Улсын Мөрдөн Байцаах Газрын “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх” хэлтэст сонордуулах нэгэн баримт. Гудамжны эрүүгийн этгээдүүд битгий хэл Гаалийн хариуцлагатай албан хаагчид хүртэл гадаад иргэдийг хамраар нь газар хатгатал залилдаг болжээ.


Луйврын бүлэг хэрэг ингэж өрнөв. “Буянт-Ухаа” боомт дахь хилийн мал эмнэлгийн ахлах байцаагч Мижээхүү овогтой Сандуйжав, эхнэрийн хамт солонгос иргэнийг луйвардсан хэргийг хүргэж байна.

Гэхдээ М.Сандуйжав өөрийгөө тус гаалийн Хяналт Шалгалтын Албаны дарга гэж худал хэлж танилцжээ. 2011 оны 11 дүгээр сард жуулчлалын шугамаар орж ирсэн Пэг Үн Чанг урьдын танил И Хэй Шиг гэх нутаг нэгтнээрээ дамжуулан МХЕГ-ын хилийн эмнэлгийн хорио цээрийн улсын байцаагч Данзанлхагва овогтой Батболдтой танилцжээ.



Д.Батболд тэр хоёрын яриа тэгсхийгээд бизнесийн яриагаар өрнөв. Д.Батболд нь “Далайн амьтан, байцаа зэргийг Монголд оруулж ирэх цорын ганц эрхийг Чанг чамд олж өгч би чадна” хэмээн итгүүлжээ. Ийм үг сонссон солонгос эр битгий хэл хэн ч байсан баярлах байсан нь лавтай.

Д.Батболд цааш нь хэлэхдээ “Тийм учраас чи монголын гаалийн эрх мэдэлтэй хүмүүсийг Солонгост өөрийн зардлаар урьж, дотно танилцах,  сайхан амраах, мөн бизнесийнхээ нарийн ширийн асуудлыг ярилцах хэрэгтэй” гэж зөвлөжээ. Ингээд Чанг нутагтаа очиж сарын дараа гаалийн ажилтан М.Сандуйжав, бас эрэгтэй эмэгтэй 2 хүний хамт Солонгост жуулчлах урилга явуулжээ.

“Өөрийгөө мэргэжлийн хяналтын нөлөө бүхий эрхэм, мөн далайн амьтныг экспортлох эрхийг Чанг-д өгнө” гэж Д.Батболд итгүүлсэн болохоор солонгос эр монголоос ирсэн гурван хүнд чадах ядахаараа үйлчилж, зочид буудал, хоол унд, онгоцны зардал зэргийг хувиасаа гаргасан байдаг. Энэ үед Чангийн халааснаас 15 мянга орчим доллар гарсан баримт ч бий.

Сарын өмнө танилцсан Д.Батболдын сайн түнш гэх М.Сандуйжав мөн л өөрийгөө “Монголын гаалийн том дарга, чамайг яваандаа Монголд далайн байцаа зарах цорын ганц эрх мэдлийг олгож чадна. Тэр байтугай хил гаалийн асуудлаар санаа зовоод хэрэггүй, барааг чинь ногоон гэрлээр оруулж, татвараас чөлөөлж өгөх болно” гэж итгэл үнэмшил төрүүлэн, өөрийгөө Монголд нэлээд эрх мэдэлтэй том дарга хэмээн “жүжиглэв”.

Солонгос улсын гааль, мэргэжлийн хяналтын дарга нар өөрсдийн хуулийг ягштал биелүүлдэг, мөн хэлсэн үгэндээ хүрдэг тул мань эр тэдний ярьсан болгонд итгэсэн нь хожмоо том алдаа байсан аж. Тэд ярилцаж байхдаа монголчуудын дунд элэгний өвчлөл дэлхийд дээгүүрт ордог, тиймээс далайн байцааг Солонгосоос ахиухан ачуулах талаар тохирсон байна.

Үнэхээр далайн хатаасан байцааг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь элэгний өвчлөл, хорт хавдрыг саармагжуулдаг юмсанж. Бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө бизнес хийсэндээ Чанг ч баяртай байж, М.Сандуйжав, Д.Батболдын үгнээс хазайхыг хүссэнгүй.

Ер нь М.Сандуйжав өөрийгөө Чингис-Хаан нисэх онгоцны Гаалийн хяналт шалгалтын дарга учир, Улаанбаатарт хүнсний бараа бүтээгдэхүүнээ зарахад нь тусална, амархан борлуулж өгнө гэж амлажээ. Тиймээс М.Сандуйжавын эхнэр Д.Нансалнямын “Өгөөмөр Хужирт” компаний нэр дээр, эхний контейнер бараагаа итгэмжлэл үйлдэж ачуулахаар тохирсон байна.  



