Сар шинийн өмнө Н.Тавинбэхийн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ
2 цагийн өмнө

Шүүхээс сар шинийн баярын өмнөхөн ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ.
Мөн түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийг 15 хоногоор сунгаж, шийдвэрлэсэн байна. Тэднийг хуулийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сарын 19-нд яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан байдаг.
Тодруулбал, одоогийн ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын "Эксим" банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Ингэхдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллараар нэмж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөн АТГ-ын мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монголын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон гэсэн юм.
Н.Тавинбэх нь 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан бөгөөд 2022 оноос Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Улмаар 2025 оны долдугаар сард “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан бол сүүлд 2025 оны арванхоёрдугаар сард “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг.







Зочин · 5 минутын өмнө
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus