"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр тог тасарсан байх үеэр "Томоотой бай" зэргээр дарамталж эрүү, цээжин тус газарт нь цохисны улмаас хүнд гэмтэж Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор эрүүндээ гурван хугаралтай эмчлүүлж буй аж. Тэгвэл эл хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гэв. 

Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ оны 01 дүгээр сарын 24-ний 00.10 цагт “Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Дээрх асуудалд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ “...Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон ба одоогоор цэргийн алба хаагч Ц нь эмнэлэгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч, хэвтэн эмчлүүлж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар эргэн мэдээлэх болно" хэмээн мэдэгдлээ.