Бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан 16 болон 32 настай эмэгтэйн хэргийн  шүүх хурал хоёр дахь өдрөө Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд  үргэлжиллээ. 

Шүүгчдийн зөвлөлдөөн дуусаж, хэргийн оролцогчдыг шүүх танхимд дуудаж, шүүхийн шийдвэрийг танилцуулав. 

20 настай Ц.Дагвадоржийг гэм буруутайд тооцож бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 8-9 шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байсан гэх. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олджээ. Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг.