А.Гантөгс: Иргэд нотариатын үнэ тарифын талаар сайн мэддэггүй учраас хэлсэн мөнгийг нь төлөөд л өнгөрч байна
2 цагийн өмнө

Хуульч А.Гантөгстэй нотариатын үйлчилгээний хөлс нь иргэдэд дарамт учруулж буй эсэх талаар ярилцлаа.
-Иргэд хувийн орон сууцаа худалдан борлуулахад нотариатын үйлчилгээний хөлс гэж дөрөв, тав орчим сая төгрөг төлдөг. Өөрөөр хэлбэл, үндсэн хөрөнгийн 10 хувийг нь авдаг гэх мэтчилэн нотариатын үйлчилгээний хөлс хэт өндөр хэмээн иргэд шүүмжилж байна. Яагаад нотариатын үйлчилгээний хөлс ийм өндөр байгаа юм бэ. Энэ нь бодит үнийн дүн мөн үү?
-Нотариатын тухай хуульд заасны дагуу Хууль зүй дотоод хэргийн сайд Монголын нотариатчдын танхимын саналыг үндэслэн үйлчилгээний хөлсийг тогтоодог. Үүний дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны тушаалаар баталсан нотариатын үйлчилгээний хөлсийг одоо бид мөрдөж байгаа шүү дээ. Гэхдээ зарим нотариатчин үйлчилгээнийхээ хөлсийг сайдын тушаалд заасны дагуу биш өөрийн хувийн үзэмжээр тогтоож авсан кейс нийгэмд багагүй гарах хандлагатай байна. Энэ нь Нотариатын тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалыг шууд зөрчиж буй үйлдэл гэж ойлгож болно. Үл хөдлөх хөрөнгө зарж борлуулахад үндсэн хөрөнгийн 10 хувийг авна гэдэг бол шударга бус шүү дээ
Тиймдээ ч манай улсад ийм хуулийн заалт байхгүй. Сайдын тушаалд ч ийм хэмжээний мөнгөн тариф огт бичигдээгүй. Жишээ нь, иргэн нэг тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан бол наториатчин 100 сая төгрөгийн шимтгэл авна гэсэн үг үү. Яагаад ч ийм зүйл байх боломжгүй. Угаасаа байж болохгүй асуудал. Харин Татварын тухай хуульд үл хөдлөх хөрөнгө зарж борлуулсан тохиолдолд төр хоёр хувийн татвар авна гэх заалт бий.
Түүнээс биш иргэн хүн өөрийн хувийн өмч хөрөнгөө зарж борлуулсныхаа төлөө 10 хувийг нь нотариатчинд өгнө гэдэг бол шударга ёсонд нийцэхгүй. Уг нь нотариатын үнэ тарифын мэдээлэл дээр ийм үйлчилгээ авсан бол тэдэн төгрөгийн хөлсийг нотариатчинд төлнө гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Мөн худалдагч, худалдан авагч хоёр тал хэдэн төгрөгөөр хөрөнгөө зарж борлуулах нь тэгш эрхийн үндсэн дээр гэрээний хүрээнд яригддаг асуудал. Хоёр тал хоорондоо ярьж, тохиролцсоны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийнхөө үнийг тогтоох ёстой. Харин нотариатчинд авсан үнээсээ доогуур үнээр зарж болохгүй гэх эрх ч байхгүй.
-Ер нь нотариатын үүрэг юу вэ?
-Нотариатын чиг үүрэг бол зөвхөн үнэн зөвийг гэрчлэх шүү дээ. Хэрэв дээрх шиг ийм кейс, тохиолдол хавтгайрвал албан бусаар, татвар шимтгэл авч буйгаас ялгаагүй зүйл болно. Үнэн зөвийг гэрчилснийхээ төлөө сайдын тушаалаар баталсан хөлсөө авах л тогтолцоотой. Түүнээс биш үл хөдлөх хөрөнгө зарж борлуулахад нотариатчин тэдэн төгрөг, тэдэн хувийг нь авна гэж дураараа авирлаж, зоргоороо аашлах эрх байхгүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Дээр хэлсэнчлэн Нотариатын тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалыг зөрчсөн гэсэн үг. Хамгийн түрүүнд нотариатчины үйл ажиллагааны зөрчил гэдэг утгаараа Монголын нотариатчидын танхимд гомдол гаргана.
Энэ асуудлыг шалгах, авч хэлэлцэх буюу тухайн зөрчилтэй холбоотой мэргэжлийн хороо нь гэсэн үг. Сайдын тушаалаар үйлчилгээний үнэ, тарифыг батлахдаа заавал судалгаа хийдэг. Хавсралтын хоёрдугаар хэсэг дээр гэхэд улсын бүртгэлийн гэрчилгээ батлахад 2500, баримт бичгийн хуулбар гэрчлэхэд нүүр тутам 1000 төгрөг гэх жишээтэй. Энэхүү үнийн дүнг тогтоохдоо дээр хэлсэнчлэн судалгаан дээр үндэслэж, иргэдийн амьдралын шаардлагад нийцүүлдэг. Түүнээс биш тэдэн хувь, тэдэн сая төгрөг авна гэх агуулга байхгүй. Үл хөдлөх хөрөнгө зарах бүрд 10 хувийг нь аваад байвал иргэд орон сууцаа зарахаа болино шүү дээ. Тиймээс иргэд ч гэсэн нотариатын үнийн талаарх мэдээлэлтэй танилцах хэрэгтэй. Тэгж байж зарим дур зоргоороо, өөрийн үзэмжээр үнийн дүн тогтоодог нотариатчидын дээрх үйлдлээс урьдчилан сэргийлж чадна. Олон улсад аливаа зүйлийг гэрчилж, батлахдаа зөвхөн хуулийн дагуу тогтоосон хөлсөө авдаг зохицуулалттай. Улс орон бүрийн онцлогоос хамаараад тариф бүр өөр байдаг.
-Иргэдийн хувьд ийм байдлаар хохирч буй нь нэг талдаа хуулийн мэдлэг сул байгаатай холбоотой юу?
-Иргэдийн хувьд төдийлөн нотариатын үнэ тарифын талаар сайн мэддэггүй шүү дээ. Тиймдээ ч тэдэн төгрөг гэж хэлэхээр нь шууд төлөөд өнгөрч байна. Тухайн үедээ эсвэл дараа нь нэлээд өндөр мөнгөн дүн юм шиг санагдсан ч нотариатчиндаа найддаг байх жишээтэй. “Хуулийн хүн юм чинь худал ярихгүй байх”, “Угаасаа ийм л үнийн дүнтэй байх” гэх мэт автомат бодолтой явдаг юм шиг санагдсан. Мэдээж, иргэд тэр бүр сайдын тушаалын хавсралтыг хараад, үнэ тарифын талаарх мэдээлэлтэй танилцах нь ховор.
Гэвч учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд аль болох хуулийн мэдлэг, мэдээллээ сайжруулж байх ёстой. Нотариатч, эсвэл өөр мэргэжлийн хэн нэгэн хүнд найдахаасаа илүү өөрөө шалгадаг, нягталдаг, уншдаг, судалдаг байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Тухайн мэргэжлийн хүн байлаа гээд таныг хуурч мэхлэхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ.
А.Даваадулам







Зочин · 1 цагийн өмнө
URN SHINEGENE AMSX TOMSGN XELEERE GUN GOEOOR DOOLJ80955877SADARLI
Зочин · 1 цагийн өмнө
SAWI BIEE UNELELN SXN XALYYTSSN ANXANDAAD BOOB XXI BOOW DOLOOX80955877