Эрүүл мэндийн дэд сайдаар Г.Номин томилогдож хэдийнээ ажил үүргээ хүлээн авсан даруйдаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амбулаторийн тусламж үйлчилгээний оочир, хүлээгдлийг бууруулах бодит шийдлийг боловсруулах зорилгоор удирдлагын багтай уулзалт хийж, эмч мэргэжилтнүүдийн саналыг сонсон, иргэдтэй биечлэн уулзан өнөөгийн нөхцөл байдалтай танилцсан байдаг.

Тэрбээр шүдний их эмч мэргэжилтэй, АУ-ны магистр, Бизнесийн удирдлагын магистр, АУ-ны докторант, Эрүүл мэндийн салбарт гадаад, дотоодын 100 гаруй судалгааны бүтээлтэй залуу эрдэмтэн, судлаач эмэгтэй 2015-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд туслах судлаач, 2019-2024 онд тус их сургуулийн Нүүр ам судлалын сургуульд багш, Нүүр ам судлалын сургуулийн эмнэлэгт эмч, 2024-2025 онд Эрүүл мэндийн яаманд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байжээ. Анагаах ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, эрүүл мэндийн салбартаа 10 жил ажиллажээ.

Г.Номин хамгийн сүүлд 2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 243 сая төгрөг байна. Тэгвэл хөрөнгө борлуулсны орлого нь 193 сая төгрөг гэж мэдүүлж байжээ.

Хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай гэж мэдүүлсэн бөгөөд 2.3 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн туулах чадвар өндөр "Mercedes Benz-G 500" маркийн нэг автомашинаа 420 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн тэрбээр 25 адуугаа хоёр сая төгрөгөөр үнэлжээ. Дотоодын банкинд 1.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай бөгөөд "Шунхлай бонд" ХХК, "Голомт банк", "Мацуяа Бонд", "Актив бонд Транч" ХК-нд хөрөнгө оруулжээ.