Ц.Идэрбат: Сүүлийн нэг сард Монгол Улсаас 2,100 тонн мах гадагшаа экспортод гарсан
13 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хаврын тариалалтын талаар мэдээлэл өгчээ.
2026 онд улсын хэмжээнд:
- 372.7 мянга га-д үр тариа,
- 16 мянган га-д төмс,
- 18.3 мянган га-д хүнсний ногоо,
- 121.9 мянган га-д малын тэжээл,
- 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байгаа аж.
Хаврын тариалалт энэ сарын 12-ны байдлаар 42.1 мянган га-д үр тариа, 1.1 мянган га-д төмс, 833 га-д хүнсний ногоо, 460 га-д тосны ургамал, нийт 44.6 мянган га-д тариалаад байна.
Мөн “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийг эх үүсвэрийг шийдсэн.
Одоогоор 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкнууд судалж байна.
Засгийн газрын хуралдааны дараа сайд Ц.Идэрбат махны үнийн талаарх сэтгүүлчдийн асуултад "Төв суурин газрын махны асуудлыг тухайн орон нутгийн удирдлага хариуцна. Нийслэлийн хувьд долоо хоногийн өмнө авсан мэдээллээр 1,600 орчим тонн мах нөөцийн агуулахаас түгээгдэж байгаа.
Сарын өмнө 380 гаруй цэгээр түгээж байсан бол одоо 630 гаруй цэг болгон өргөтгөсөн. Одоогоор байгаа нөөцийн махны 600 орчим тонн нь хониных, 1,100 тонн нь үхрийн мах.
Сүүлийн нэг сард Монгол Улсаас 2,100 тонн мах гадагшаа экспортод гарсан байна. Тодруулбал 870 тонн нь адууны мах, 1,100 орчим тонн нь намар дулааны аргаар боловсруулсан мах байна. Узбекистан руу 40 тонн хонины мах гаргасан. Хаврын үнийн өсөлтөд экспорт нөлөөлж байна гэж хэлэх хэцүү.
Цаашид төв суурин газрын Засаг дарга нь иргэдийн хэрэгцээний махны асуудалдаа ахиц дэвшил гаргах ёстой. Нийслэлчүүдийн энэ хаврын хэрэгцээнд 5,000 тонн бэлдсэн бол ирэх хавар үүнээс ахиу бэлдэхээр одооноос ярилцаж, ажиллаж эхэлсэн" гэлээ.






