Зарим шатахуун түгээх станцууд "АИ-92 дууссан" гэх бичиг нааж, жолооч нарт худалдаалахгүй байгаа юм. Харин оронд нь 2800 төгрөгийн үнэтэй евро 92 бензинээ шахаж байгааг иргэд хэлж байв.

Энэ асуудлаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас бензин шатахууны нөөцийн талаар тодрууллаа.

Тэрбээр "Монгол Улсын хувьд бензин шатахууны дийлэнх буюу 95 хувь орчмыг ОХУ-аас импортолдог. Энэ он гарснаас хойш наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 513 мянган тонн АИ-92 бензин, сард дунджаар 65 мянган тонныг импортолсон байна. Харин 1.117 сая тонн дизель түлш буюу сард дунджаар 145 мянган тонныг импортолсон байна. Энэ нь бусад газрын тосны бүтээгдэхүүнтэй нийлбэл Монгол Улс нийтдээ 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортолж, хэрэглэжээ. Манай байгууллага долоо хоногийн Мягмар, Баасан гаригуудад шатахууны импорт, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс тоон мэдээллийг авч, нэгтгэдэг.

Наймдугаар сарын 21-нд гаргасан мэдээллээр, улсын хэмжээнд АИ-92 авто бензин 35 мянган тонн буюу 18 хоногийн нөөцтэй бол дизель түлшний 95 мянган тонн буюу 26 хоногийн нөөцтэй байна.

Монгол Улс сард дунджаар 60 орчим мянган тонн АИ-92 бензин, 120-130 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Наймдугаар сард импортлогч аж ахуйн нэгжүүд ОХУ-аас 60 мянган тонн АИ-92 бензин, БНХАУ-аас 3000 тонн АИ-92 бензин, ОХУ-аас 130 мянган тонн дизель түлш захиалсан. Өнөөдрийн байдлаар шатахууны импорт хэвийн үргэлжилж байна.