Махны суурь үнэ өсөх шалтгаан нь юу байв?
2 цагийн өмнө

Махны үнэ 15 жилийн дунджаар ирэх саруудад 20 хүртэл хувиар өсөхөөр байна

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
2025 оны статистик мэдээгээр махны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд эрс нэмэгдэж улсын дунджаар үхрийн цул мах кг тутамд 26.2 мянган төгрөгт хүрээд байна. Харин жижиглэнгийн үнэ бөөний жижиг захуудад 28-30 мянган төгрөг, томоохон дэлгүүрүүдэд 35 мянган төгрөгт хүрээд байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4000-7000 төгрөгөөр өсчээ. Инфляцын түвшин жилийн 7.5 хувь байгаагийн 1.3 хувийг махны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Өөрөөр хэлбэл жилийн инфляцын 7.5 хувийн 1.3 хувь нь зөвхөн махны үнийн өсөлтөөс шалтгаалсан гэвэл инфляцад үзүүлэх махны үнийн нөлөө өндөр гэсэн үг юм.
Махны үнийн өсөлт энэ хэвээр 5-6 сар хүртэл үргэлжилбэл даруй 20 хувиар нэмэгдэх эрсдэл байгааг Үндэсний статистикийн хорооны Үнийн хэлтсээс хийсэн 15 жилийн судалгааны дүн харуулж байна. Уг судалгаагаар жил бүрийн 1-6 сар хүртэлх хугацаанд махны үнэ өсөөд, долоон сараас буурч улмаар найман сард махны үнэ хамгийн доод цэгтээ хүрч унадаг байна. Эргээд арванхоёрдугаар сарын сүүлээс өсдөг дүр зураг ажиглагдаж байна. Өсөхдөө өмнөх сараас 0.2-0.9 хувиар өсдөг аж.
Тэгвэл өнөөдрийн тухайд одоо байгаа үнэ дээр нэмээд хоёрдугаар сард үхрийн мах 0.9 хувь, хонины мах 0.2 хувиар өсөхөөр байна. Өсөлтийн сарууд болох зургаадугаар сарын сүүл гэхэд сар бүрийн өсөлт явсаар 20 хувьд хүрэх магадлалтай байгаа юм. Тиймээс Засгийн газраас махны үнийн өсөлтийн хурдыг сааруулах зорилгоор Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны худалдааг 2026 оны нэгдүгээр сарын 20 буюу өчигдрөөс 450-500 цэгт нөөцийн махны худалдааг эхлүүлсэн. Нэг кг үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгөөр борлуулна. Нийслэлээс энэ жил 6000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн аж. Ингэснээр махны үнийн өсөлтийг сааруулна хэмээн Засгийн газраас байгуулагдсан Хүнсний бараа бүтээгдэхүүн болон тэр дундаа махны үнийн огцом өсөлтийг сааруулах Ажлын хэсгээс үзэж байгаа аж.
Мах бэлтгэлийн нөөц хангалттай ч нийлүүлэлтэд доголдол үүсчээ

2024 онд 13.5 сая толгой малыг мах болгож төхөөрч нийлүүлсэн бол 2025 оны тухайд энэ тоо 55 хувиар өсөж 20.9 сая толгой малыг төхөөрчээ. Тэгэхээр мах бэлтгэлийн нөөц өмнөх жилээс харьцангуй өсөлттэй байхад хомсдол үүсэх боломжгүй юм.
Аливаа бүтээгдэхүүний эрэлт буюу хомсдолоос шалтгаалж үнэ өсдөг. Тэгвэл махны эрэлт, нийлүүлэлт ямар байгааг анзаарвал хомсдол болох шалтгаан бага байна. Харин нийлүүлэлтийн сүлжээнд доголдол гарч зохиомол хомсдол үүссэн байх магадлалтай гэж мэргэжлийнхэн хэлж байна. Тухайлбал,малын хорогдол 2025 онд 0.9 хувь болж буурснаар зах зээлд нийлүүлсэн малын тоо өнгөрсөн оны эцэст 20.9 сая болж өссөн. Үүнээс дотоодын махны хэрэглээнд 498.5 мянган тонн мах нийлүүлэх нөөц, боломжтой гэсэн тооцоо гарчээ. Энэ дүнгээр бол дотоодын хэрэгцээний махны нийлүүлэлт өмнөх жилүүдээс өссөн байгаа юм. Тэгвэл малын хорогдол ихтэй, зудтай жилүүдэд тухайлбал, 2024 онд нийт малынхаа 14.5 хувийг алдсан бол 2025 онд маш бага буюу 0.6 хувийг л алдсан. Тэгвэл зах зээлд 2024 онд 13.5 сая толгой малыг мах болгож төхөөрч нийлүүлсэн бол 2025 оны тухайд энэ тоо 55 хувиар өсөж 20.9 сая толгой малыг төхөөрчээ. Тэгэхээр мах бэлтгэлийн нөөц өмнөх жилээс харьцангуй өсөлттэй байхад хомсдол үүсэх боломжгүй юм. Төрөөс жилийн жилд нөөцийн мах гаргаж үнийн өсөлтийг сааруулж буй гэдэг ч энэ нь бодит байдал нөлөөлөхгүй байгааг салбарынхан хэлж байна.
