Ж.Оджаргал: Тавантолгойн 96 хувийг төрдөө өгсөн. Үлдсэн 4 хувь буюу Ухаахудагийн өгөөжийг улс, түмэндээ өгсөөр байна
7 цагийн өмнө
М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын ярилцлагыг хүргэж байна
-20 жилийн өмнөх Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг өнөөдөртэй харьцуулбал та юу гэж тодорхойлох вэ?
Анх 2008 онд Цогтцэцийд ирж байхад хоёр мянган орчим хүнтэй, орой ирэхэд сумын төв нь хаана байгаа нь бараг харагддаггүй сум байсан. Тэр үеийн бидний төсөөлөл өнөөдөр биеллээ олж, өнөөдөр суурин 10 мянга, хөдөлгөөнт 20 мянган хүнтэй, хотын статустай болсон говийн гурван сумын нэг болтлоо хөгжсөн байна.
Тэр үед бид “дэлхийн стандартад нийцсэн уул уурхайн цогцолбор, аж үйлдвэрийн Ухаахудаг цогцолбор барья” гэдэг мөрөөдөл, зорилготойгоор ажлаа эхэлж байсан. Эргээд харахад бид төмөр замаас бусдаар, зорьж байснаа бүгдийг нь гүйцэтгэж чадсан.
Эхний ээлжинд бид цахилгаан станц барьж байсан. Говьд аль болох бага ус хэрэглэх ёстой учраас хуурай хөргөлтийн технологитой станцыг манай монгол инженерүүд өөрсдөө барьсан. Монголд одоо ажиллаж байгаа бусад цахилгаан станцаас 4-5 дахин бага ус хэрэглэдэг станцыг маш богино хугацаанд барьж, Цогтцэций сум, аж үйлдвэрийн цогцолбороо тог, цахилгаантай болгосон. Мөн баяжуулах үйлдвэр маань ашигласан усныхаа 97 хувийг нь дахин ашигладаг технологи нэвтрүүлсэн.
Хамгийн гол нь хүмүүсийг тогтвор суурьшилтай, тухтай ажиллуулах зорилт тавиад бүтээн байгуулалтуудаа хийсэн. Ингээд 2013 онд 600 айлын орон сууц бүхий Цэций хорооллыг барьж, ашиглалтад оруулж байсан. Саяхан 150 айлын орон сууц ашиглалтад орлоо. Удахгүй ахиад 150 айлын орон сууц барихаар төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар Энержи Ресурс компани 2500 гаруй үндсэн ажилтантай, үүний 40 хувь нь орон нутгийн иргэд. Шууд болон шууд бусаар нийтдээ 7500 орчим хүн ажиллаж байна.
Монголын өнцөг булан бүрээс хүмүүс цуглаад Цогтцэций 10 мянган суурин хүн амтай том сум болчихлоо. Тиймээс орон нутагт хүүхдүүдийн сургууль, чанартай боловсролыг бид өөрсдийн чадах түвшинд бүтээе гэж “Мөрөөдөл” сургуулийг барьж байсан. “Орчлон” сургуулийн захирлыг урьж, стандарт, суурийг нь сайн тавьж өгсөн. “Мөрөөдөл” сургууль хэдэн жил дараалж хөдөө орон нутаг дахь улсын шилдэг сургалт сайтай сургууль болж байсан юм.
Мэдээж Цогтцэций сум том болсон учраас эмнэлэг бас хэрэгтэй. Иймд бид Интермед эмнэлгийн клиник салбарыг нээсэн. Бас л хөдөө орон нутагт байхгүй эмнэлгийн салбар гэж хүмүүс ярьдаг гэсэн.
Мөн бид авто замыг хамгийн хурдан хугацаанд барьсан. Хүмүүс мартчихдаг юм. Тэр үед засмал замгүй, тэнгэр газар нийлж байгаа юм шиг шороо босдог байсан. Тийм учраас бид жил хагасын дотор асар олон үндэсний зам барьдаг компаниудыг зохион байгуулж, маш богино хугацаанд засмал зам барьсан. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс, жижиг Тавантолгой гээд Тавантолгойн бүлэг ордоос гарч байгаа бүх экспорт бидний тавьсан засмал замаар л явж байгаа.
Мэдээж энэ их бүтээн байгуулалтад том хөрөнгө оруулалт шаардана. Дотоодын банкнаас зээл аваад хийнэ гэж байхгүй учраас гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай болсон.
Ингээд бид олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах ажлаа эхлүүлж, Монголын үндэсний компаниудаас анх удаа Энержи Ресурс компани “mainboard” гэж хэлдэг олон улсын хөрөнгийн зах зээлд гарч чадсан. Эхний ээлжинд хөрөнгийн биржээс 600 сая ам.доллар босгосон нь түүхэнд байгаагүй том хөрөнгө оруулалт болсон.
Тухайн үед Монголын үндэсний компани Ухаахудаг гэдэг аж үйлдвэрийн цогцолборыг бүгдийг нь хийж байгуулна гэхэд хөрөнгө оруулагчид эргэлзэж байсан байж магадгүй.
Олон улсын хөрөнгийн бирж дээр гарах нь “тамирчны ялалт амаргүй” гэдэг шиг тийм амар зүйл биш. Бид Европ, Америк, Азийг бүтэн нэг жил тойрч, асар олон хөрөнгө оруулагчидтай уулзаж, өөрсдийгөө таниулах, итгэл татах ажлыг хийсэн. Тэгж байж олон улсын бирж дээр амжилттай хөрөнгө босгосон.
Тэдгээр хөрөнгө оруулагч зөвхөн Оджаргалд ч юм уу, М-Си-Эст ч юм уу, Энержи Ресурст гэж итгэхээсээ илүүтэйгээр “Монголчууд хариуцлагатай уул уурхай үнэхээр хийж чадах уу, тайлангаа ил тод тавьж чадах уу” гэдгийг харсан. Ер нь Монгол Улс хөрөнгө оруулагчдад хэр ээлтэй юм бэ? Монгол Улс итгэл даах орон мөн үү, улс төрийн тогтолцоо, хүн ард, орон нутаг нь хөрөнгө оруулалтыг үнэхээр хүсэж байгаа юм уу? Улс орондоо хэрэгтэй, ард түмэндээ хэрэгтэй, хөрөнгө оруулагчдадаа бас хэрэгтэй, бүгдэд нь үр өгөөжөө өгсөн аж үйлдвэрийн цогцолбор болгож чадах уу гэх зэрэг олон үндэслэлийг харж байж, бидэнд итгэл үзүүлсэн хэрэг. Энэ нь хөрөнгийн биржээс хөрөнгө амжилттай босгох амжилтын гол түлхүүр нь гэж боддог. Бид ч бас хэлсэндээ байж, итгэлийг нь дааж, хэлсэн бүх ажлаа цаг хугацаанд нь хийсэн.
Техникийн, хуулийн, байгаль орчны, санхүүгийн гээд бүх чиглэлээрх тайлангаа хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангахуйц байдлаар тавина. Тэр утгаараа “Компанийн засаглал нь ямар вэ”, “ТУЗ нь яаж ажилладаг вэ” гээд олон улсад шаарддаг бүх стандартын өндөр шалгууруудыг бид хангаад явж байгаа гэсэн үг.
Корпораци, аж ахуйн нэгжүүд, бизнесүүдэд тавих шаардлага улам л нарийсаж байна. Ялангуяа дэлхийн дулаарал, нүүрсхүчлийн хийг яаж багасгах вэ? Компани, аж ахуйн нэгжүүд нүүрсхүчлийн хийг бууруулахын тулд юу хийж байна, хэчнээн тонн нүүрсхүчлийн хийг бууруулж байна гээд бүгдийг нь хэмжиж, тайлагнах ёстой, усаа дахин ашиглах, хотын цэвэрлэгээнд зориулах гэх мэтчилэн улам нарийн шаардлагатай болж байна. Энэ бүх шаардлагыг хангасан компанийг л сайн засаглалтай гэж дүгнэдэг болсон. Бид дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд эдгээр нарийн шаардлагуудыг хангахын төлөө, компани болгон дор дороо ажлаа сайн хийх ёстой гэж бодож хийсээр байна.
ХУУЛЬД ЗААСАН 50 ХУВИАС ДАВУУЛЖ, ТАВАНТОЛГОЙН 96 ХУВИЙГ ТӨРД ӨГСӨН
-Сүүлийн үед танай компанийг Ухаахудагийг хууль бусаар өмчилсөн гэсэн мэдээ гарч байсан. Та үүнд дээр товчхон тайлбар хэлж болох уу?
Ухаахудаг анхнаасаа л хууль журмын дагуу, хууль ёсны дагуу гэрээ нь хийгдээд явсан төсөл. “Ухаахудаг бол хууль бус” гэдэг огт худлаа, зохион байгуулалттайгаар харлуулах үйл явдал саяхан болсон.
Үүнд хоёр асуудлыг хэлэх нь зөв байх.
Нэгдүгээрт, лицензийн түүх. Хоёрдугаарт, Засгийн газартай ямар гэрээ хэлэлцээр, хэзээ, яаж хийгдсэн гэдгийг хэлэх нь зөв байх.
Энержи Ресурсийн өнөөдөр эзэмшиж байгаа Ухаахудаг бол Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг байсан. Тавантолгойн бүлэг орд буюу зургаан лицензийг анх 1998 онд дэлхийн хамгийн том уул уурхайн Австралийн BHP компани аваад “эдийн засгийн үр өгөөжгүй юм байна” гээд буцаагаад өгсөн байдаг юм.
Үүний дараа 1999 онд тэр үеийн “Майн Инфо” гэж Монголын үндэсний компани энэ лицензийг хууль номын дагуу авсан байдаг. Тухайн үед хуулиараа хэн өргөдлөө өгсөн нь авдаг хууль дүрэмтэй байсан.
Ингээд 2005 онд Энержи Ресурс гэж компани байгуулагдаад, 2007 онд үндэсний компаниудаа урьсан байдаг юм. М-Си-Эс 2007 онд эхлээд “Энержи Ресурс” компанид 1 хувь эзэмшихээр орсон байдаг юм.
Ингэж “Энержи Ресурс” компани Тавантолгойн бүлэг ордын лицензийг гаднынханд алдалгүй хадгалж, Тавантолгойн ордод 2007 онд үндэсний компаниудыг урьсан түүхтэй. Тухайн үед Петровис, Шунхлай, Моннис гээд 14 компани хамтарч, төсөв, тооцооллыг нь хийж 2008 онд түрүүнд хэлсэн бүтээн байгуулалтуудаа эхэлсэн юм. Лицензийн түүх нь ийм.
Харин 2006, 2007 оны үед Ашигт малтмалын тухай хууль батлагдаж, Тавантолгойн бүлэг ордыг “Стратегийн орд” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл гүтгэж байгаа талынхны ярьж байгаа шиг Ухаахудаг гэж стратегийн орд ерөөсөө байхгүй. Тавантолгойн бүлэг орд нь өөрөө стратегийн орд юм.
Тухайн үеийн хуулиараа төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг хувийн хэвшилтэй хамтарч эзэмшвэл 50 хүртэлх хувийг төр эзэмшинэ гэдэг хууль гарсан. Ингэж 2007 оны хавар, тухайн үеийн Засгийн газар хэлэлцээр хийе гэж эхэлсэн. Тэгээд хэлэлцээр хийж “86 хувийг төр авъя, 14 хувийг нь та нар буюу үндэсний компанийн консорциум ав” гэсэн.
Удалгүй дараагийн С.Баярын Засгийн газар гарч ирээд “Бид хамтармааргүй байна. Төр тусдаа баймаар байна. Гэхдээ ахиухан хувь авмаар байна” гээд дахин хэлэлцээр хийсэн. “Та нарын, хувийн хэвшлийн эзэмшиж байгаа лиценз нь Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн өмч бол мөн юм байна. Гэхдээ хуулийнхаа дагуу төр ахиухан хувьцаа эзэмшээд явъя. Гэхдээ өмнөх Засгийн газрынх шиг 86:14 хувиар хамтармааргүй байна. Бид тусад нь тодорхой хэсгийг томоор нь, хамтралгүйгээр эзэмшье” гэж хэлэлцээр хийж эхэлсэн. Ингээд дөрвөн сарын турш есөн удаа хэлэлцээр хийсэн. Тэрний протокол, тэмдэглэл нь Уул уурхайн яаманд бүгд байх ёстой.
Ингэж есөн сарын турш хэлэлцээр хийгээд тухайн үеийн Хууль зүйн яам, Уул уурхайн яам, Төрийн өмчийн бүх талууд нь оролцоод, эцсийн дүндээ “бид нар 96 хувийг нь авна, та нар 4 хувийг нь ав” гэдэг дээр тохирсон юм.
Хүмүүс гол өрөм нь Ухаахудаг гэж худлаа мушгидаг юм. Түүн шиг худлаа юм байхгүй. Гол том өрөм нь Цанхи юм. Энийгээ төр авна гэсэн. Эрдэнэс Тавантолгойн өнөөдөр эзэмшиж байгаа баруун, зүүн Цанхид өнөөдөр их том уурхай явж байгаа.
Уг нь хуулиараа 50:50 буюу 50-иас илүүгүйг төр авах ёстой байсан юм. Гэхдээ хэлэлцээр хийж явсаар “За ерөөсөө Ухаахудагийг та нар ав. Үлдсэн 96 хувь буюу таван ордоо төр авна” гэсэн. Тэр үйл явц бүгд нээлттэй болсон, бүх протокол нь байгаа.
Тухайн үед гадаад, дотоодын компаниудаас ч зөндөө санал ирж байсан. Оросын компани ч тэр, Хятадын компани ч тэр “Тавантолгойгоо бидэнд зарчих” гэдэг саналыг маш их тавьсан. Тэр үедээ зарчихсан бол өнөөдөр Эрдэнэс Тавантолгой гэж байхгүй. Гэхдээ гадаадын компани хэцүү шүү дээ. Иймд бид төрд өгсөн. Үүгээрээ бахархдаг.
Товчхондоо, Монгол Улсын эдийн засагт хамгийн том Эрдэнэс Тавантолгойн ордыг үндэсний хувийн хэвшлүүд эрсдэлээ гаргаад, лицензийг нь төлөөд, төрөөс шаардаж байсан хайгуул, бүх юмыг нь хийгээд хадгалж байсан. Хадгалж, хадгалж байгаад бид 96 хувиа төрд өгсөн юм. 96 хувийг өгсөн гэдгийг Үндэсний аудитын газар шалгаад “бүх зүйл нь хууль зөрчөөгүй, сайн гэрээ болжээ” гэсэн дүгнэлт гаргачихсан. Бид гаргаагүй, Үндэсний аудитын газар гаргасан шүү дээ.
Энэ гэрээ бүх юм нь ном дүрмийн дагуу явсан учир бид цаашаа хөрөнгөө босгоод, олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаад, 4 хувийнхаа үнэ цэнийг нь өсгөж, ажлаа, бүтээн байгуулалтаа хийгээд, татвар төлөөд л явж байгаа.
УИХ-аар батлуулаагүй тухай асуудал дээр биднийг хууль бусаар авсан гэж харлуулаад байх шиг байгаа юм. Тухайн Засгийн газрын манайхтай хийсэн гэрээг УИХ-д өргөн батлуулах ёстой байсан уу, үгүй юу гэдгийг хэлэх субъект нь бид биш. Тэрийг төр засгийн хүмүүс л мэдэх, бас хэлэх ёстой биз дээ.
Ийм түүхтэй лицензийг “хуйвалдаж, хууль бус авсан” гэх мэтээр огт худал зохиол бичиж мэдээлэлгүй хүмүүсийг төөрөгдүүлж, биднийг гүтгэсэн ийм л үйл явдал хавар болж өнгөрлөө.
Олон улсын хөрөнгийн бирж дээр байгаа хөрөнгө оруулагчид бидэнд, Монгол Улсад итгэж хөрөнгө оруулсан шүү дээ. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах хэцүү, эвдэх амархан. Нэг хаврын улс төрөөр энэ итгэлийг эвдэж болохгүй шүү дээ.
Энэ хөрөнгө оруулалтыг хийсэн олон улсын хөрөнгө оруулалтын сан, хүмүүс бүгд асар олон хуульчидтай ажилласны үндсэн дээр “бүхлээрээ маргаангүй юм байна”, “энэ Ухаахудаг чинь хууль, номын дагуу байна”, “огт хууль зөрчөөгүй юм байна” гэж энэ хөрөнгө оруулалтыг дэмжиж, Ухаахудаг гэдэг аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгө оруулалтыг нь хийе гэж шийдвэрээ гаргасан.
Энержи Ресурс нээлттэй компани учраас бүх мэдээлэл нь байгаа.
М-СИ-ЭС 60-70 МЯНГАН МОНГОЛ ХҮНИЙ АЖИЛ АМЬДРАЛЫГ ЗАЛГУУЛЖ БАЙНА
-Олны дунд үе үе тархдаг үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэлд та бүхэн яагаад тухай бүрт нь тайлбар өгдөггүй юм бэ?
Манайхыг улс төрийн хэрүүлд зориудаар хутгаж, үймүүлэхээр “та нар дуугараач” гээд байдаг юм. Манай компанийн залуучууд хүртэл тэгдэг. “Манай захирлууд хэтэрхий ноомой, дуугүй юм. Аливаа зүйлд чинь хэмжээ хязгаар байх ёстой шүү дээ. Ингэж доромжлуулж байхаар өөрсдөө гарч хариу өгье, дуугаръя” гэдэг.
М-Си-Эс Группт 14,000 хүн ажилладаг. Тэдгээрийн цаана 60-70 мянган хүний ажил, амьдралыг залгуулж байна. 2024 оны байдлаар манайд 8000 гаруй дотоодын аж ахуйн нэгж, хувь хүн бараа, үйлчилгээ нийлүүлдэг юм билээ. Энэ нь манай нийт худалдан авалтын 90 хувь. Бид аль болох дотоодоосоо ажил, үйлчилгээ авахыг эрмэлздэг.
Нийт хамт олны нэр хүндийг ингэж унагаад байхад дуугарахгүй байхаар хэтэрхий даруухан байна, ноомой байна гээд байгаа. “Номхон тэмээг ноолоход амар” гэдэг нь болж байх шиг. Одоо бид “ноолуулж” болохгүй юм байна, дуугарах ёстой юм байна, хууль, дүрэм, журмын дагуу ажиллаж байгаагаа ярьж, хэлж байхгүй бол хүмүүс буруу ойлголт авах юм байна гэж үзэж байгаа. Бид хийгээд л байдаг, тэрийгээ харин ярьдаг болох ёстой юм байна гэдгийг ойлгож байгаа.
Сошиалаар ингэж манай компанийн нэр хүндийг унагах, эсвэл намайг харлуулах зорилготой хүмүүс байх шиг байна. Гэхдээ ямар зорилготой, ямар ашигтай болоод ийм зүйл хийгээд байдгийг нь ойлгодоггүй. Асар их мөнгө зарж, сошиалаар худал мэдээллээ хүмүүсээр яриулаад л байх шиг байна. Бид үүнийг ердөөсөө ойлгохгүй байгаа. Бид өмнөх ажлаа хийгээд л завгүй явж байгаа.
Бидний харж байгаагаар Монгол Улсад 3,5 саяулаа, бүгдээрээ л сайн сайхан амьдрахыг хүсэж байна. Тэгэхийн тулд яах хэрэгтэй вэ гэвэл бүгд урд урдах ажлаа хийх хэрэгтэй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бид бол энэ уурхайг яаж зогсоохгүй байх вэ, яаж Монгол Улсдаа хөрөнгө оруулалт татах вэ гэдгээ анхаарна.
АМНАТ гэж хамгийн том татвар байна. Хувийн хэвшлийнхэн бид үүнийгээ төлөөд явахаа л бодно шүү дээ. Бидний төлж байгаа татвар хаашаа очиж байгаа юм. Эмч, багш, сувилагч, цагдаа, хил хамгаалж байгаа, Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж байгаа бүх л төрийн хүмүүсийн цалин хөлсийг тавьж байгаа шүү дээ.
Гэтэл үүнийг зогсоохыг хүсээд байгаа юм уу. Энэ татварыг тасалдуулахыг хүсээд байдаг юмуу, мэдэхгүй. Бид тэглээ гээд үйл ажиллагаагаа зогсооно ч гэж байхгүй, айна ч гэж байхгүй.
Би бас бодсон юм. Ямар учиртай, яагаад ийм их мөнгө зараад, ямар ач холбогдол байгаа болоод ийм ажиллагаа явуулаад байдаг юм бол гэж.
Монголын нүүрсийг хямдхан аваад цаашаа зарах гэсэн Хятадын худалдааны компаниуд байдаг. Олон жилийн өмнөөс л байсан. Сүүлдээ “тэд ингээд санхүүжүүлээд байдаг юм болов уу”, “Хятадуудын бас оролцоо байдаг юм биш байгаа”, “тэдний гар хөл болсон хүмүүс их мөнгө зараад байдаг юм болов уу” гэж ч бодсон. Түүнээс биш Ухаахудагийн өгөөжийг Өмнөговийнхон бүгд мэдэж байна, Цогтцэцийнхэн ч бүгд мэдэж байна. Анхнаасаа л бид энийг хууль, номын дагуу хийж энэ олон хүн аж амьдралаа залгуулаад явж байна. Үүнийг харлуулж, зогсоох, хууль бус болгож харуулах сонирхол нь юу юм бол гэж гайхдаг.
ЭНЕРЖИ РЕСУРС 2,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛСӨН. ҮҮНИЙГ АРД ТҮМЭНД ӨГӨӨЖТЭЙ, ЗӨВ БАЙЛГАХ НЬ ТӨР ЗАСГИЙН АЖИЛ
-Бид байгалийн баялгийн үр өгөөжийг хэрхэн зөв хүртээх тал дээр маш их маргалддаг. Энэ талаарх таны бодол?
Газрын доор байгаа баялаг бол ард түмний өмч. Үндсэн хуульд ч тэгээд заачихсан байгаа. Үүнийг зөв менежментээр баялаг болгож, ард түмэнд өгөөжийг нь яаж өгөх юм бэ гэдэг нь л харин гол асуудал шүү дээ.
Энэ газар доор байгаа баялгийг хөрөнгө оруулалт хийж, мөнгө зарж, технологи нэвтрүүлж байж, газар дээр гаргаж, зах зээлд хүргэн зарж байж “юм” болно доо. Тэрнээс биш газар доор байгаа юмыг баялаг гэж хэлээд байвал тэр мөнгө нь хаанаас орж ирэх юм бэ?
Газрын баялаг бол ард түмнийх. Ухаахудагийн доор байгаа нүүрс бол ард түмнийх байхгүй юу. Үүнийг ашиглах эрх гэдэг нь лиценз гэдэг зүйл. Үүнийг хууль номын дагуу хувийн хэвшил эзэмшиж болдог.
Ард түмэндээ өгөөжтэй байна гэдэг асуудал бол хүн ойлгоход хэцүү зүйл огт биш. Бид 2009 онд уурхай эхэлснээс 2024 оны эцэс хүртэл, 15 жилд “энэ төслийн үр өгөөж нь юу байв? Ард түмэнд юу өгөв?” гэдгийг тооцож үзсэн юм.
Бид 15 жил ажиллахдаа долоон жилд нь алдагдалтай ажилласан байдаг. Гэхдээ дунд нь зогсоогүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, найман жил нь ашигтай ажилласан. Нүүрс чинь үнэ нь унадаг. Заримдаа ашигтай ажиллана, заримдаа алдагдалтай ажиллана. Алдагдалтай ажиллалаа гээд зогсоочихвол улсад ордог татвар зогсчихно. Зах зээл уначихлаа, алдагдалтай яваад байна гээд ажиллаж байгаа хүмүүсээ тараачихвал тэр хүмүүс маань Солонгос яваад өгнө биз дээ. Тэгээд тэр олон бэлдсэн мэргэжилтэй хүмүүсээ бид яаж, хаанаас буцааж олох юм бэ? Хэцүү шүү дээ.
Бид бүх төрлийн татвар төлж байгаа. Энэ 15 жилийн хугацаанд нийт дүнгээр 2.6 их наяд төгрөг төлсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, татвар байдлаар бид ард түмэнд 2.6 их наядыг өгсөн. Энэ төслийг хэрэгжүүлээд, алдагдалтай ч явж байсан, ашигтай ч явж байсан ч бид бүх татвараа төлж байсан. Нээлттэй компани учраас энэ бүх тооцоо, бүх юм ил тод.
Хөрөнгө оруулагчид ч мөн ямар ашигтай байж вэ гэдгийг харна шүү дээ. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдаас хуримтлагдсан дүнгээр 1.3 их наяд төгрөг цугларсан байдаг. Энэ мөнгөө бид буцаад бүтээн байгуулалт хийхээр зээл авч, бонд босгосон байдаг. Яг хөрөнгө оруулалт хийгээд “зээлээ төлнө дөө, ашиг хийнэ дээ” гэж байтал нүүрсний үнэ уначихдаг. Гэтэл хүү, хүүгийн хүү гэх мэт зээлүүдээ төлж, дахин хөрөнгө оруулалт шаардагддаг. Энэ том аж үйлдвэрийн цогцолборт юм эвдэрнэ, машин, механизм солино гээд байнга л мөнгө шаардана. Энэ хөрөнгө оруулагчдаас цугласан мөнгөөр бид зээл авч, бонд босгож, бүтээн байгуулалтууддаа хөрөнгө оруулалт хийж явсаар байгаад одоог хүртэл нэг ч ам.долларын ашиг хуваарилаагүй.
Өөрөөр хэлбэл, энэ хоёр тоог харьцуулбал 70:30 байгаа биз дээ. Бид Ухаахудаг төслийн өгөөжийн 70 хувийг ард түмэнд өгчихсөн, 2.6 их наядаар нь өгсөн, одоо ч өгсөөр л байгаа. Биднийг харлуулах гэсэн, нэр хүндийг гутаах гэсэн хүмүүс л “М-Си-Эс уул уурхайгаас ингэсэн, тэгсэн” гэж худлаа мушгиад байгаа. Бид Ухаахудагаас нэг ам.долларын ч ашиг аваагүй. Адилхан манай гадаад хөрөнгө оруулагчид ч аваагүй. MMC буюу хөрөнгийн бирж дээр байгаа компанийн 30 хэдэн хувийг л М-Си-Эс эзэмшдэг. Бусад эзэмшигч нар нь маш олон гадаадын нэр хүндтэй байгууллагууд байдаг. Монголчууд ч бас байгаа. Эзэмшиж байгаа нь монгол хүмүүс байдаг. Бид асар их татвар төлж байгаа. Энэ татварыг л яаж зөв зүйлсэд, ард түмэнд өгч, мэдрүүлэх ёстой вэ гэдгийг л манай УИХ, Засгийн газар, улстөрчид хийх ёстой шүү дээ.
ГАЗАР ДООР БАЙГАА ЮМЫГ БАЯЛАГ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙВАЛ МӨНГӨ НЬ ХААНААС ОРЖ ИРЭХ ЮМ БЭ?
-“Өнгөрсөн хавар өрнөсөн жагсаал цуглааныг М-Си-Эс санхүүжүүлсэн үү?” гэдэг асуултын хариултыг олон хүн сонсохыг хүсэж байгаа байх?
Энэ дахиад л харлуулах зориулгатай юм билээ. “Яаж М-Си-Эс-ийг харлуулах вэ, ингэж гүтгээд байвал хүмүүс итгэх юм байна” гэж боддог юм уу.