Уг нь Чанг-д монгол талаас далайн хүнсний бүтээгдэхүүнийг нь Улаанбаатарт зарж өгөх компаниуд байсан авч Батболд “Чи Сандуйжавын эхнэрийн компаниар бараагаа заруулбал илүү ашигтай. Барааг ч захын хүнсний дэлгүүрийн эзэнд өгөөд бэлэн мөнгийг нь авчих эрх мэдэлтэй” хэмээн ятгажээ.

Ингээд долоо хоног орчим тэдэнд үйлчилж, хамтран ажиллах болсон солонгос эр эхний ээлжинд ойролцоогоор 50 мянган долларын далайн байцаа, хатаасан жижиг загас, май загас, далайн бэлэн бүтээгдэхүүн зэргийг ном журмын дагуу Солонгосоос контейнерт ачуулж Монгол руу илгээв.

Ингэхдээ М.Сандуйжавын эхнэр Д.Нансалнямтай хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу “Өгөөмөр Хужирт” ХХК руу шилжүүлсэн байдаг. Эхний контейнер 2013 оны 01 сарын 16-нд буув. Тэр үед контейнерын зардал, татвар бусад зардлыг оруулаад Чанг хуулийн дагуу шударгаар 45 мянган доллар төлсөн аж.

Энэ үед М.Сандуйжав “Барааныхаа үнийг яах гэж үнэн зөвөөр бичиж байгаа юм. Тиймээс чи их мөнгө төллөө. Энд 5000 доллар төлж болох байсан. Би бүгдийг аргалах байсан юм” гэхэд солонгос эр “Наймаанд шударга хандах хэрэгтэй. Тэгвэл бурхан бидэнд илүү хандах болно” хэмээн амыг нь таглажээ.

Энд нэгэн зүйлийг онцлоход Д.Батболдын танилцуулсан М.Сандуйжав болон түүний эхнэр нь бараагаа зарж дуусаагүй байж Чантай ойр ойрхон утсаар ярьж, дахин контейнер явуулахыг гуйжээ. Уг нь бизнес хамтран хийж байгаа түншийн хувьд “Өгөөмөр Хужирт” компаний захирал Д.Нансалням далайн хүнсний бүтээгдэхүүнийг дор хаяж 70-80 хувь борлогдсоны дараа л дараагийн контейнер ачуулах байв.

Тэд ам нийлүүлэн “Бараа чинь сайн зарагдаж байгаа. Дараагийн контейнерыг ачуул. Тэгэхгүй бол хил гаалийн тариф, татвар хоёр дахин өсөх гээд байна” гэж солонгос түншийгээ “хошгоруулж” дөнгөв. Эхнээсээ л М.Сандуйжав, Д.Нансалням хоёрын залилангийн шинжтэй, зохион байгуулалттай том луйвар эхэлснийг гэнэн, итгэмтгий солонгос эр мэдсэнгүй.

Тэр зөвхөн хуулинд хүн бүр захирагддаг, тэгээд Гаалийн хяналт шалгалтын дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга яагаад ч намайг залилахгүй гэж бат итгэж байлаа. Харамсалтай нь Монгол, БНСУ шиг төрийн өндөр албан хаагчид нь хуулиа ягштал барьдаггүй гэдгийг Пэг Үн Чанг өнөөдөр л ойлгосон юм.

Үүний дараа 2013 оны 03 сарын 20-нд дараагийн контейнер далайн хүнсний бараа Монголд иржээ. Энэ үед М.Сандуйжав “Далайн байцаа, загас зэргийг зарахад ямар ч асуудалгүй. Би өөрөө гаалийн хяналт шалгалтын нөлөөтэй хүн, мөн мэргэжлийн хяналтын Батболд найз байгаа учир зарагдаагүй байсан ч гэсэн дэлгүүрүүдээс мөнгийг нь авчихна” гэж итгүүлсэн байгаа юм.

Сүүлчийн гурав дахь контейнер 2013 оны 04 сарын 10-нд монголд иржээ. Энэ бол Д.Батболдын найз М.Сандуйжав болон эхнэр Д.Нансалням нарын хүсэн хүлээсэн луйврынх нь сүүлчийн  “өгөөш” байлаа. Одоо тэдэнд Пэг Үн Чанг хэрэггүй, нэг муу хэрмэл тэнэмэл, хэл усгүй солонгос эрийг огт танихгүй гэж мурихад хэн тоох вэ.

Тэр муу солонгос эр Улаанбаатарт үсээ зулгааж орилж байгаад л буцна биз хэмээн хөх инээд нь хүрч суусан нь лавтай. 2013 оны 06 сараас эхлэн Чанг бараа зарагдсан эсэхийг асууж, мөнгөө авахаар Монголд иржээ. Гурван контейнер бараа явуулахын тулд Чанг нутаг нэгтнүүдээсээ мөнгө зээлж, үл хөдлөх хөрөнгөө хүртэл барьцаалсан байлаа.



