Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.

Энэ жил халаалтыг хэзээ холбох болон дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил дууссан эсэх талаар "УБДС" ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргалаас тодруулахад "ДЦС-3-ын халаалтын сүлжээг өнөөдөр залгаж байна. "Амгалан" ДЦС-ын сүлжээг Даваа гарагт залгана.

Есдүгээр сарын 15-наас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон хүсэлт гаргасан ААН, байгууллагын халаалтыг залгана.

Дулаанаар хангах гэрээг байгуулахдаа орон сууцны конторууд болон ААН, байгууллагыг өр төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл төлбөрийн үлдэгдэлтэй бол гэрээ байгуулахгүй. Улаанбаатар хотод хувийн 50 орон сууцны контор, Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрын/ОСНААУГ/ хэрэглэгчдэд үйлчлэх төв 19 бий. Орон сууцны конторууд нь оршин суугчдаас авсан төлбөрийг "УБДС" компанид төвлөрүүлдэг юм. 

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн хувьд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн замын эсрэг талд 11Г магистрал шугамыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар өргөтгөх ажил үргэлжилж байгаа. Есдүгээр сарын 26-н гэхэд уг ажил дуусах байх. Үндсэн шугамыг өргөтгөж байгаа тул засвараас хамаарахгүйгээр халаалтыг залгана" хэмээн хэллээ.

Харин ОСНААУГ-аас халаалт залгах үеэр буюу есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд гэртээ хүн байлгахыг зөвлөжээ.