“Махны үнэ өслөө гэж хөөрөгдөхөө боль” гэв
Экспортод мах ихээр гаргасантай холбоотойгоор дотоодын махны нийлүүлэлт буурсан гэсэн бас нэг шалтгааныг иргэд ярьж байгаа юм. “Махны холбоо”-ны менежер И.Баттогтох ярихдаа “Махны үнийн өсөлт экспортоос шалтгаалаагүй. Экспортын тоон мэдээллээр 2024 онд 70.4 мянган тонн мах хилээр гарсан бол 2025 онд 90.4 мянган тонн болж бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ үхэр, хонины нэг кг ч мах хилээр гаргаагүй харин дан адуу болон, ямааны мах гарсан. Дотоодод нийлүүлэх махны нөөц 498.5 мянган тонн байгаа.Энэ жил нийт өрхийн 60 орчим хувь нь идэш бэлтгэсэн. 2-3 хоногийн өмнө “Хүчит шонхор” захад бөөний үхрийн махны үнэ 17 мянга, хонины мах 16 мянган төгрөгт хэлбэлзэж байна. Жил бүрийн Цагаан сарын баярын өмнө, өдийд махны үнэ угаасаа нэмэгддэг. Энэ нэмэгдэл нэгдүгээр сарын 10-аас хоёрдугаар сарын 20 хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Махны үнэ жил бүр бага, багаар нэмэгддэг. Үнэ нэмэгдэнэ гэж "сенсацлах"-аа боль.Засгийн газар жил бүр үнэ бууруулах зорилгоор Ажлын хэсэг байгуулдаг ч үр дүнгүй. Нөөцийн мах үнэ бууруулах хөтөлбөр биш. Энэ зорилтод бүлэгт зориулсан зах зээлийн хөшүүрэг. Үнийн өсөлт зудын нөлөө болон эдийн засгийн эргэлттэй холбоотой. Тиймээс үнийг зах зээлийн жамаар нь явуулах хэрэгтэй” гэсэн юм. Харин энэ нөөц яагаад зах зээл рүү нийлүүлэгдэхгүй байна вэ гэсэн хардлага төрүүлж байна.
"Малчдын зах" махны суурь үнийг өсгөх шалтгаан болсон уу?
Нэг талаас хөдөө орон нутгаас шатахууны хомсдолоос үүдэлтэй Улаанбаатар хот руу нийлүүлэгдэх махаа татаж чадахгүй байгаа нийлүүлэлтийн сүлжээнд гарсан доголдол махны үнийг нэмэгдүүлж байна гэж үзэж буй ч нөгөө талаас ченжүүд үнэ өсөхийг хүлээн зах зээл рүү нийлүүлэлт хийхгүй дарсаар байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна гэж Ажлын хэсгийнхэн үзэж байна. Тиймээс нөөцийн махыг худалдаанд гаргаж эхний арга хэмжээг аваад байгаа юм байна.
Түүнчлэн махны болон жижиглэнгийн бөөний болон лангууны худалдаачдаас энэ тухай торуулахад "Малчдын махны цэгүүдийг бий болгосонтой холбоотой" гэсэн тайлбарыг өгч байлаа. Тодруулбал, малчид хямдхан авах боломжтой байсан муу махны үнийг хөөрөгдөж өндрөөр худалдаалсан. Жишээлбэл, 10 мянган төгрөгөөр зарагдах байсан муу махыг сайн махтай холиод 14-15 мянга төгрөгөөр худалдаалсан. Ингэснээр малчдаас авах суурь үнэ ийнхүү өссөн нь дам нөлөөгөөр огцом өсөх нэг шалтгаан болсон гэсэн юм. Өөрөөр хэлбэл, малчид мах зарах цэгээсээ малаа сайн, муугаар нь ангилж үнэ тогтоогүйгээс үүдэлтэй аж. Мэдээж малчдын гар дээрээс өндөр үнэтэй авсан Дэнжийн мянгын жижиглэнгийн худалдаачин эцсийн хэрэглэгчдэд хүргэхийн тулд 2-5 мянган төгрөг нэмж зарах нь тодорхой. Энэ мэт нийлүүлэлтийн сүлжээний доголдол махны үнэ өсөхөд нөлөөлсөн гэх үндэслэл болжээ. Аймгуудын махны үнийн мэдээллийг анзаарвал нэгдүгээр сард махны үнийн өсөлт хамгийн дээд цэгтээ хүрдэг аж. Тухайлбал, Говь-Сүмбэр аймагт 2026 оны нэгдүгээр сарын 06-ны байдлаар үхрийн махны үнэ өмнөхөөс хамгийн өндөр 29 хувийн өсөлттэй байна.Түүнчлэн бусад Дархан-Уул, Төв зэрэг ихэнх аймгуудад 15-31 хувийн өсөлт үзүүлжээ. Тэгэхээр энэ үнийн өсөлт зөвхөн Улаанбаатарт явагдаагүй аймгуудад ажиглагдаж байна гэдэг нь нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүссэнтэй холбоотой гэв. Олон жилийн дунджаар сарын нөлөөнүүд нэмэгдсээр улсын дундаж үнэ 20 хувиар нэмэгдэх эрсдэл байгааг анхааруулсаар байна.
Нөөцийн мах үнийн өсөлтөд багаар нөлөөлнө
Хэдийгээр жилийн жилд нөөцийн мах гарснаар махны үнийн өсөлтийг сааруулна гэж үзэж буй ч хэдэн хувиар нөлөөлж буурах буюу тогтворжино гэсэн дагнасан судалгаа одоогоор алга. Гэхдээ өндөр өсөж буй хурдцыг бага зэргээр сааруулах ч үнийн өсөлтөд нөлөөлнө гэсэн зүй тогтол алга.
Учир нь нийлүүлэлтийн тасалдлаас үнийн өсөлт шалтгаалж буйг нотолсоор. Өнгөрсөн хугацааны нийлүүлэлтийн тасалдал шатахууны хомсдолоос үүдэлтэй. Ялангуяа хөдөө орон нутагт 10-11 саруудад шатахууны хомсдол үүсэж Улаанбаатар хот руу тээвэрлэлт түр саатсан. Үүнээс үүдэлтэй сарын дотор 6.3 хувь, долоо хоногт 2.3 хувийн өсөлт үзүүлсэн байх жишээтэй. Уг нь нөөцийн махыг хаврын тарчиг цагт нийлүүлдэг уламжлалтай. Гэвч энэ жилийн тухайд ийнхүү хугацаанаас өмнө зах зээл рүү гаргах болсон нь ийм шалтгаантай аж. Гэхдээ жил бүр нөөцийн мах бэлтгэх нь зөв үү гэсэн асуулт ч гарч ирж байна. Учир нь зах зээлийн жамаар нь орхиогүйгээс бодит үнэ тогтохгүй байна. Түүнчлэн нөөцийн махыг жилд хоёр удаа бэлтгэдэг. Нэг нь халуун намар тухайлбал, наймдугаар сард нөөцийн мах бэлтгэж эхэлдэг нь ч учир дутагдалтай. Махны үнийн хамгийн доод цэгт хүрч буй үед нь нөөцийн махыг хямдаар авдаг ч хадгалалт, агуулах зоорь нь чанарын шаардлага хангахгүйгээс хэрэглэгчдийн хэрэгцээг хангадаггүй. Мөн аравдугаар сард малын тарга, тэвээргэ буурсан үед малчид онд орохооргүй муу малаа төхөөрдөг учраас яг энэ үед компаниуд нөөцийн махаа бэлтгэдэг. Тиймээс нөөцийн махны чанар муугаас илүүдэл, хаягдал ихээр үүсдэг. Энэ нь үнийн өсөлтөд гал унтраах төдий зүйл болохоос биш алсуураа махны суурь үнэд нөлөөлдөггүй гэж иргэд ярьж байна. Харин үүний оронд нийлүүлэлтийн сүлжээний дэд бүтцээ боловсронгуй болгох шаардлагатай. Засгийн газраас аймаг, дүүрэг бүрд “Малчдын зах” гэж байгуулсан нь ч энэ нь оновчтой шийдэл биш. Харин ч эсрэгээрээ суурь үнэ өсөхөд нөлөөлсөн гэж үзэж байна.
Өрхийн гол төлөв хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээр бүрддэг хэрэглээний сагсан дахь 430 нэр төрлийн бараанаас хамгийн жин дардаг бүтээгдэхүүн бол хүнсний бүлгийн бараа бүтээгдэхүүн 26.7 хувийг эзэлдэг. Үүн дотор мах, махан бүтээгдэхүүн 8.5 хувийг 7.5 хувийг гурил болон гурилан бүтээгдэхүүн эзэлж байна. Жин өндөртэй бүтээгдэхүүний үнэ инфляцад өндрөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл нэг өрх хүнсэндээ сар тутамд 100 мянга төгрөг зориулдаг гэвэл үүнийхээ 26.7 төгрөгийг мах болон бусад хүнсэндээ хэрэглэж байна.
Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин







Зочин · 5 минутын өмнө
ANUSDAN AL SEKSDI BOOB LAW XXI BOOW DOLOON XUSNEER VANXANI SEXSYGEER80955877