Арилжааны банкууд ахмадуудын дайсан биш үйлчлэгч нь байх ёстой гэв
өчигдѳр

Тэтгэвэртэй холбоотой асуудлаарх ахмадуудын тэмцэл үргэлжилсээр байна.
Өмнөх онд ахмадууд тэтгэврийн зээл олгох хугацааг сунгаж, хүүг бууруулах, зээлийг 100 хувь олгох зэрэг шаардлагыг тавьж байсан бол энэ онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж эхлэв. Өнөөдөр ахмадууд Үндэсний мэдээллийн төвд арилжааны банкуудын шударга бус шийдвэрийн эсрэг байр сууриа илэрхийлэх хэвлэлийн хурал зохион байгуулах үедээ энэ талаар мэдэгдсэн юм.
Өндөр настан Ц.Алтанзул "Бид төрийн гурван өндөрлөгтэй уулзмаар байна. Ахмад настнууд өнөөдөр нийгмийн хамгийн доод давхаргын иргэд болсон байна. Бид үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Бид өнөөдөр дундаасаа мөнгөө нийлүүлж, цуглуулаад дөрөв дэх удаагаа хэвлэлийн бага хурлаа хийж байна. Бид удаа дараа шаардлагаа хүргүүлсэн ч хүн гэж тоогоогүй. Бид тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох шаардлагыг тавьсан. Хоёрт, тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгож, батлан даалтын шаардлагыг уян хатан болгох, хүүгээс хүү боддог байдлыг өөрчлөхийг шаардсан. Өнөөдөр арилжааны банкууд төрөөс давсан эрх мэдэлтэй байна. УИХ-ын дарга Н.Учралд бүрэн эрх нь байхад арилжааны банкуудын аманд багтаад сууж байгаа нь харамсалтай. Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлж байгаагаар ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийн тулд таван жил хүлээх шаардлагатай гэсэн. Гэтэл нэг жилд дунджаар 10 гаруй мянган ахмад настан нас барж байна. Тэтгэвэр нэмэгдэх хугацааг 70 мянган ахмад настан үзэхгүй нь ээ.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар та бидэнд тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмнэ гэж амласан. Тэгвэл та нар 8.6 хувиар нэмнэ гэж таталдсан. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараа нь гарч ирээд "Ахмадын тэтгэврийг 8.6 хувиар нэмнэ" гэсэн. Өнөөдөр бидний тэтгэвэр 80 мянган төгрөгөөр жигд нэмэгдсэн.
Ахмадын тэтгэвэр арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл биш. Өнөөдөр ахмадууд тэтгэврийн зээлээр л амьдрах боломжгүй болтлоо мухардсан. Тэтгэврийн зээлийн хугацааг сунгасан нэртэй хүүгээс хүү бодож байна. Өр, орлогын харьцаа гэдэг шалгуураар ахмадуудын тэтгэврээс ашиг харж байна. Арилжааны банкнаас тэтгэврийн зээл авахын тулд батлан даалтын шаардлага маш өндөр байна. Зээл авах гэж үр хүүхдийнхээ нэг өдрийн ажлыг нь алдагдуулж, үр хүүхдээс нь нотириатаар төрсөн хүүхэд нь мөн гэж баталгаажуулах ёстой гэж байна. Нэмээд үр хүүхдүүд нь давхар өр зээлгүй байх ёстой гэнэ. "Хаан", "Голомт" банк бол арай дэндүү байна. Монголын топ банкаар шалгарчихаад ийм арчаагүй байж болохгүй. Өр зээлийн хугацаа нь 70/30 байсан бол одоо 50/50 хувьтай болсон. Бид үхэж үрэгдсэн ч зээлийг маань үр хүүхдүүд маань л төлнө. Ахмадууд 2026 оны улсын төсвийн тодотголоор тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмүүлэх шаардлагыг тавьж байна. Энэ байр суурьтаа хатуу зогсоно.
Бид өнөөдөр үймээн самуун дэгдээх гэж цуглараагүй. Бид хүн шиг амьдармаар байна. Бүх ахмадууд тэтгэврээ 36 сараар зээлж авахгүй. "Хаан" банкин дээр 306 мянга орчим тэтгэвэр авагч байгаагаас 180 мянга орчим нь зээлтэй байна. Үүнээс 75 мянган тэтгэвэр авагч нь 2025 оны долдугаар сард 24 сараар тэтгэврээ авсан байна. Тэгэхээр 180 мянгуулаа 36 сарын зээл авахгүй ээ. Ямар үед ахмадын тэтгэврийн зээл нэмэгддэг гэхээр цагаан сарын баяр, намар хичээл сургууль орох үе байгаа юм. Миний хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан. Нийт 14.287.000 төгрөг болж, хүүд нь 2.200.000 төгрөг авсан. Тэгээд тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон сунгасны дараа 23 сарын үлдэгдэлтэй, зээл авах хүсэлт өгөхөд үндсэн тэтгэврийг 80 хувьдаж, 24 сарын зээлийг хассан. Надаас хүү гэж 4.400.000 төгрөг авч, гарт минь 3.200.000 төгрөг өгсөн. Би одоо 36 сар 135 мянган төгрөгөөр амьдрах болчихоод байна" хэмээн ярилаа.

Мөн Ахмад настан "Төсвийн тодотгол хийж тэтгэврийн доод хэмжээг 2026 онд 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Энэ байр сууриндаа хатуу зогсоно. Тэтгэвэр бол ахмад хүний амьдрал. Өнөөдөр ахмадууд тэтгэврийн зээлгүй бол амьдрах боломжгүй болсон. Хүүг бууруулсан нэртэй ч хэрэгжихгүй байгаа. Хугацааг сунгаснаар хүүнээс хүү тооцож, гарт олгогдох мөнгө нь хүүнээсээ бага. Өр, орлогын харьцаа гэдэг юмаар арилжааны банкууд бидний амьдралаар тоглож байна.
Бид үхсэн ч бидний өрийг үр хүүхдүүд минь төлдөг. Төр засгийнхан гадаадын улсуудыг ярих их дуртай. Ийм орны жишиг, тийм ч гоё гээд их ярьдаг. Бид ч гэсэн гадаад орнуудын ахмадууд шиг аялмаар байна, зугаацмаар байна, зугаалмаар байна. Гэхдээ бид тэгж ярихгүй байгаа, амьдралынхаа төлөө л гэдэг.
Тэтгэврийн зээлийн хүүг бодитойгоор бууруулмаар байна. Бууруулсан нэртэй ч хүүнээс хүү боддог аргаараа биднээс хүүлж авч байгаа. Ахмадын тэтгэврийг барьцаалсан тэтгэврийг таслан зогсоохыг шаардаж байна. Арилжааны банкууд өнөөдөр төрийн эрх мэдлээс давчихсан, даам гарчихсан байдгаа болимоор байна. Арилжааны банкууд ахмадуудын дайсан биш үйлчлэгч нь байх ёстой" гэлээ.
-
1
-
2







Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh