Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УЛСТӨР: Намрын чуулган өндөрлөж шинэ оны босгон дээр улс төрчид нам гүмхэн байна. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюу толгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио Тинто” группын удирдлагуудад Оюу толгойн төсөлд Монголын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар хатуухан шаардлага хүргүүлэхээр болжээ.

Талуудын хэлэлцээний хүрээнд Оюу толгойн гэрээний нөхцөлийг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх, 34 хувийн ногдол ашиг авах хугацааг тодорхой болгож, эрх тэгш зарчмаар үр ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн тайлан, зардлыг ил тод, нээлттэй болгох, шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоог бодитоор хангах зэргийг шаардлагаараа хөндөх ажээ.

УИХ-аас өнгөрсөн оны 12-р сарын 2-нд "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан юм. Одоо хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын эрх ашигт хохиролтой байгааг шинжээчид дүгнэсэн, УИХ-аас энэ талаар олон шийдвэр гарсан ч өдийг хүртэл хэрэгжээгүй ирсэн байдаг. Г.Занданшатарын Засгийн газар ямартай ч Оюутолгойн гэрээг баялгийн өгөөжийн дийлэнх нь монголчуудад ногддог байх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх зоримог алхмууд хийж эхэллээ.

НИЙГЭМ: Шинэ он солигдоод удаагүй байхад нэгэн олныг цочирдуулсан, аймшигт хэрэг гарлаа. 

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвгэр буюу Дунд Дарь-Эхийн ... тоотод энэ сарын 4-ий өдрийн 23:00 цагийн үед 30 настай эмэгтэйг дөрөв болон гурван настай охидтойгоо хамт гэртээ байхад 48 настай “Б” гэгч этгээд мэс ашиглан биед нь халджээ. Улмаар 30 настай, найман сартай жирэмсэн эмэгтэй нь дөрвөн настай охиныхоо хамт амь насаа алдсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Харин гурван настай охин нь одоо Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Энэхүү гэмт хэргийг хохирогчийн хөрш “Б” гэгч нь үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд тухайн этгээдийг цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. 

Уг хэргийн улмаас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж сэтгэцийн өвчтэй хүмүүст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг чангаруулна гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдсэн. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 тоот тушаалаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ. 

Энэ хүрээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн хүрээнд явагдаж чадаж байгаа эсэх, шинжээчийн дүгнэлт бодитой, үнэн зөв байсан эсэх, ямар дүгнэлтээр хэрэг үйлдэгч этгээд эмнэлгийн хараа хяналтаас гадуур сул чөлөөтэй явж байсан талаарх бүх нөхцөл байдлыг тогтоож ажиллаж байгаа гэв. Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албагдлагын арга хэмжээ авагдсан 257 хүн байгаагаас жилд дунджаар 30 орчим хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагддаг гэсэн судалгаа байгаа юм.

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд "Сэтгэцийн өвчтэй хүн хэрэг хүлээх чадваргүй, эмнэлгийн хяналтанд байх ёстой. Тухайн хэргийг шалгаж байгаа. Цаашдаа ийм харамсалтай хэрэг гаргахгүйн тулд анхаарна" хэмээн онцлон хэлсэн билээ.

Мөн Шахмал түлшээр "ногдол ашиг" хүртэж буйгаа иргэд хэдхэн хоногийн мэдлээ.

 

Он солигдох босгон дээр Ногдол ашиг тараана, тараахгүй гэсэн мэдэгдэл хийж иргэдийг төөрөгдүүлсэн. Тэгвэл гэр хорооллын иргэд ногдол ашгийг байнга шахуу л хүртэж байгаа гэх нь тэр. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу "2025 оны санхүүгийн үзүүлэлтээр ногдол ашиг тараахад хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа. Маш олон төсөл хөтөлбөрүүдийг бид бэлэн мөнгөөр санхүүжүүлж ажиллаж байна. Тухайлбал,  300 тэрбум төгрөгөөр гэр хорооллын иргэдийн шахмал түлшнийх нь татаасны өнгөрсөн зургаа, долоон жилийн хугацаанд олгож иржээ. Ирэх жилтэйгээ 2 их наядын санхүүжилтийн олгож ажиллаж байна" хэмээн ярилаа. 

