Нэгэн Орос ардын үлгэр байдаг. Анд нөхрийгөө хаяад баавгайнаас зугтаан модруу авирдаг нөхрийн тухай. Газар үлдсэн найзыг нь баавгай яагаачгүй харин үнэрлэж байгаад явж оддог бөгөөд дараа нь найз нь "Баавгай чамайг яагаад идсэнгүй вэ?" гэхэд "Муу найзыг харж ав! Чамайг хаяад зугтаалаа шүү дээ!" гэж баавгай хэлээд явлаа хэмээдэг билээ. Дээр үеийн хүүхдүүд энэ үлгэрийг маш сайн мэдэх учиртай.

Анд нөхөр гэдэг бол ойн цоорхойд ч, тулааны талбарт ч, дайсны ар талд ч, улс төрийн халуун тогоонд ч нэг нэгэндээ нэмэр болж явах учиртай юм.

АТГ-аас шөнө дөлөөр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг баривчлан хэд хэдэн хүний хамт хорьсон сураг дуулдлаа. Саяхан хөлний чөмөгний яс солиулах томоохон хагалгаанд орж хэдэн сар гипсэн хөлтэй явсан тэрээр ийнхүү хэцүү нэртийн хаалга татлаа.

Түүнийг нүүрсний мөнгө идсэн байж болзошгүй хэмээн буруутгаж байгаа бөгөөд энд хамгийн чухал нь шүүхээр гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмтэн, гэм буруутан мэтээр хэлж ярьж болохгүй! Хэлмэгдэл гэвэл үүнийг л хэлнэ.

Энэ байдал мэдээж Ерөнхий сайдад томоохон цохилт болж байгаа нь мэдээж юм. Н.Алтанхуягийн ажил төрлийнх нь хувьд сайлаад байх юм байхгүй. Монголын түүхэн дэх хамгийн муу үнэлгээ авч байгаа Ерөнхий сайд болж байгаа боловуу.

Түүний өмнө байсан Ерөнхий сайдуудаас хэн ч хүргэний авилгал, охины авилгалын хэрэг гээч юманд хутгалдаж байгаагүй юм. Гэтэл Н.Алтанхуяг бүсэлхийгээ хүртэл намагт суучихсан байгаа шиг нэрмүүлж байна. Ядаж байхад эдийн засгийн байдал маш хүнд байдалд орж, удахгүй улс орон цалин тэтгэвэрээ тавьж чадах уу үгүй юу гэдэг дээрээ тулж хамгийн эцсийн найдвар нь Хятадын Ерөнхийлөгчийн айлчлал ч байх магадлалтай байна.

Гэвч энэ их дарамтын хажуугаар Л.Гансүхийг өмөөрч дуугарлаа. Аймхай бөгөөд "төрт ёсны уламжлал болбоос" хэмээн ихэрхэж суудаг хурган дарга сайд нараа бодвол андаа гэх сэтгэлтэй сайн муу алин ч байсан нөхрөө хаяхгүй, матахгүй, мурихгүй хуйхтай эр гэдгээ харуулчих шиг боллоо.

Хэрэг хэрхэн шийдэгдэх нь Н.Алтанхуягаас олон талаар хамаарах бөгөөд одоо түүний нүүх ээлж ирлээ.