Тиймээс Чанг М.Сандуйжавтай 2013 оны зун уулзаж мөнгөө нэхжээ. Анхны уулзалтаар М.Сандуйжав “Энэ жил наймаа жаахан тааруу байгаа, гэхдээ ямар ч байсан мөнгийг чинь өгнө” гэж гэнэн түншийнхээ сэтгэлийг түр зуур амраасан аж. Сарын дараа дахин Чанг монголд ирж М.Сандуйжавтай уулзахад тэрбээр “Чиний далайн байцаа чинь өндөр үнэтэй юм билээ. Тиймээс үнэ хөлсөө буулга” гэж зангаа хувиргаж эхлэв.

Чангийн хувьд гурван контейнер ачуулсан далайн байцаа, хүнсний бүтгээдэхүүнийхээ хөлс нь ойролцоогоор 150 мянган долларын өрөнд орж, бусдаас хүүтэй мөнгө зээлсэн тул хямдруулах боломж байсангүй. Тэгээд ч түүний барааны ханш Солонгост зардаг ханштай адилхан байж.

Харин бизнесийн түнш гэх М.Сандуйжав гадуур жижиглэнгээр барааг нь зарахдаа өөрөө дур мэдэн үнэ нэмсэн нь илэрчээ. Өнөөдрийг хүртэл Чанг монголд 10 гаруй удаа ирж М.Сандуйжаваас мөнгөө нэхсэн авч тэрбээр уурлаж “Чиний далайн байцааг авахгүй байна, ойр ойрхон битгий ирж ажил удаад бай” гэж солонгос түншдээ хатуурхаж эхлэв.

Дараа нь тэд ахин уулзахад “Дэлгүүрүүдэд барааг чинь тавьсан боловч зарагдахгүй байна” эсвэл “Дэлгүүрүүд барааг чинь зарчихаад мөнгийг нь өгөхгүй байна” гэх мэтээр аргацаасаар өдий хүрчээ.

Нэг удаа М.Сандуйжаваас Чанг мөнгөө нэхэж, өөрөө нутаг орондоо өр зээлэнд орж, байр сууцаа хүртэл банкинд хураалгасан тухай ярихад цаадах нь “Надад мөнгө байхгүй, чи шүүхээр яв. Шүүх, цагдаагаас би айдаг хүн биш. Надад шүүх, прокурор, цагдаагийн том дарга хүмүүс бий. Чамайг тэд солонгос хүн болохоор огт тоохгүй. Аминдаа хайртай бол монголоос зайл” хэмээн элдвээр доромжилж даналзжээ.

Эхнэр Д.Нансалням нь анх Чанг-тай гэрээ байгуулахдаа “Гэрээний 14 дүгээрт, энэхүү бүтээгдэхүүнийг бусдад шилжүүлж болохгүй” гэсэн заалтыг зөрчин, “Булган тээлийн хөндий” гэх компаний эзэн Ц.Цэрэнпүрэв гэгчид өгсөн гээд бас нэгэн гэрээ үзүүлжээ. Ц.Цэрэнпүрэв нь “Таны барааг бүгдийг нь би аваагүй, жаахан далайн байцаа л байгаа” гэдэг бол Д.Нансалням нь “Битгий манайхаар эргэлдээд бай. Чи тэр Цэрэнпүрэвтэй очиж учраа ол, зайл!” хэмээн хөөжээ.

Алдсан хүн арван тамтай гэдгээр хөөрхий Пэг Үн Чанг монголд нийтдээ 10 удаа ирэхдээ ойролцоогоор 30 мянга гаруй доллар зарцуулжээ. Гэвч тэрбээр нутаг орондоо очоод ч ажлаа хийх боломжгүй, орох оронгүй болж, найз нөхөд, хямдхан дэн буудлаар хоног өнгөрөөдөг болж. “Өттэй ямаа таргалдаггүй, өртэй хүн өөдөлдөггүй” гэдгээр Чанг-гийг Солонгос улсаас 3 удаа контейнер далайн хүнсний бүтээгдэхүүн гадаад руу ачуулсан боловч 1 вонны ч ашиг олж ирээгүй хэмээн зохих байгууллага шалгаж байгаа гэнэ.

Солонгос эрийн 150 000 долларын барааг луйвардсан “Буянт-Ухаа” боомт дахь Мал эмнэлэг хорио цээрийн улсын ахлах байцаагч М.Сандуйжав, түүний эхнэр Д.Нансалням нарыг монголын шударга хуулийн хяналтынхан шалгаж үнэн мөнийг нь олж, гэмгүй нэгэн эрийн хохирлыг барагдуулж өгнө гэдэгт гүнээ итгэж байна.