Н.Сайнзаяа: Бид жолооны багш болохоос ЕБС, цэцэрлэгийн багш биш шүү дээ
1 цагийн өмнө

“Цавчил хайрхан” авто сургалтын төвийн захирал Н.Сайнзаяатай жолооч нарын ёс зүйн асуудлын талаар ярилцлаа.
-Нийгэмд жолооч нарыг ёс зүйгүй байна гэх шүүмж багагүй өрнөдөг. Энэ талаар тодруулбал?
-Замын хөдөлгөөн, жолооч нарын ёс зүйн асуудал бол нийгэмд тасралтгүй яригддаг, дунд хэмжээний сэдэв шүү дээ. Гэхдээ том зургаар нь харвал, манай жолооч нарын ёс зүй сайжирч байгаа. Өмнө нь бараг ёс зүй гэдэг үг мэддэггүй тийм л харанхуй, бүдүүлэг байлаа шүү дээ. Нийт жолооч нарын 85 хувь нь тун дажгүй харилцааны соёлтой болчихсон байгаа. Үлдсэн хэдхэн хувь нь алдаа гаргадаг байх. Бүдүүлэг, дээрэнгүй өнгө аясаар замын хөдөлгөөнд оролцож байгаа дүр зураг анзаарагддаг. Гэхдээ үүгээр бүх жолооч нарыг дүгнэж болохгүй. Мөн нөгөө талд жолооч нарын ёс зүй, харилцааны соёл гэж ярих нь өөрөө дутагдалтай.
Өөрөөр хэлбэл, жолооч нарын соёл, ёс зүй гэсэн тусдаа зүйл байхгүй. Энэ бол тухайн хүний хүмүүжил, өссөн орчин, боловсролын түвшнээс л шалтгаалах асуудал. Замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх жолооч насанд хүрсэн хүмүүс шүү дээ.
-Та сая жолооч нарын ёс зүй сайжирч байгаа гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Нэгдүгээрт, монголчууд хотжиж эхэлж байна.
Хотын соёлын талаар бага ч гэсэн ойлголттой болсон. Бусад орны иргэдтэй өөрсдийгөө харьцуулж бодож, алдаа дутагдлаа ойлгож байгаа. Мөн замын хөдөлгөөнд соёлтой оролцох болсон нэг шалтгаан нь сошиал орчин хөгжсөнтэй холбоотой юм болов уу. Нэг үе хоёр жолооч цонхоо нээж байгаад л бие биетэйгээ хэрэлдэж, зүй бус авирлаж, эсвэл явган зорчигч дайрчих шахаад явж буй зураг, бичлэг сошиал орчинд их нийтлэгддэг байлаа шүү дээ. Мэдээж, хүн л юм чинь дараа нь өөрийгөө хараад ичнэ биз дээ. Нөгөө талд тухайн зураг, бичлэгийг үзэж байгаа хүмүүс ч анхааруулга авсан байх.
Хэрэв замын хөдөлгөөн, олон нийтийн газар зүй бус үйлдэл гаргавал ингэж сошиалд цацагдах эрсдэлтэй юм байна гэж болгоомжилдог болсон юм шиг санагддаг. Түүнчлэн ихэнх жолооч нар харьцангуй залуу хүмүүс байна. Сүүлийн үеийн залуучууд их соёлтой болсон. Машин барьж байхдаа утсаа оролддогийг нь эс тооцвол. Ялангуяа залуучууд согтуугаар жолоо барихгүй, замын хөдөлгөөний дүрмээ сайн баримталдаг, эгнээ байр булаацалддаггүй, явган зорчигчид зам тавьж өгдөг гээд олон сайн тал ажиглагддаг.
-Жолооны сургалтын төвүүд дүрмээс гадна замын хөдөлгөөнд соёлтой оролцох талаар заадаг уу?
-Бүгдийг л заана. Улсын шалгалтыг дүрэм, хөдөлгөөнд оролцох соёл гэх хоёр агуулгаар авдаг. Гэхдээ ихэвчлэн дүрмээрээ шалгалт авдаг. Мөн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ хэр мөрдөж явах вэ гэдэг чинь хувь хүнээс өөрөөс нь хамаарна. Харин тухайн хүнд сайн байна уу, эсвэл юу байна гэж мэндлэх үү гэдгийг бид заахгүй. Энэ чинь ерөнхий боловсролын хичээл шүү дээ. Бид бол мэргэжлийн талын хичээлээ л заах үүрэгтэй. Үүнд хүн хүмүүжүүлэх агуулга байдаггүй.
Гэхдээ бүхий л жолооны багш хамгийн чухал нь замын хөдөлгөөнд соёлтой оролцох шүү гэж хэлдэг, захидаг. Замын хөдөлгөөнд оролцох соёлын талаар бол жолооны багш, дүрмийн багш, шалгалт авч байгаа байцаагч гээд бүгд хэлдэг. Гэтэл ингэж болохгүй шүү, тэгж болно, энэ чинь бүдүүлэг үйлдэл гэж хэчнээн тайлбарлаад ч нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гарчихдаг цөөн хүн бий. Угтаа бид жолооны багш болохоос ЕБС, цэцэрлэгийн багш биш шүү дээ. Тиймээс сайнтай, муутай холилдоод л явж байна даа.
-Жолооч нар ихэвчлэн орон нутгийн замд дүрэм зөрчиж, соёлгүй оролцдог гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Ер нь хүмүүс хаана замын хөдөлгөөнд соёлтой оролцох уу, оролцохгүй юу гэдгээ маш сайн мэддэг шүү дээ. Жишээлбэл, манай жолооч нар хот дотор цагдаа харахаараа замын хөдөлгөөнд маш соёлтой оролцож, өөрийн мэдлэгийн хүрээндээ дүрмээ ягштал мөрддөг. Харин хотоос гараад л замын хөдөлгөөний дүрэм, соёл гэх үгийг мартдаг даа. Тиймээс ихэнх ноцтой ослууд чинь цагдаа, хяналтын камер байхгүй орон нутгийн замд л гардаг юм.
Хэн ч намайг харахгүй, хэлэхгүй гээд өөрсдийн дураар замын хөдөлгөөнд оролцдог байхгүй юу. Тэгээд амь насаа алдсан тохиолдлууд бий. Харин хот дотор хүний амь эрсдэх хэмжээний том осол бараг гардаггүй. Манайхны нэг сул тал нь цагдаагийн нүд хариулах үүднээс л дүрмээ баримталдаг, ёс зүйтэй, соёлтой хүмүүс болчихдог.
-Эмэгтэй жолооч нарыг замын хөдөлгөөнд ёс зүйгүй оролцож байна гэх шүүмж давхар яригдаж байна. Энэ талаар яривал?
-Эрэгтэй жолооч нар арай илүү зөөлхөн, эмэгтэй жолооч нар эсрэгээрээ хатуу, ширүүн гэх асуудал нийтлэг яригддаг. Өмнө нь ч яригддаг л байсан. Энэ бол тухайн хувь хүний л хүмүүжил, боловсролын асуудал шүү дээ. Гэхдээ эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү олон зүйлд санаа тавьж, ар гэр, үр хүүхэд, ажил мэргэжил гэх мэт амьдралын шаардлагаас үүдэн стресс ихтэй байж магадгүй юм. Тиймээс л тухайн стрессээ замын хөдөлгөөнд оролцож байх үедээ өөрөө ч мэдэлгүй гаргадаг байж болно. Миний бодол ийм л байна. Түүнээс биш эмэгтэйчүүд замын хөдөлгөөнд ёс зүйгүй, бүдүүлэг оролцдог гэж хэлэх шалтгаан байхгүй.
А.Даваадулам






