Хууль төрөхийн өмнө: Гэр бүлийн тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
1 цагийн өмнө

УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд асуулт тавьж хариулт авсныг "Хууль төрөхийн өмнө" булангаараа хэн, хэн юу өгүүлснийг тодруулан хүргэж байна.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хийв. Төсөлд цус ойртолтоос сэргийлж, гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж болохоор тусгасан байна. Хүүхэд үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг байсныг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн шүүх шийдвэрлэдэг байхаар өөрчилж байгаа аж. Хүүхдийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгийг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлийн талаар тусгасан гэсэн юм. Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлах тохиолдолд буруутай гэрлэгчээс нөгөө тал сэтгэл санааны хохирол нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэхээр тусгажээ. Мөн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна.
Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэх гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар, мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болбол өөр хүний бэлгийн эс ашигласан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгажээ. Хуулийн төслийг дагалдуулан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 хуулийн төслийг боловсруулжээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Танай намыг хууль, тэр дундаа гэр бүлийн хууль санаачлахад болгоомжилдог. Нийгмийн уур амьсгал болон танай намын хүмүүсийн амнаас гарч байгаа үгийг харахаар “ариун гэр бүл”, “жинхэнэ хайр” гэх мэт хуулиар зохицуулагдахгүй хувь хүмүүсийн дотоод асуудлыг улс төрийн асуудал болгоод нэг хүний нүдээр дээрээс нь харж байгаад шийдчих санаатай үг, өгүүлбэрүүд их гарч байна. Өргөн барьсан хуулийг харахад харин харьцангуй гайгүй байна. Төр гэр бүлийн харилцааг зохицуулахадаа болгоомжтой байх ёстой. Тэр дундаа улс төрчдийн нүдээр харж болдоггүй орон зай. Гэр бүлийн хуулийг хийхдээ гурван зүйл дээр болгоомжлох ёстой. Хүүхдийн эрхийг яах, өмчийн маргаан гарвал яах юм, эд хөрөнгөөс болж маргавал тэр маргааныг яаж шийдэх юм, хөндлөнгийн оролцоог яаж хязгаарлах зэрэгт анхаарах хэрэгтэй. Энэ хуульд "гэрлэгчид, гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш байдлыг хангах” гэж заасан байна. Гэтэл үүнийг яаж хэмжих гэж байгаа юм. Гэр бүл жендерийн хувьд эрх тэгш байхын тулд эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоо тэгш байх юм уу. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрийнхээ аль ч хэсэгт адилхан суух гэх юм уу. Гэр бүлийн доторх жендерийн эрх тэгш байдлыг яаж хэмжих гэж байгаа юм. Төрийн байгууллага, намд ийм шаардлага тавих нь зөв. Харин гэр бүл дотор жендерийн эрх тэгш байдлыг яаж хэмжих вэ. Мөн шүүхээр гэр бүлийн ёс суртахууныг хэрхэн хангах юм. Дотоод ёс суртахуун бас өөр.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Гэр бүлийн харилцааг зохицуулахад ямар нэгэн улс төрийн үзэл суртал ороогүй. Өрх гэрийн тэргүүн, эрэгтэй хүн жаахан давуу эрхтэй гэсэн уламжлалт ойлголт байдаг шүү дээ. Энэ уламжлалт хандлага байж болохгүй, тэгш эрхтэй байх ёстой. Эцэстээ гэр бүл салвал адил хуулиар зохицуулна гэдгийг тусгасан. Гэтэл гэр бүл салахдаа хүрвэл гэр бүлийн өрхийн тэргүүн илүү орлого олдог учир тэгш эрхгүй байдаг нөхцөл байдал байсаар ирсэн юм билээ” хэмээн хариулсан юм.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь цус ойртолтоос сэргийлэх. Цус ойртолтоос урьдчилан сэргийлэх энэ ажил дээр Монголын түүх уламжлал хосгүй байсан нь мэдэгдээд байгаа. 1923 онд тухайн үеийн төр засгийн шийдвэрээр ургийн овог хэрэглэхийг хориглоод эцгийн нэрийг хэрэглэхээр болсон.
-2017 онд шүүхээр гэр бүлээ салгаж байгаа өрхүүдийн хоёр хувь нь гэр бүлээс гадуур харилцаа эзэлж байсан бол 2022 онд 20 хувь нь гэр бүлээс гадуур харилцаанаас үүдэж гэрлэлтээ цуцлуулсан гэж шалтгаанаа мэдүүлсэн. Хэдхэн жилийн дотор 10 дахин нэмэгдсэн. Гэр бүлийн тухай хуулийн төсөлд мэндэлж байгаа хүүхэд бүр хөрөнгө эзэмших, өв залгамжлах, тэжээн тэтгүүлэх эрхтэй гэж зааж өгсөн нь зөв. 29.3-д гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлнэ гэж зааж өгсөн. Тухайн эцэг нь гэр бүлийн харилцаанаас гадуур хүүхэдтэй боллоо гэж үзэхэд тухайн хүүхдийг тэжээн тэтгэх үүргийг адил хүлээх үү гэдгийг тодорхой хариулж өгөөч. Хаа хамаагүй энд тэндгүй хүүхэдтэй болоод яваад байгаа эрчүүдийн хувьд өв залгамжлах хүртэл тухайн хүүхэд эрхтэй шүү гэдгийг хариуцлагыг нь хэлээд өгөөч.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар "Хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах гэдэг агуулгаар хууль бичигдэж орж ирсэн. Таны дурдаж байгаа 29.3-т гэрлэлтээ бүртгүүлсэн эсэхээс үл хамааран хүүхэд өв залгамжлах зэрэг бусад эрхтэй байхаар зохицуулсан. Эцгийг тогтоох асуудал одоо байгаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тужхай хууль, Гэр бүлийн тухай хуульд тодорхой зохицуулалт бий. Тийм учраас гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр гэр бүлийн харилцаанаас гадуур явж байгаа тохиолдолд хүүхэд төрсөн бол эх нь шүүхэд эцэг тогтоолгох хүсэлт гаргаад хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хүүхдийн эцэг тогтоогдсоны дараа өв залгамжлах асуудал Иргэний хуулийн 520.1-д зааснаар өв залгамжлах эрх нь үүснэ" гэх хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: 2017 онд шүүхээр гэр бүлээ салгаж байгаа өрхүүдийн хоёр хувь нь гэр бүлээс гадуур харилцаа эзэлж байсан.
-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асуудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь цус ойртолтоос сэргийлэх. Цус ойртолтоос урьдчилан сэргийлэх энэ ажил дээр Монголын түүх уламжлал хосгүй байсан нь мэдэгдээд байгаа. 1923 онд тухайн үеийн төр засгийн шийдвэрээр ургийн овог хэрэглэхийг хориглоод эцгийн нэрийг хэрэглэхээр болсон. Үүнээс шалтгаалаад Монголд цус ойртолт өндөр түвшинд хүрсэн. 21 аймаг 330 суманд ялангуяа сум, багийн түвшинд амьдарч байгаа иргэдийн 85 хувь нь гурав дахь, дөрөв дэх үе дээрээ хоорондоо гэрлэж байна. Цус ойртолт хавдрын суурь болдог юм байна. Хавдар залуужаад байгаагийн шалтгаан нь цус ойртолт юм байна. Дээрээс нь оюуны хомсдол болон маш олон ургийн гажгийн өөрчлөлт цус ойртолтоос болж байгаа. Тийм учраас ургийн овгийг өөрчлөх асуудлыг цэгцтэй архивын баримтад үндэслэн өөрчлөх ажлыг түр зохион байгуулъя гэж хэлж байгаа юм. Хүн амын тооллогын материал төрд байгаа, 1929, 1933, 1944, 1956, 1988, 2000, 2010 онд хүн амын тооллого хийсэн. 2025 онд Польш улсаас авч ирсэн баримтад Монгол Улсад 2016 онд хийсэн хүн амын тооллогын баримт олдсон. Тухайн айл өрхийг гэртэй гэргүй, ямар аж ахуй эрхэлдэг, ямар мэргэжилтэй хүмүүс байсан юм, гадны хошуунаас ирсэн эсэхийг тодруулж болох материалыг авч ирж эрдэмтэд хэвлүүлсэн байна. Тийм учраас хялбаршуулсан байдлаар ургийн овгоо шинэчлэх боломжийг олгох хэрэгтэй байна.
Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н. Мягмар "Гэр бүлийн хууль дээр ургийн овгийг хөтлөх, өвлүүлэхтэй холбоотой гэрлэгчийн эрх үүрэг дээр оруулж ирсэн. Цус ойртолтоос сэргийлэх өв соёл бол ургийн овгоо барьж явж байсан соёл байгаа. Улсын бүртгэлд байгаа мэдээллээр боржигон, сартуул зэрэг овгийг үндэслэлтэйгээр бичүүлээгүйгээс замбараагүй болсон. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар иргэд буруу бичигдсэн овгоо солиулах хууль эрх нь зүйн боломж нь байгаа. Энэ хууль маань шинэчилсэн найруулга учраас журмын зохицуулалттай холбоотой зүйл хэсэг оруулж ирээд ургийн бичгийг цэгцлэх асуудлыг хэлэлцүүлгийн шатанд дэмжүүлэх боломжтой гэж харж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: Шинээр бий болж байгаа харилцаа гэж сүүлийн үед нэлээд яригдах болсон. Үр шилжүүлэн суулгах, өв залгамжлалын тухай харилцааг зохицуулах заалтуудаас хуулиуд дээр нарийн тусгагдсан зүйл бий юу. Мөн цус ойртолттой холбоотой асуудал нэлээд сэтгэл эмзэглүүлж байгаа тул ургийн бичиг хөтлөх заалтыг зайлшгүй оруулах ёстой. Европын зарим орнууд тээгч эхийг хуулиар хориглож байгаа. Мөн гэр бүл болж байгаа хосуудыг соён гэгээрүүлэх, ямар байх ёстойг хуульчлах юм уу, зааж өгөх үү.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Уламжлалт зан заншлаар аав, ээж удам судар үзээд нэлээд үерхэж байгаад гэр бүл болдог. Сүүлийн үед арван жилдээ ч юм уу оюутан байхдаа гэр бүл болж байгаад олон асуудал үүсдэг. Өөрөө хүн болж төлөвшөөгүй байж байгаад хүүхдээрээ шахуу эцэг эх болчхоор эргээд асуудал үүсдэг тохиолдол олон бий. Иймд эдгээр асуудлыг анх удаа гэр бүл болж байгаа хүмүүс гэр бүл ямар байх, эцэг эх ямар байх талаар сургалтанд хамруулдаг байхаар хуулинд суулгаж өгсөн. Хоёрдугаарт, үр хүүхэд төрүүлэх боломжгүй гэр бүл тээгч эхийг ашиглах тохиолдол нэлээд бий болж байгаа. Гэвч үүнийг зохицуулах харилцаа байхгүй байгаагаас нэлээд асуудал үүсдэг. Иймд үүнийг гэрэээгээр зохицуулж, түүнийхээ хүрээнд энэ асуудлыг шийднэ" гэж хариулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй байх зорилгоор алга болдог. Энэ асуудлаар дахиад дүүргийн шүүхэд хандана. Тэгсээр байгаад гурав, дөрвөн жил болсон кейс байна. Шүүхэд эрэн сурвалжлах ажиллагаан дээр их асуудал гарч байна. Хаяг нь тогтоогдохгүй байна, чи өөрөө олж ир гэдэг. Хүүхэддээ тэтгэлэг авах гээд эрхээ эдлэх гэж байгаа хүн дээр давхар давхар ачаа үүрүүлдэг. Дагнасан шүүхтэй болж байгаагийн давуу талыг та бүхэн хэлж өгөөч?
Ажлын хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Золзаяа "Харьяаллын хувьд тодорхой зааж өгсөн. Нийслэлд бол Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүүх байх учраас энэ шүүхэд хандана. Энэнээс бусад тохиолдолд орон нутагт анхан шатны шүүх шийдэх зохицуулалттай. Гэр бүлийн харилцаа бол онцлог харилцаа. Хуулиар зохицуулсан олон асуудал байдгаас гадна ёс суртахууны маш олон үүргийн харилцаа байдаг. Энэнтэй холбоотойгоор шүүхэд бол мэдрэмжтэй, өргөн хүрээнд алсыг харж чаддаг ажиллагаа шаарддаг. Дагнасан шүүхэд шүүгч нь мэргэшсэн байх ёстой гэдэг шаардага тавиад энэ үүднээс сонгон шалгаруулалт явагдаж байна. Эвлэрэх боломжгүй юман дээр эвлэр гээд явуулдаг асуудал практикт гарсан. Энийг судалж үзээд хуулийн төслийн 25 дугаар зүйл дээр эвлэрэхгүйгээр шууд гэрлэлтийг цуцлах нөхцлийг хуульчилж өгсөн.
Хаягийн асуудал нь шүүхэд болон шүүхийн шийдвэрлэх ажиллагаанд байнга байсан асуудал. Хариуцагчийг яаж олох вэ, хариуцагчийг шүүхэд яаж ирүүлэх вэ гэдгийг нарийн зохицуулж өгсөн. Энэний нэг онцлог нь шүүх санаачлагаараа тодорхой ажиллагаанууд хийхийг тодорхой зааж өгсөн" гэсэн юм.






