УИХ-ын 2024 оны сонгуульд АН ялагд­сан. Энэ хүрээнд, тус намын бүтцүүд хурал­даж, 2025 оны наймдугаар сарын 31-нд намын шинэ даргаа сонгосон. Дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ялсан.

Улмаар, түүнийг АН-ын даргаар бүртгүүлэх өргөдлийг АН-ын өмнөх дарга Лу.Гантөмөр нь 2025 оны есдүгээр сарын 3-нд Дээд шүүхэд гаргасан. Шүүхийн тухай хуулийн 25.8.8-д заас­наар Дээд шүүх нь улс төрийн намыг бүрт­гэх, бүртгэхээс татгалзах, идэвхгүй бо­лон идэвхтэйд тооцох, татан буулгах, тамга тэмдгийн хяналтын, регистрийн, хувийн хэргийн дугаар, гэрчилгээ олгох, хү­чингүй болгох, эдгээртэй холбогдсон бүрт­гэл болон намын нэрийн сан хөтлөх, лав­лагаа олгох эрхийг хэрэгжүүлдэг. Харин, өнөөдрийг хүртэл Дээд шүүх уг асуудлаар хуралдаагүй, тов нь га­раа­гүй байна. Зарим эх сурвалжийн мэдээл­лээр, Дээд шүүх АН-ын даргын асууд­лыг шийдэхээс өмнө тус нам до­тооддоо дахин нэг сонгууль явуулж ма­гадгүй байна. Тодруулбал, АН-ын ген­секийг шинээр сонгох бололтой. Тэ­рээр генсекээ өөрчилсний дараа намын даргаар бүртгүүлэх бололтой. Өдгөө, тус намын генсекээр УИХ-ын ги­шүүн асан Н.Ганибал ажилладаг. “...О.Цогтгэрэл АН-ын дарга болохдоо “Нэг Монгол” фракцад харьяалагддаг ген­секийг өөрчлөхгүй гэж тохирсон” гэдэг яриа улс төрийн хүрээнд гарсан. Гэхдээ, нэгэнт нөхцөл байдал ийм болж байгаа бол АН шинэ ойрын үед шинэ ген­сектэй болох магадлал өндөр гэсэн үг.

Одоогоор, генсект өрсөлдөж магадгүй хү­мүүсээр С.Баярцогт, М.Мөнхжаргал, Б.Ганибал, М.Чимэддорж, Д.Ган-Очир, Б.Мөнхболор,  нарын нэр тус АН-ынхан дунд яригдаж байна. Гэхдээ, “...Хэн генсек болох вэ” гэдэг дээр АН-ын дарга О.Цогтгэрэлийн шийдвэр жин дарах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин