эрдэнэ толгойлогч нарынхаа гарын үзүүрээр ажилладаг. Энэ бүлэглэл Ерөнхий сайдаар тоглоомын хүнээ л тавьдаг. Т.Бадамжунай бол хамаг бантангийн эзэн. Мөрийтэй тоглоомчин. С.Бямбацогт Ц.Элбэгдоржийг дагадаг хүүхэд. МАНАН бүлэглэлд нэг Ерөнхийлөгч, дөрвөн Ерөнхий сайд, бүлгийн дарга дөрөв, хоёр прокурор, нэг Ерөнхий шүүгч, ХЗДХ-ийн сайд нэг байна. Энэ бүлэглэл гурван аргаар асар их мөнгөтэй болсон. Лиценз дамлаж, Улаанбаатарын газрыг зарж, бизнесийнхнийг дээрэмдэж мөнгөжсөн. Бид энэ шударга бус байдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн байдаг.

 

2022 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Уул уурхай, тэр дундаа нүүрс тойрсон далд эдийн засаг, тэдний төлөөллийг хангасан улс төр, бизнес, хууль хяналтын байгууллагын бүтэн сүлжээ амь бөхтэй оршин тогтнож байна. Үүнийг л би нам дамнасан МАНАН бүлэглэл гэж томъёолж байгаа юм.

 

2024 оны дөрөвдүгээр сард Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Утсан хүүхэлдэй нь болохгүй залуучууд руугаа МАНАН бүлэглэлийн ах нар угаасаа байнга дайрч байдаг юм байна лээ. “Дүү чинь болъё” гэж очдоггүй байгаа шүү. Андуураад байгаарай. Сүүлийн хэд хоног нэг л зүйл их тодорхой уншигдлаа. Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газар энэ МАНАН системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлийн Засгийн газар байж мэднэ гэж гашуун бөгөөд үнэн үг” гэж байлаа.

 

Тэгвэл, 2021 оноос хүч алдаад байсан тус бүлэглэл төр, засаг солигд­соноор дахин сэргэх шинжээ оллоо.

 

Энэ Засгийн газрыг 100 хоноогүй байтал төрийн өмчит компани, тэр дундаа стратегийн ордуудад менежмэнт хийдэг компаниудын, шууд утгаараа стра­те­гийн ордуудын хувьчлал яригдаад эхэллээ.

 

Монголын төр, хууль хяналтынхан олон жил, маш их ажил болж байж нийтийн хөрөнгөд эргүүлэн нийлүүлж байсан “Эрдэнэт”, “Хөтөл”, “Дарханы төмөрлөг” зэргийг өмнө авсан эзэнд нь буцаах улс төрийн тохироо хөшигний ард хийгджээ. Асар их мөнгөн дүн ч яригдаж байна.

 

Б.Хурц хэвлэлээр яриад эхлэв. Араар нь, С.Зоригийг хөнөөсөн хэргийн илрүүлэлт дахин жонхуурав бололтой.

 

Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрт “эрх чөлөө” олгох шийдвэрийг шүүх гаргахаар зэхжээ. Ийм мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдлаа. Тэдний хүмүүс ч хоёр эрхмийг “Come back” гээд завсаргүй хэлж, бичиж байна. Шүүх эрх чөлөө олгож, тэд удахгүй Монголдоо ирэх бололтой.

 

Ухаахудагийнхан өөрсдийн “аранга” Засгийн газрын унасныг зургадугаар сараас хойш тэмдэглэлээ. Баяраа ч, аагаа ч багтааж чадахаа болив.

 

Энэ зуурт мөн Үндэсний баялгийн сангийн хуулийг өөрчлүүлэхээр нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Үр дүн нь, Ухаахудаг мэтийн ордууд одоогийн эзэддээ үлдэнэ.

 

Энэ мэтээр Монгол маш хурднаар хэдэн жилийн урьдах руугаа буцаж байна. Дахин асуухад, Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Товчхондоо, бүлэглэл буцаад сэргэлээ, энэ сайн уу, муу юу.

 

Б.БАЯР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин