Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш өнгөрсөн сараас Улаанбаатар-Бээжин-Тяньжин маршрутаар гүйлтээ эхлүүлсэн билээ.

Тэрбээр 34 өдрийн бүтэн марафоноор нийт 1,418 км замыг туулж БНХАУ-ын Тяньжин хотод гүйлтээ өндөрлүүлсэн байна.

Өчигдөр эх орондоо ирсэн Б.Цэвээндаш "Бүтэн марафон 34 өдөр гүйж, замаа дуусгалаа. Сайн үйлсийн аянд зориулж өвөл, хаврыг дамжсан гүйлт маань энэ хүрээд өндөрлөж байна. Энэ гүйлтэд маань их олон хүн тусалж дэмжсэн. Хамтарч ажилласан БНХАУ-ын түншүүд маань маш сайхан хүлээж авлаа. 

Хаалтын ёслолын үеэр БНХАУ-ын талаас Дэлхийн Эрүүл Мэндийн Элч гэдэг хүндтэй шагналыг олгосон. Мөн тус улсын Эдийн Засаг, Статистикийн Судалгааны Хүрээлэнгээс "Нэг бүс - Нэг зам, хайр ба сайн үйлсийн элч"-ээр шагналаа.

Гүйлтээр дамжуулж эрүүл зөв амьдрах, байгаль эх дэлхийгээ хайрлах соёлыг цаашид ч түгээнэ. Энэ гүйлт маань маш олон хүнд урам өгсөн болов уу.

Хэлсэн амандаа хүрч гүйлтээ яг гүйцээсэн. Гүйлтийн хугацаанд ямар нэг бэрхшээл тохиолдсонгүй. Монголын нутгаар Замын-Үүд хүртэл 661 километр, Эрээнээс Бээжин хот хүртэл 757 километр замыг гүйж дуусгалаа. Намайг дэмжсэн монголчууддаа баярлалаа. Энэхүү гүйлтийнхээ талаар баримтат кино хийж, ном бичих сонирхолтой байгаа.

Дасгал хөдөлгөөн хийхээс залхуу хүрээд байвал өөрийгөө ташуурдаж босгоод алхаж, гүйж байгаарай. Архи, тамхиа хаяж Баасан гарагийг биеийн тамир спортоор хичээллэдэг өдөр болгоорой залуусаа.

Гүйнэ гэдэг бясалгал. Ажил чинь бүтэхгүй, стресстээд байвал гараад гүйгээрэй" гэв.

Б.Цэвээндаш нь дэлхийн дээвэр болох Эверест оргилд өмнөд, хойд замаар авирсан цөөхөн монгол уулчдын нэг юм. Тэрбээр 2012 онд Балбын талаас авирч байсан бол дөрвөн жилийн дараа Хятадын талаас оргил руу мацсан түүхтэй.  

Тодруулбал 2016 оны тавдугаар сарын 21-нд Төвдийн талаас Эверестийн оргилд гарснаар өмнөд, хойд замаар авирсан хоёр дахь монгол уулчин болж байв. Түүнээс өмнө Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ийм амжилт үзүүлж байсан юм.