Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, "Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заасан.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хуулийн төслийг 2025 оны 11 дүгээр сард ХЗДХЯ-наас УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн. ГБХНХЯ-наас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төсөл боловсруулснаа өнөөдөр олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ.

Гэр бүлийн хөгжлийг дараах чиглэлээр дэмжихээр тус хуулийн төсөлд тусгасан. Үүнд:

  • Орон сууцны дэмжлэг (7 дугаар зүйл) - Анх удаа ипотекийн зээл авч буй залуу гэр бүл болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд Үндэсний баялгийн сангийн дэмжлэгийг тэргүүн ээлжинд үзүүлнэ.
  • Орон сууцны дэмжлэг (7 дугаар зүйл) - Хуримтлалын нэрийн дансны үлдэгдэл орон сууцны төлбөрийн 5 хувьд хүрсэн бол урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргана.
  • Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт (8 дугаар зүйл) - 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэрлэгчдийн аль нэгний, эсвэл 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогыг татвараас бүрэн чөлөөлнө.
  • Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт (8 дугаар зүйл) - 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл орон сууцаа томруулах зорилгоор хуучин байраа борлуулбал төлсөн татварыг нь нэг удаа буцаан олгоно.
  • Ажил, амьдралын тэнцвэрийг хангах (9 дүгээр зүйл) - Сургуулийн өмнөх болон бага боловсролын хүүхэдтэй ажилтны ажлын цагийг цалинг нь хасахгүйгээр 2 хүртэлх цагаар богиносгож болно.
  • Ажил, амьдралын тэнцвэрийг хангах (9 дүгээр зүйл) - Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүн асарч буй ажилтан жилд 3 сар хүртэлх хугацаанд долоо хоногийн 1 өдөр гэрээсээ ажиллах боломж бүрдэнэ.

Хууль батлагдсанаар хүн амын өсөлт нэмэгдэж, гэр бүлийн тогтвортой байдал дээшилж, гэр бүлийн амьдралын чанар сайжрах, нийгэмд гэр бүлд ээлтэй орчин бүрдэхэ​​​​​​​д ихээхэн ахиц гарна гэж хууль боловсруулагчид үзэж байна.

Дашрамд дурдахад, Манай улс 2024 оны жилийн эцсийн байдлаар 997.0 мянган өрхтэй, үүнээс 691,305 хот суурин газарт, 305,718 нь хөдөө амьдарч байна. 2023 оны байдлаар өрх толгойлсон ганц бие эцэг, эх – 66,813 байгаагаас 11,950 нь өрх толгойлсон ганц бие эцэг байна. 2019 оноос эхлэн гэрлэлтийн тоо тасралтгүй буурч байгаа хэдий ч гэр бүл цуцлалтын тоо төдийлөн буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2019 онд 4,262 байсан гэр бүл цуцлалтын тоо 2024 онд 4,463 болж, 5 хувиар нэмэгдсэн байна.