Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн  угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Тодруулбал, угаарын хийд хордсон гэх дуудлага Сонгинохайрхан дүүрэгт 41, Чингэлтэй дүүрэгт 31, Сүхбаатар дүүрэгт 6, Хан-Уул дүүрэгт 19, Баянзүрх дүүрэгт 37, Баянгол дүүрэгт 12 бүртгэгдсэн бол алслагдсан дүүрэг болох Налайхад гурван тохиолдол тус тус бүртгэгджээ.

Мөн Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Орхон аймаг, Өмнөговь аймаг болон Төв аймагт угаарын хийн хордлогод 19 иргэн хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлэв. Угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 60 хувь нь 18-аас дээш насныхан, 40 хувь нь 17-оос доош насныхан байгаа юм.

 

 

Сошиалд зарим нэг иргэд утаа арилжээ гэж попорч буй бол нөгөө хэсэг нь амьсгалах агааргүй өмхий үнэртэй орчинд амьдарсан хэвээр байна гэх шүүмжлэлийг өрнүүлээд байна. Уг нь угаарын хийд иргэдийг хордохоос сэргийлж Нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг гэх. Гэвч иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байна. 

Угаарын хий мэдрэгчид 2025 оны төсөвт 6.5 тэрбум зарцуулахаар төсөвлөж үүнийгээ ч зарцуулсан. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин  “Бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд зунжингаа гэр хорооллын 110 гаруй мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчтэй холбосон.

Одоо 30 мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчтэй холбох ажлыг ид хийж байна. Нийслэлийн төсвийн тодотголыг баталж, нийт 6.5 төгрөгийг үлдсэн 45 мянган айлаа ухаалаг угаар мэдрэгчтэй болгохоор төсвөө баталлаа. Ингэснээр бид нүүрс түлж байгаа бүх айл өрхийг ухаалаг угаар мэдрэгчтэй болгож, нэгдсэн нэг системээр хянаж эхэлнэ. Замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанаар хянаж байгаа шиг үүнтэй адил нүүрс түлж байгаа 172 мянган айлын угаар мэдрэгчийг хянана. Угаарын мэдээлэл ирэнгүүт 5-7 минут дотор шуурхай хариу арга хэмжээний баг шууд очно гэсэн үг. Нийслэл дээр Шуурхай штаб дээрээ байгуулаад, хяналт тавьж ажиллана. Тэнд бүх арга хэмжээгээ хянана” хэмээн ярьсан удаатай.