Малын удмын сангийн үндэсний төвийн анхны суурь 1958 онд сайд нарын зөвлөлийн 31 дүгээр тогтоолоор "Зохиомол хээлтүүлгийн станц" нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаа эхлүүлж байсан түүхтэй.

1995 оноос хүнс, хөдөө аж ахуйн сайдын А/08 тоот тушаалаар "Малын удмын сангийн үндэсний төв" нэртэй болж малын удмын санг хамгаалах, малын нөхөн үржихүйн биотехнологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар бод болон бог малд зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ үзүүлэн, зохиомол хээлтүүлэгч бэлтгэх сургалтыг зохион байгуулж 2025 онд 50 хүнийг зохиомол хээлтүүлэгчээр бэлтгэж ажиллажээ. Мал үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл буюу үр, хөврөл үйлдвэрлэх, шингэн азот үйлдвэрлэж удмын сангийн дотоод хэрэгцээг хангахын зэрэгцээ иргэд, ААН-ийн захиалгаар борлуулах, малын ээмэг үйлдвэрлэх үйл ажиллагааг явуулж байна.

Малын удмын сангийн үндэсний төвийн генийн санд 39 үүлдэр, омгийн малын 38000 тун гүн хөлдөөсөн үр хадгалагдаж байна.

2022-2025 онд 30741 үхэр, 2343 хонинд дурангийн аргаар зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг амжилттай үзүүлж ажиллажээ.

Цаашид олон улсын стандартад нийцсэн 4 лаборатори ашиглалтанд оруулахаар зорин ажиллаж байгааг танилцуулав.

Дэд сайд Б.Нямжав тус байгууллагын албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсож, малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг цаашид үр ашигтай, оновчтой явуулахад анхаарч ажиллах нь чухал гэдгийг онцолж хэлэв.