Бид зүгээр ийм л юм бодоод байдаг юм. Нэгдүгээрт, М-Си-Эс улс төртэй огт хамаагүй. Бид татвараа төлөөд явна. Мэдээж улстөрчид бизнесийн эрх зүйн орчныг зөв тогтоогоосой, хөрөнгө оруулалтыг татах, татварын орчныг аль болохоор эрүүл, аль болохоор эдийн засагт ашигтай байлгахын төлөө зөв хууль, эрх зүйн орчин бүрдүүлээсэй гэж хүсэж байгаа.
Тэр ч утгаараа сонгуулийн хандиваа ил тод өгсөн. Англи ч бай, Америк ч бай бүх л оронд тийм байгаа. Бүх ААН, том корпораци ил тод хандив өгч байдаг. Бид үүний жишгийг тогтооё гэж бодож байгаа.
Хүн бүр л мэдэж байгаа байлгүй. Хөдөө орон нутагт, сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс асар их мөнгө зарцуулж байгаа. Тэгвэл тэр их мөнгөний эх үүсвэр ил тод биш, нууцаар явах ёстой юм уу. Үүнийг хүсээд байдаг юм уу. Бэлэн мөнгөөр асар их мөнгө зарж байгаа. Тэр их үүсвэрийг яагаад ярихгүй байгаа юм бэ? Яагаад бидний ил тодоор өгсөн, түүнийгээ ил тод тайлагнасан мөнгийг ингэж харлуулж, буруутгаад байгаа юм бэ. Ил тод явж байгаагаа ингэж буруутгаад байвал далд, бохир мөнгөний эх үүсвэрүүд нь бүр нуугдах аюултай шүү дээ.
Бид үнэхээр ард түмнийхээ төлөө ажиллах байх гэсэн хүмүүст ард түмнийхээ төлөө сайн ажиллаарай гэж хандив өгсөн. Түүнээс биш бид эргээд нэг ч удаа ямар нэгэн зүйл гуйж үзээгүй. Тааралдвал бизнесийн эрх зүйн орчин, татварын орчныг аль болохоор эрүүл байлгаарай л гэж хэлэх байх.
Ийм зүйлсийг л их харамсалтайгаар мушгиж, сүүлдээ “төр засгийг унагах гэж байна”, “жагсаалыг санхүүжүүлж байна” гэж ярьж байгаа юм. Бид жагсаал санхүүжүүлэх байтугай жагсаал яг ямар учиртай, юу болоод байгааг хэзээ ч мэдэж, сонирхож байгаагүй. Мэдэх ч үгүй.
“М-Си-Эс троллтой” л гэнэ, баахан л зүйл бичдэг. Биднийг их завтай, сошиалд баахан хүн суулгаж юм бичүүлээд, хүн муулаад, хэрүүл хийгээд байдаг хүмүүс гэж бодоод байгаа юм. Бидэнд тэгж байх зав ч байхгүй, сонирхол ч байхгүй. Бидэнд тийм хүн хүч, боловсон хүчин ч байхгүй. Тролл гэж юм юу ч байхгүй. Нийгэмд мэдээлэлгүй байгаа хүмүүсийг ингэж төөрөгдүүлэх нь сөрөг үр дагавартай гэж бодоод байгаа юм.
Зочин · 1 цагийн өмнө
SAWN80955877
Зочин · 2 цагийн өмнө
үнэхээр монголын төлөө гэсэн сэтгэлтэй толгойтой хүн гэж боддог компанийн хүмүүсээ болон бусад ажиллагсадаа анхраал халамжтай зөв хүн дээ монголчуудын төлөө сайн үйлс хийж байгааг бид ойлгоно ийм л шилдэг компанийн толгойтой хүмүүс монголыг хөгжүүлнэ амжилт хүсье
Зочин · 4 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 6 цагийн өмнө
SEKSEER JARGAAN80955877
Зочин · 6 цагийн өмнө
hudalch hulgaich engej thag ureh yum da
Зочин · 6 цагийн өмнө
ALNI SEXSEER80955877UILCHLEED
Зочин · 7 цагийн өмнө
BOOB XXOJ TAWIYYLI ANUSN80955877