УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дотор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг цуцлах тухай асуудал багтжээ.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар “Хэдүүлээ жаахан ичиж амьдаръя. НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж болохгүй. Бид 2025 оны 11 дүгээр сарын 14-нд буюу зургаан сарын өмнө энэ хуулийг баталсан. Яах гэж баталсан билээ. Хэчнээн хэлэлцүүлэг болсон билээ.

Мөнгөний ханш унасан, мөнгөний хатуу бодлого барьж буй энэ үед иргэд, бизнес эрхлэгчдийн гар дээр бэлэн мөнгөгүй болчихлоо. Багахан ч гэсэн мөнгө НӨАТ-аас үлдээе гэсэн шүү дээ. Та нар 10 гаруй жил мөнгөний буруу бодлого явуулснаас өнөөдөр мөнгөний ханш унасан. НӨАТ-аар иргэдээ жаахан мөнгөжүүлье гэсэн чинь одоо энэ хуулиа бүр байхгүй болгох гэж байна. Ийм хачин, эргүү парламент гэж юу байдаг юм бэ. Дөнгөж зургаан сарын өмнө шийдвэр гаргачхаад өнөөдөр ийм зүйл яриад сууж байх гэж.

Нөгөө талдаа үүнийг бид чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллахдаа иргэдэд ярьсан шүү дээ. Та нар 500 мянган төгрөгийн худалдан авалт хийх бүрд 50,000 нь танд үлдэнэ гэсэн” хэмээв.