Хуульч О.Батхүү өнөөдөр Төрийн ордны гадаа үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох олон нийтийн өргөдөл өнгөрсөн есдүгээр сарын 15-нд Улсын Их Хурал (УИХ)-аар орсон боловч Байнгын хороогоор хэлэлцэхгүй байгаа талаар онцолсон юм.

Тэрбээр "Намууд сонгуульд оролцохдоо бүгд татвар бууруулна гэж амлалт өгдөг. Сонгуулиас өмнө нэг гоё юм ярьдаг. Энэ ордон руу ороод суухаараа иргэдийг мартдаг юм байна. Энэ дундаас Өргөдлийн байнгын хорооны Ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц энэ талаар хэвлэлд ярихдаа маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн.

Тодруулбал татварын асуудлыг зөвхөн боловсрол, мэдлэгтэй хүмүүс ярих ёстой гэнэ. Татвар бууруулъя гэж санал өгсөн 100,000 хүн бол мань хүний нүдээр боловсролгүй, улны оркууд юм байна.

Хоёрдугаарт татвар бууруулах асуудал бол попролт гэсэн. Иргэд цалингаасаа 45 хувийн татвар төлж буй. Энэ татвар төлсөн мөнгөөрөө байр, байшин аваад дараа нь томруулъя гээд зарахаар улс дундаас нь хоёр хувийн татвар авдаг. Энэ бол буруу.

Мөн иргэд хавдар тусах ч юм уу, өр ширэнд ороод байр, байшингаа зарахаар ахиад хоёр хувийн татвар авдаг. Үүнийг хүчингүй болгоё гэхээр гишүүд маань иргэдийг үл тоож байна.

Өнөөдөр би энэ асуудлаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа юм. Энэ олон нийтийн өргөдлөө хэлэлцээч ээ, хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч, энэ сардаа багтаагаад уг асуудлыг хэлэлцээч гэсэн утгатай.

Уг нь хоёр хувийн татвар чинь их "жижигхэн" асуудал. Нэг жилд 75 тэрбум төгрөг эргэлддэг. Гэтэл улсын төсөв бол хэдэн их наядаар яригдаж байна. Улсын төсөвтэй харьцуулахад бага мөнгө боловч иргэдийн хувьд их мөнгө. Жишээлбэл ₮150 саяар байраа зарсан хүн ₮3 саяын татвар төлнө. Энэ мөнгө бол залуу гэр бүлд дарамт болно.

Татвар нэмэх болохоороо их хурдан хууль баталдаг. Бууруулах шийдэл оруулахаар хариуцах эзэн байдаггүй. Энэ нь иргэдэд шударга бус санагдаж байгаа" гэв.