Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн билээ. Тиймээс нөхцөл байдал ямар байгаа талаар зодуулсан цэргийн эгч Б.Нямдуламаас тордууллаа.

-Одоо таны дүүгийн биеийн байдал ямар байна вэ?

-Одоогийн байдлаар миний дүү Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн лхагва гарагт хагалгаанд орсон. Эмчилгээ бүрэн дуусаагүй учраас биеийн байдлынх нь талаар шууд мэдээлэл өгөх боломжгүй байгаа. Би одоо эмчтэй нь уулзах гээд хүлээж байна. Ерөнхийдөө манай гэр бүлийн зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагад яриа өгч, хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна. Үүнээс өөр зүйл бодогдохгүй юм.

Тиймээс биднийг зорьж ирсэн сайт, телевиз, сонин бүрд мэдээлэл өгөх боломж хомс байна. Одоо бидэнд хамгийн чухал зүйл бол дүүгийн маань эрүүл мэнд, эмчилгээ. Миний дүү аравдугаар сард Архангай аймгаас цэрэгт татагдсан. Спортлог, гэрийн хүмүүжил сайтай оюутан хүүхэд. Цаашдаа төрийн албанд ажиллах учраас сургуулиасаа жилийн чөлөө аваад цэрэгт яваад ирье гэж шийдээд, өөрийн хүсэлтээр явсан.

Гэтэл энэ ангид ирээд, эмнэлгийн орон дээр хэвтчихлээ шүү дээ. Ийм зүйл болно гэж төсөөлж ч байсангүй. Нэг л өдөр дүүгийн маань эрүүний яс хугарсан, хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай байгаа. Үүнээсээ болоод ярьж, хоол идэж ч чадахгүй байдалтай болчихсон гэх мэдээг хүлээж авсан. Миний дүүг зодсон цэрэг нь хал цэрэг байсан гэсэн. Тухайн үед камер шүүж юу болсныг хармаар байна гэхэд тог тасарсан гэх хариултыг манай ээжид өгсөн юм билээ. Миний дүү эрүүндээ гурван хугаралтай байсан. Одоо ч бид цэргийн ангийнханд гомдолтой байгаа. Саяхан дотоодын цэргийн ангид ийм асуудал гарч, удирдлагууд нь солигдсон ч өөрчлөлт гарсангүй шүү дээ. Асуудал дахин давтагдлаа. Дахин ийм асуудал гарахыг ч үгүйсгэхгүй. Үүнд эрх бүхий холбогдох газрууд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

-Таны дүүг зодох болсон шалтгаан нөхцөл нь тодорхой болсон уу?

-Одоогоор тодорхой зүйл байхгүй. Анх ЦЕГ-аас урьдчилсан байдлаар хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан гэж байсан шүү дээ. Би дүүгээ сахиж байгаа учраас нарийн зүйлсийн талаар сайн мэдэхгүй байна. Хэдхэн сарын өмнө эрүүл саруул байсан дүүгээ ийм байдалтай эмнэлгийн орон дээр байхыг харах үнэхээр хэцүү байна.

Энэ хэрэг баасан гарагийн шөнө болсон юм билээ. Харин бидэнд бямба гарагийн 12:00 цагийн үед мэдэгдсэн. Надад байгаа ерөнхий мэдээллээр дөрөвдүгээр сард татагдаж ирсэн түрүүч цолтой хал цэрэг нь үг хэлэлгүйгээр миний дүүг ухаан алдтал цохиод, эрүүг нь гурван удаа хугалсан гэсэн. Маш их гомдолтой байна. Эрүүл саруул байсан миний дүүг яасан гэж ингэж байгаа юм бэ. Бид гомдлоо барагдтал явна.

 

А.Даваадулам

ӨДРИЙН СОНИН