Сэрэмжлүүлэг: Зарим голуудын мөсний зузаан 5 см-ээр нимгэрсэн байна
2 цагийн өмнө

Жилийн яг энэ үед иргэд зам товчлох нэрийдлээр мөсөн дээгүүр зорчиж улмаар амь насаа алдсан гэх харамсалтай тохиолдлууд Онцгой байдлын газарт бүртгэгддэг. Энэ он гарсаар гол нуурын мөс цөмөрсөн гэсэн арав гаруй дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгдэж улмаар зургаан иргэн амиа алдаад байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард мөсөнд цөмөрсний улмаас хоёр иргэн нас барсан бол өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-нд Буйр нууран дээгүүр зорчиж явсан машин мөсөнд цөмөрч зорчиж явсан зургаан иргэний дөрөв нь амиа алджээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуурт хар хил, цагаан хил үүссэн байгааг албаныхан хэлж байгаа юм. Цагаан хил нь нууран дээр мөс тогтоод овгор үүссэн байдаг бол хар хил нь мөс хагарч дундуур нь ус гүйсэн байдаг учраас төдийлөн харагддаггүй байна. Улмаар иргэд усанд осолдох эрсдэл өндөр байдаг аж. Тиймээс Онцгой байдлын газраас хэлж анхааруулсаар байтал иргэд хэнэггүй, хайхрамжгүй зангаасаа үүдэж амиа алдсаар байна. Хэдий гадаа цаг агаар хүйтэн байгаа ч гол нуурын мөс харилцан адилгүй байгаа бөгөөд машин зорчих хүртэл хэмжээнд байхгүй байгаа гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс мэдээлэв.
Тодруулбал, 2026 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Шишхэд голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 60-155 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Харин Эг голын мөсний зузаан Хатгал тосгон орчимд 5 см нимгэрсэн байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-25 см ахиу байгаа ажээ.
Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 6 см нэмэгдэж, 95-107 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Суман, Урдтамир голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см нэмэгдсэн бол Гичгэнэ, Чулуут зэрэг голуудын мөсний зузаан 5 см нимгэрч 40-130 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-15 см нимгэн, харин Хойттамир, Урдтамир, Идэр голууд 5-45 см ахиу мөсний зузаантай байна.
Өгий болон Тэрхийн Цагаан нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 2-6 см нэмэгдэж, 110-118 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Нууруудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулахад Өгий нуурын мөсний зузаан 5 см нимгэн, харин Тэрхийн Цагаан нуур 15 см ахиу байна.
Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос өөрчлөлтгүй байгаа бол Туул /Босгийн гүүр/, Хараа /Баруунхараа/ голууд өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 70-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-35 см ахиу, харин Туул голын адаг, Улиастай гол 5 см нимгэн байна.
Сэлэнгэ мөрөн, Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос өөрчлөлтгүй, 45-120 см зузаан мөсөн бүрхүүлтэй хэвээр байна. Орхон, Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-25 см ахиу, харин Сэлэнгэ мөрөн эх болон дунд, Орхон голын дунд хэсэгт 5-10 см нимгэн байна. Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан хэвээр байна.
Номхон далайн ай савын гол мөрөн, нуур
Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Барх, Балж, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт/ болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 100-135 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Харин Хурх, Хэрлэн, Улз зэрэг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Барх, Балж, Хэрлэн, Халх, Улз голуудын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-40 см ахиу, харин Хурх, Онон, Хэрлэн голын адгаар 10-30 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
Буйр, Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см нэмэгдэж, 100-115 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-30 см ахиу байна.
Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол мөрөн, нуур
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Булган, Буянт, Сагсай, Төгрөг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 55-165 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Харин Турган, Харбут, Чигэртэй, Үенч, Согоог голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Буянт, Чигэртэй, Үенч, Бодонч, Чонохарайх, Төгрөг, Долооннуур голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-30 см нимгэн, харин Ховд, Сагсай, Турган, Харбут, Булган, Дундцэнхэр голууд 5-50 см ахиу зузаантай байна.
Хар Ус нуурын мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос өөрчлөлтгүй, 75 см зузаан мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ба 2025 оны мөн үеийнхээс 5 см нимгэн байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Буянт, Завхан, Зүйл голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 80-135 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Богд, Хүнгүй, Хожуул, Шарга, Түйн, Заг, Шаргалзуут, Цагаантуруут зэрэг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна. Хангай нурууны өврийн голуудын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-80 см ахиу, харин Богд, Хүнгүй, Хожуул, Онги /Сайхан-Овоо/, Таац зэрэг голууд 10-20 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
Хар нуур, Ойгон, Бөөнцагаан, Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос өөрчлөлтгүй, 70-120 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон хэвээр байна. Нууруудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-15 см ахиу, харин Хар нуурын мөсний зузаан 15 см нимгэн байна.
Увс нуурын савын Чигж, Хариг, Баруунтуруун, Тэс зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 60-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол бусад голуудын мөсний зузаан төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-40 см нимгэн, харин Чигж, Хархираа голууд 10-15 см ахиу байна.
Хяргас, Увс нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 55-90 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхээс 20 см ахиу байна.
Хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан өөрчлөлт багатай байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна. Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй нимгэрч мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.






