ТҮҮХ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдрөө эргэн санахтун
2 цагийн өмнө

Өнөөдөр бол Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойн өдөр юм. 1911 оны энэ өдөр Монголчууд Манж Чин гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцэслэн зогсоож, өөрийн төрт ёсыг сэргээсэн нь зүгээр нэг улс төрийн үйл явдал бус, олон зуун жил хуримтлагдсан үндэсний хүсэл эрмэлзэл бодит биелэлээ олсон түүхэн эргэлтийн мөч байлаа.
XVII зууны сүүл үеэс Манжийн эрхшээлд орсон Монгол орон хошуу, аймагт хуваагдан захирагдаж, дотоод хэрэгтээ бүрэн эрхгүй болж, эдийн засаг, нийгэм, соёлын олон талаар хязгаарлагдмал байдалд орсон боловч монголчуудын төр улсаа сэргээх үзэл санаа бүрэн мөхөөгүй байна. XIX зууны төгсгөл, XX зууны эхэн үед Манж Чин гүрэн дотоодын хямрал, гадаадын дарамтад орж сулран доройтохын хэрээр Монголын ноёд, лам нарын дунд тусгаар тогтнолын төлөөх ухамсар хүчтэй сэргэж, Манжийн “шинэ засгийн бодлого”-оор Монголын уламжлалт тогтолцоог устгах оролдлого хийсэн нь энэ хөдөлгөөнийг улам хурцатгажээ. Ийнхүү 1911 онд Монголын улс төр, шашны нөлөө бүхий зүтгэлтнүүд нууцаар хэлэлцэн, төрийн тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, тусгаар улс байгуулах шийдвэрт хүрсэн.
Улмаар Хүрээнд Манжийн захиргааг зайлуулсны дараа арванхоёрдугаар сарын 29-нд Богдыг Монгол Улсын хаанд өргөмжилж, Богд хаант Монгол Улсыг байгуулснаа албан ёсоор тунхагласан юм.
Эл өдрийн тухай түүхийн хуудсыг сөхвөл "20 дугаар зууны эхэн үед Өвөрмонголд Тогтох тайж, Баяр нарын удирдсан бослого, Ар Монголд буюу Халхад Улиастайн монгол цэргийн бослого болон аймаг хошуудад болсон бослого гээд олон бослого хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байсан юм. Улмаар 1910 оны сүүл, 1911 оны эхээр энэ тэмцэл зохион байгуулалттай болж, Богдын их шавь Да лам Цэрэнчимэд, Түшээт Хан аймгийн цэргийн захирагч жанжин Чин Ван Ханддорж нарын удирдлагаар Халхын нөлөө бүхий ноёд, хутагт хувилгаад Богд хаанд мандал өргөж, тусгаар тогтнолоо сэргээх асуудлыг тавьсан байдаг.
Үүнийг Богд хаан зөвшөөрсний үндсэн дээр түүний удирдлага доор 1911 оны арваннэгдүгээр сарын 30-нд Халхын хүрээний Бүх хэргийг ерөнхийлөн шийдэх газар гэж байгуулсан. Тухайн газар нь түр Засгийн газрын шинжтэй, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг удирдаж, Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээх үүрэгтэй байгууллага байгуулагдсан юм.
Ингээд уг байгууллагын удирдлагаар ганцхан сарын хугацаанд Манжийн амбанг нийслэл хүрээнээс хөөн зайлуулах, Манжийн харуулыг гүйцэтгэж байсан бүх албыг зогсоох, цэрэг татах, дайчлах, олон монголчуудад тусгаар тогтнолоо сэргээх тухай тунхаглан зарлах, ухуулан ятгах болон Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээх, Богдыг хаанд өргөмжлөх ёслолын дэг жаягийг боловсруулах, тусгаар тогтносон Монгол Улсын хааны өмсөх хувцас, барих тамгыг хийх зэрэг маш их ажлыг хийсний эцэст 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Тусгаар тогтнолоо сэргээх төрийн том ёслолыг хийсэн" гэдгийг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Орчин үе, бүс нутгийн салбарын эрхлэгч доктор Г.Мягмарсамбуу өгүүлж байв.

Мөн тэрбээр "Гэхдээ монголчуудын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэл зөвхөн Богдыг хаанд өргөмжилснөөр төгсгөл болоогүй бөгөөд түүнээс хойш тэмцэл улам лавширч үргэлжилсэн.
Өөрөөр хэлбэл, 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын тусгаар тогтнолыг зөвхөн Халхын дөрвөн аймгийн хэмжээнд л сэргээсэн гэж ойлгож болно. Үүний дараа монголчууд нийт Монгол үндэстнийг нэгтгэсэн Нэгдсэн Монгол Улс байгуулахаар тэмцэж эхэлсэн.
Улмаар 1912 онд Ховд хотыг Манж, Хятад цэргээс чөлөөлсний үр дүнд баруун хязгаарын монголчууд Монголынхоо төрд дагаар орж, Монгол Улсын бүрэн бүтэн байдал хангагдсан юм.
Үүний дараа Барга, өвөрмонголчууд тусгаар тогтносон Монгол Улстайгаа нэгдэн нийлэхээр тэмцсэн бөгөөд 1912-1913 оны үед Хөлөн буйрын монголчууд тэр чигтээ, Өвөрмонголын ихэнх нь Монгол Улсын төрд дагаар орсон буюу нэгдэн нийлэх хөдөлгөөн өрнүүлсэн байдаг.
Энэ хөдөлгөөн 1940-өөд оны чөлөөлөх дайн дуустал буюу үндсэндээ 30 гаруй жил тасралтгүй үргэлжилж, олон зуун Монгол айл өрх нүүдэллэн ирж, Монголын төрд дагаар орсон гэх сонирхолтой баримтууд олон бий.
1945 оны Чөлөөлөх дайны дараа гэхэд Барга, Өвөрмонголоос Монгол Улсад нүүдэллэн ирсэн хүний тоо 7,000 орчим болсон гэх зэрэг олон баримтуудыг судлаачид ил болгосон байдаг" хэмээн Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн тухай товч өгүүлсэн юм.







Зочин · 2 цагийн өмнө
BOOB XXMOOR BOOWN DOLOOJ XOXOJ TAWIYYLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER TOGLI80955877UILCHLNE