Түүний энэхүү ярианаас дүгнэхэд, сар шинийн өмнө ноогдол ашиг хүртэх гэж хүлээлт үүссэн иргэдийн хувьд авах эсэх нь тун эргэлзээтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ-ийн  хурлаар шийднэ. Ер нь ч сүүлийн үед дээдүүд нь биш доод албан тушаалтнууд нь иргэдийг загнах зандрах нь ихэсээд байна уу гэлтэй. Шатахууны хомсдол үүссэнд иргэд аль зуны агаарт гарах далимаараа нутаг орныхоо наадамд очсон нь буруутай болчихсон тууж явсан. Өөрсдөө ажлаа хийхээс ялархаад хүн рүү буруугаа чихдэг нөхдүүд төрийн албанд олширсны гай нь энэ биз. 

Эрдэнэс Тавантолгой компани өнгөрсөн зургаа, долоон жилийн хугацаанд шахмал түлшинд 2 орчим их наяд төгрөгийг зарцуулсан нийслэлийн гэр хорооллын иргэд шахмал түлшээ хэд дахин бага үнээр авах боломжийг бид энэ санхүүжилтээрээ олгосон гээд байгаа нь тун хачирхалтай. Ноогдол ашгийг та нар нүүрсээр дамжуулж аваад байгаа гэж зандраад ч байх шиг ээ. Нөгөөтэйгөөр, шахмал түлш хэрэглэдэггүй иргэд тэгээд яах болж байна. Угтаа бол үндсэн хуулиндаа иргэн бүр байгалийн баялгийг тэгш хүртэх эрхтэй гэж заасан байдаг. Хуулийг "гууль" болгодог том толгойтой улс юм аа. 

Эх орны хишиг, газар доорх баялгийн ашгийг иргэн бүрд тэгш хуваарилах нь зүйтэй гээд 2012 онд Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэдэд 1072 хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Тэр цагаас хойш 2020 оны хүртэл уг хувьцааны өгөөжийг иргэд бодитоор хүртэж чадаагүй. Харин 202 онд Эрдэнэс Тавантолгой компани анх удаа нэгж хувьцааг 81 төгрөгөөр бодож 1072 хувьцаатай 857.491 иргэнд тус бүр 86.832 төгрөгийн ногдол ашиг олгосон байдаг. Үүнд 180 орчим тэрбум  төгрөг зарцуулжээ. 

Үүний дараа 2022 онд 104.000 төгрөг, 2023 онд 256.000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр иргэдэд олгосон. 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн нь энэ.

2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэдэд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл гаргаж байсан юм. Тус шийдвэрийн дагуу 2024 оны арванхоёрдугаар сард буюу шинэ жилээр 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 21,500 төгрөг, 2025 оны хоёрдугаар сард буюу цагаан сарын өмнө 100.006 төгрөгийн ногдол ашиг, 2025 оны дөрөвдүгээр  сард 93,500 төгрөгийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тус тус олгосон байдаг. 

Иргэдийг алаг үзэж талцуулсан зүйл ярихаа улстөрчдийн гар хөл хэзээ болих вэ? Хуулийнхаа дагуу олгогдсон ашиг хүртэх хувиа л авах гэж буй. Тэрнээс улстөрчдийн халааснаас биш. Тэднээс ч сонгуулийн жил биш тул өнөө жил санхүүгийн хүндрэлтэй байна өгөхгүй гээд шийдчихдэг асуудал биш л байлтай. Өгөх тогтолцоогоо тогтоочихсон бол цааш сонгуультай, сонгуульгүй тасралтгүй өгөөд явах нь зүйн хэрэг. 

ЭДИЙН ЗАСАГ: Өргөн хэрэглээний барааны үнэ 1,9 хувиар өсөж, махны үнэ 28 мянга төгрөгт хүрчээ

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг 2026 нэгдугаар сарын 5-ны өдрийн байдлаар харвал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх сараас 1.9 хувиар, өмнөх долоо хоногоос 0.5 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ.

Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах килограмм нь 17343 төгрөг, үхрийн мах килограмм нь 22685 төгрөг, ямааны мах килограмм нь 14000 төгрөг, сонгино кг нь 4266 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр гурил кг нь 2508 төгрөг, сүү /задгай, литр/ 4997 төгрөг, элсэн чихэр кг нь 4951 төгрөг, цагаан будаа кг нь 4966 төгрөг, дотоодын төмс кг нь 2812 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Мөн АИ-92 бензин литр нь 2590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж байна. Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээллийг 2026 оны нэгдугаар сарын 5-ны өдрийн байдлаар харвал, хонины мах кг нь 14765 төгрөг, үхрийн мах кг нь 19385 төгрөг, ямааны мах кг нь 12289 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг нь 2798 төгрөг, сүү /задгай, литр/ 5052 төгрөг, элсэн чихэр кг нь 4169 төгрөг, цагаан будаа кг нь 4101 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2837 төгрөг, А-80 /литр/ 2645 төгрөг, дизель түлш /литр/ 3566 төгрөгийн үнэтэй байна.

Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангаж байдаг “Хүчит шонхор” захад  үхрийн цул мах нэг кг нь 25,000-26,000 төгрөг, үхрийн ястай мах 21.000 төгрөгт хүрэв. Хонины ястай мах нэг кг нь 18 мянган төгрөг, хонины цул мах нэг кг нь 20 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин “Баянзүрх”, “Хархорин” захад үхрийн цул мах нэг кг нь 27,500-28,000 төгрөгт хүрчээ.

Шинэ оны өмнө тус зах дээр хонины мах 12-15 мянган төгрөг, үхрийн мах 17-20 мянган төгрөгийн үнэтэй зарж байсан юм. Он гарснаас хойш махны үнэ огцом буюу 5-6 мянган төгрөгөөр нэмэгджээ.

СПОРТ: Тив, дэлхийн медальтан Т.Түвшинтулга зодог тайллаа

2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2021 оны ДАШТ-ий V байрын шагналт, Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальтан, Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэлтэй, улсын 6 удаагийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга сүүлчийн удаа УАШТ-д хүч сорьж, чөлөөт бөхийн дэвжээнээ хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр 2025 онд л гэхэд УАШТ болон дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен" тэмцээнд түрүүлж, Ази тивийн хийгээд ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон 61 кг-ын шилдэг тамирчдын нэг билээ. Монголын чөлөөт бөхийн холбооны мэдэгдэлд "Эх орныхоо далбааг тив, дэлхийн тэмцээнүүдэд олон жил өргөсөн ОУХМ Т.Түвшинтулгынхаа цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсье" гэжээ.

Энэ жилийн улсын аваргаар Т.Түвшинтулга 65 кг-д зодоглосон. Түүний энэ жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Зэнээмэдэр түрүүлсэн юм.

СОЁЛ УРЛАГ: Монгол улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдлээ

"UN Tourism"-оос сар бүр эрхлэн гаргадаг олон улсын "World Tourism Barometer" тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтсан талаар Улсын Их хурлын гишүүн, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр, тайланд дурдсанаар:

2025 онд Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 851 мянга буюу 2024 онтой харьцуулахад 16 хувиар өссөн нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт байна.

Мөн уг үзүүлэлт нь цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 44 хувиар өссөн нь Монгол Улс аялал жуулчлалын салбарт дэлхийн хэмжээнд хамгийн хурдтай сэргэж буй орнуудын нэг болсныг харуулж байна. Энэхүү үр дүн нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн цогц бодлого, шийдвэрүүдийн бодит илрэл юм.  Үүнд:

  • 2030 он хүртэлх аялал жуулчлалын салбарын стратегийг BCG-тай хамтран олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан,
  • 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан, 
  • GoMongolia үндэсний брэндийн сурталчилгаа, коммуникацийн хөтөлбөрийг олон улсын түвшинд далайцтай хэрэгжүүлсэн,
  • Визний нөхцөлийг хөнгөлж, олон улсын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлсэн зэрэг бодлогын цогц арга хэмжээнүүд багтаж байна.

Цаашид аялал жуулчлалын дунд хугацааны стратегийг тууштай хэрэгжүүлж, жил бүр дунджаар 16 хувийн өсөлтийг хадгалж чадвал, 2030 он гэхэд жуулчдын тоо 2 саяд хүрч, салбарын эдийн засагт эзлэх хэмжээ 4 тэрбум ам.долларт хүрэх бүрэн боломжтой юм.