Манай улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд дэргэдээ зөв лөх, туслах статустайгаар олон хүнийг “тэжээдэг”.
 
Ингэж хэлэхийн учир нь тэдгээр хүн бүгд төсвөөс цалинждаг. Гэхдээ яг юу хийж байгаа нь олны нүд, чихнээс холуур байдаг учраас тэднийг төсвийн мөнгө халааслагчдын тоонд багтаах хүн цөөнгүй бий. Тэр дундаа зөвлөх нэртэй эрхмүүдэд олон нийт ам сайтай байх нь тун ч ховор. Учир нь улс төрд багагүй хугацаанд ямар нэгэн албан тушаал хашсан хүмүүс ихэвчлэн зөвлөхийн албан тушаалтай байх нь олонтаа. Харин олон нийт эдгээр хүнд ам муутай байхын учир нь улсад олон жил ажилласан хэн нэгэн эрхэм тэтгэвэртээ суухын цагт албан тушаалтайгаа зууралдан, хашиж явсан албаараа далайлган бусдыг рекэтлэх нь бий. Нэг ёсондоо, нас нь болсон ч ажлаа орхихгүй, ямар нэгэн албан тушаалд эзэн сууна хэмээн зууралдсаны эцэст сая нэг санаагаа гүйцэлдүүлнэ. Энэ тохиолдолд айхгүй ч аягүй гэгчээр аль нэг даргын зөвлөхийн суудалд ийм хүмүүсийг тухлуулж “дэвшүүлэн зайлуулах” арга хэмжээ авсан байхыг аль нэг нам эвсэл эсвэл яам агентлагийн зөвлөхүүдээс харж болно.
 
Товчхондоо, ийнхүү авч ч болдоггүй, хаяж ч болдоггүй “Дэвшүүлэн зайлуулагсад”-ын эгнээнд хэн хэн багтсаныг хамтдаа харцгаая. Энэ удаад та бүхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэчнээн хүнээс заавар зөвлөгөө авч байгааг танилцуулъя. Зөвлөхүүд ихэвчлэн салбар бүрээр мэргэшсэн, тэр чиглэлээрээ зөвлөгөө өгдөг. Ерөнхий сайдын зөвлөхийн ажил үүргийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохицуулах бөгөөд дараах байдлаар журамласан байдаг. Уг журамд зөвлөхүүдийн ажил үүргийг ийнхүү тодорхойлсон нь бий. Ерөнхий сайдад бодлогын зөвлөлгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн бүх талын бодлогын зөвлөлгөө өгч, шуурхай үйлчилгээ, дэмжлэгээр хангах үүрэг, чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөлгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ гэсэн байдаг. Одоогоор Ерөнхий сайд Н.Алтанхуягт 10 хүн онол, арга зүйн зөвлөгөө өгч байна. Тэдний дунд нэг туслах, нэг ажилтан байна. Харин Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Байгаль орчны сайд асан Л.Гансүх ажиллаж байна. Түүнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл нь тэрбээр нийслэлийн иргэдийн нүүрсээр хангах ажлын хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан гэх асуудал. Энэ талаарх мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр олны анхааралд орж ирсэн боловч Л.Гансүх болон Ерөнхий сайд үгүйсгэсээр ирсэн ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат энэ сарын эхээр мэдээлэл хийхдээ Л.Гансүх нарын холбогдсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, баталгаажуулсан юм.
 
Албаныхны өгсөн мэдээллээр Л.Гансүх УИХ- ын гишүүн, Байгаль орчны сайдаар ажиллаж байх хугацаанд нь түүний туслахаар ажиллаж байсан хүмүүс, ах дүү төрөл садны болон бусад хамаарал бүхий этгээдүүд оролцсон байж болзошгүй байгаа аж. Ийнхүү Ерөнхий сайдын ахлах зөвлөх ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдоод байгаа бол бусад зөвлөх нь харьцангуй нам гүмхэн ажилладаг гэж хэлж болно. Н.Алтанхуягийн бас нэг олны танил зөвлөх бол Кёкүшюзан Д.Батбаяр. Арлын Япон улсад эх орныхоо нэрийг дуурсгаж яваад ирсэн их аварга өдгөө Ерөнхий сайдын спорт, аялал жуулчлал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Н.Алтанхуягийн хувьд 2008 оны УИХ-ын сонгуульд Д.Батбаяртай хамт нэр дэвшихдээ өөрийгөө багагүй пиардуулсан бөгөөд үүнийхээ хариуд түүнийг ийнхүү дэргэдээ авч, зөвлүүлж байгаа гэдэг. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүний эдийн засгийн зөвлөхийг Д.Батмөнх гэдэг. Санхүү эдийн засаг хариуцсан гэсэндээ тендерийн наймаанд шаггүй гэх яриа саарал ордонд явдаг юм билээ. Эрхэм зөвлөх өөрийн танил талын компаниуддаа боломжийн мөнгөн дүнтэй тендерийг ногоон гэрлээр авч өгдөг гэнэ. Харин түүний энэ байдлыг мэдсэн УИХ-ын дарга З.Энхболд бусад холбогдох албаны хүмүүст хэлж байж тендерээс хол байлгахаар болсон гэх юм билээ. Хамгийн сүүлийн жишээ татахад Д.Батмөнх УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн “Монос фарм трейд” ХХК-нд боломжийн үнэтэй тендер авч өгсөн талаар хэвлэлийн хуудаснаа гарч байв.
 
Цаашилбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны дөрөвдүгээр сард Бурхан Халдун ууланд авирч яваад төөрөхөд дотны туслах хоёр хүн хамт явсан нь түүний ойрын туслах болох Б.Ган-Очир, нийгмийн бодлогын зөвлөх М.Хүдэрбаатар нар байв. Энэ хоёр хүн даргынхаа төөрснийг олон нийтэд зөвөөр ойлгуулахын тулд хэвлэлээр ярилцлага өгч, мөн ч их тэмцсэн. Мөн Э.Дөлгөөн, О.Цогтгэрэл нарын туслахууд бусдыгаа бодвол ажин түжин суудаг гэхэд болно. Түүнчлэн Ерөнхий сайдын багт Шадар туслахаар ажилладаг С.Тамир, ажилтан Г.Энхтөр, туслах Т.Алтанчимэг нарыг энд нэрлэж болно. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баг ажил аваад гуравхан сар болж байхдаа их хэмжээний урамшуулал хүртсэн гэх асуудал хэсэгтээ л шуугиан тарьж байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй.
 
Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоон зөвлөхдөө 60 гаруй сая төгрөгийг урамшуулал хэлбэрээр өгсөн гэдэг. Ингэхдээ ахлах зөвлөх Л.Гансүхдээ 1, зөвлөх Б.Ган-Очирт 30, зөвлөх Д.Батмөнхөд 15, зөвлөх Э.Дөлгөөнд таван саяыг тус тус олгосон дуулддаг. Түүнчлэн хэвлэл мэдээлэл хариуцсан Ц.Мөнхтөрд 10 сая төгрөгийн урамшуулал олгосон гэх мэдээлэл бий. Ингэж анх олны анхааралд орж ирсэн Ерөнхий сайдын багийнхан өдгөө тийм ч сайн нэргүй явна.
 
Монголын үнэн сонин