А3 ангилал нь Засгийн газрын хоорондын хэлэлцээр, яам, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд олгодог визийн ангилал юм.

Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд уг ангиллаар виз, визийн зөвшөөрөл мэдүүлнэ.
К1 ангилал нь ажил хэргийн шугамаар түр ирэх гадаадын иргэнд олгох виз тул хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд энэхүү ангиллаар виз, визийн зөвшөөрөл мэдүүлэх боломжтой.

Шинээр нэвтэрсэн 10 хоногийн К1, А3 ангиллын визийг уригчгүйгээр хэрхэн мэдүүлэх вэ? 

  1. К1, А3 ангиллын 10 хоногийн визийг isf.mn сайтаар гадаадын иргэн өөрөө мэдүүлнэ.
  2. Гадаадын иргэн, харьяатын газрын цахим үйлчилгээний Isf.mn системд хандаж, нэвтрэх хэсгээс "Гадаадын иргэн нэвтрэх" хэсгийг сонгоно.
  3. Нэвтрэх төрлөөс “Өөрийн мэдээллээр нэвтрэх” хэсгийг сонгон үргэлжлүүлнэ. 
  4. Өөрийн паспортын мэдээлэл болон өөрийн ашиглаж буй цахим шуудангийн хаягийн мэдээллээ үнэн, зөв бөглөж, үргэлжлүүлнэ.
  5. Цахим системд нэвтрэх нэг удаагийн код таны бүртгэлтэй цахим хаяг руу илгээгдэх бөгөөд баталгаажуулах кодоо оруулснаар системд нэвтэрнэ.
  6. Цахим системд нэвтэрсний дараагаар “Үйлчилгээ” цэсийг сонгон К1/А3 визийн ангиллаас өөрт тохирох ангиллыг сонгоно. 
  7. Мэдүүлгийн хуудас дахь уригчийн бичиг баримт, уригч аж ахуйн нэгж, байгууллагаас авсан албан бичгээ хавсаргаад мэдүүлгээ бөглөж, хүсэлтээ илгээнэ. 

Виз олгогдсон тохиолдолд бүртгэлтэй цахим шуудангийн хаяг руу цахим виз  илгээгдэнэ

 

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар