Яллагдагч Ц.Дагвадоржийг 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх хэрэгт яллагдагчаар, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг санаатай алах хэрэгт хамжигч хэмээн яллагдагчаар татан шүүх хурлыг товлосон гэж Шүүхээс мэдээллээ.

Тодруулбал, Яллагдагч Ц.Дагвадоржийг 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,

Яллагдагч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар, өсвөр насны яллагдагч Х.Энхсайханыг 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч Ц.Дагвадорж нь 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд “урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлт гаргасны дагуу шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан боловч яллагдагч Ц.Дагвадорж нь урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “хэргийн материалтай танилцах хүсэлтээ урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт хэмээн андуурч гаргасан байна ... хүсэлтээсээ татгалзаж байна ... хэргийг шүүхэд шилжүүлж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж, хэлэлцүүлэхийг шаардах, ... эрхтэй” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойгоос гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй тул яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад тус шүүхийн хуралдааны танхимд хийхээр товыг тогтоож шийдвэрлэв.

Улсын яллагч, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг шүүхэд шилжүүлэх талаар тайлбар гаргасан бөгөөд хэргийг прокурорт буцаах, түдгэлзүүлэх, харьяалах шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаанд оролцуулах гэрч, хохирогч, шинжээчийн талаар хүсэлт, тайлбар гаргаагүй болохыг дурдав.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар гүйцэтгэх ажиллагааны нууц болон уг эрүүгийн хэрэгт насанд хүрээгүй хохирогч, гэрчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулсан ба зарлагдсан шүүх хуралдааныг энэ үндэслэлээр хаалттай явуулахаар шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир