УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу 50 сая төгрөгийн босгыг 400 сая болгох төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор байнгын хорооны зарим гишүүд 400 саяын босгыг унагасан. Унагасан энэ саналыг таны хувьд босгож, улмаар чуулганы хуралдаанаар батлууллаа. Энэ босгыг нэмэгдүүлэхийн ач холбогдол нь юу байв?

-Засгийн газраас УИХ-д өргөн барьж буй болон батлагдсан хуулиуд, түүний дотор Татварын ерөнхий хууль, Тэтгэврийн хууль, Хамтын тэтгэвэр гэхчлэн олон хуулийн төслийг хэлэлцүүлж, заримыг нь батлууллаа. Хэдий хожуу ч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хэрэгтэй хуулиуд батлагдаж байгаа нь зөв юм. Тэдгээрийн нэг нь НӨАТ-ын тухай хууль. Тухайн татвар төлөгчийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс доош бол НӨАТ-ын тайлан гаргахгүй, 10 хувийн татвар төлдөггүй байсан. Үүнийг “400 сая төгрөгөөс доош бол” гэсэн зохицуулалтаар өөрчиллөө. Энэ бол жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж. Яагаад гэвэл тэд НӨАТ төлөгч биш болж, НӨАТ-ын дарамтаас ангижирч, татварын дарамт нь багасч, бизнес нь эрүүлжиж эхэлнэ гэсэн үг. Гэвч таны асуусан шиг Засгийн газрын томъёолол болох 50 сая төгрөгийн босгыг 400 сая төгрөг болгохоор оруулж ирсэн энэхүү саналыг татварын ажлын хэсэг босгогүй болгохоор оруулж ирснийг Төсвийн байнгын хороон дээр дэмжээгүй. Ийнхүү босгын хэмжээг нэмэгдүүлэх санал Төсвийн байнгын хороон дээр дэмжигдсэн боловч ажлын хэсгийн ахлагч Чуулганы нэгдсэн хуралдаан дээр гүйцээн боловсруулахаар татаад уг саналыг Төсвийн байнгын хороон дээр “унагаасан”. Тиймээс ТБХ-ны бидний хэдэн гишүүд тухайн цаг мөчид Хэвлэлийн бага хурал хийж НӨАТ төлөгчийн 400 сая төгрөгийн босгыг дахин сэргээх асуудлыг хөндсөн. Улмаар өнгөрсөн долоо хоногт Чуулганы хуралдаанаар уг санал маань дэмжигдэж батлагдлаа.

-Дээрх хуулийн өөрчлөлт бол нийгмийн хүлээлтэд байсан бодит үр дүн нь шууд мэдрэгдэхүйц чухал өөрчлөлт болсон. Эдийн засагч хүний хувиар үүн дээр хатуу байр суурьтай байж чадсанд баяртай байна. Хувь гишүүний хувиар өөр ямар чухал асуудалд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа талаар яриагаа үргэлжлүүлье.

- Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод ажилладгийн хувьд энэ чиглэлийн хууль тогтоолууд, ялангуяа Бизнесийн эрх чөлөөний тухай хууль буюу Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль гэх мэт эдийн засгийн суурь асуудлуудыг шийдэх олон чухал хуулийн төсөл дээр ажиллаж байна. Түүнээс гадна Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль зэрэгт ач холбогдол өгч санал шүүмжээ хуваалцаж байна. Энэ бүгдээс гадна улстөрчид ч шийдье гэж зорьдоггүй, олон нийт ч төдийлэн анзаардаггүй хог хаягдлын тухай асуудлыг тодорхой хэмжээнд шийдэхийг зорьж Хог хаягдлын хуулийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ тухай олон тоо ярьж болох ч хамгийн гол нь Монгол Улс нийт хог хаягдлынхаа 97 хувийг газарт булж байгаа нь сэтгэл өвтгөм байгаа биз. Иймд хог хаягдлыг булшлах биш дахин ашиглах нөөц болгох, тойрог эдийн засгийн тогтолцоонд шилжихээр Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг холбогдох байнгын хороо болон УИХ-аар батлуулж чадсан. Өөрөөр хэлбэл, дахин боловсруулсан түүхий эдийн агууламж өндөртөй бүтээгдэхүүнд бага хураамж ногдуулах, харин дахин боловсруулах боломжгүй, олон давхаргат, байгальд сөрөг нөлөөтөй бүтээгдэхүүнд илүү өндөр хураамж ногдуулах зохицуулалтыг үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын эрх зүйн орчны хүрээнд бий болгож, үйлдвэрлэгчдийг илүү тогтвортой, байгальд ээлтэй бүтээгдэхүүний дизайн руу шилжих, санхүү төлбөрийн ил тод, шударга байх зарчмыг бий болгох зэрэг зах зээлийн эдийн засгийн хүчтэй хөшүүрэг бүхий тогтоол батлагдсан гэсэн үг.

-Дээр дурдаад өнгөрсөн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хамт хоёр маш чухал хуулийн төсөл яригдаж байгаа. Энэ нь нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын тухай хууль, хоёрдугаарт, Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хуулийн төсөл юм. Шадар сайд Т. Доржхандын хариуцаж байгаа ажлын хүрээнд хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл орж ирсэн. Хөрөнгө оруулалт татах нь тун чухлыг, ялангуяа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг анхаарах нь цаг тулгамдсан асуудал болохыг бид олон жил ярьсан. Монголд өнөөдөр ядуурлын түвшин 27.8 хувь буюу гурван хүн тутмын нэг нь бага орлоготой амьдарч байна. Гадаад ч бай, дотоод ч бай хөрөнгө оруулалт ихэссэнээр ажлын байр нэмэгдэж, улмаар зөвхөн компаниудын бус татвар төлөгчдийн тоо нэмэгдэнэ. Ийнхүү төсвийн орлого тогтвортой өсөх нь улсын эдийн засагт чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого сайн бүрдэх тусам дэд бүтцээ сайжруулах, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж улам бүр өснө. Мөн татварын ачааллыг бууруулах нөхцөл ч бүрдэнэ. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийн чухал суурь хөшүүрэг юм.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлд манай төр, засаг нэлээн сул ажилладаг гэж шүүмжилдэг шүү дээ...?

-Өнөөдөр дэлхийд бүх л улсууд хөрөнгө оруулалт татахын төлөө өрсөлдөж байна. Монгол Улс ч мөн өрсөлдөх чадвараа сайжруулах шаардлагатай. Гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн ихээр хөндөгдөж буй асуудал бол гомдол, маргаан шийдвэрлэх тогтолцооны чанар, хурд юм. Олон улсын байгууллагуудын судалгаагаар Монгол Улс хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдвэрлэх тогтолцооны үзүүлэлтээр 184 орноос 109 дүгээр байрт, шүүхээр маргаан шийдвэрлэх үзүүлэлтээр 72 дугаарт, өмчийн эрхийн баталгаа хангагдсан эсэх талаар 94 дүгээрт, бүх шатны зөвшөөрөл шаарддаг эсэх талаар 115 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн байна. Мөн бизнес эхлүүлэх хугацаа, хүнд суртал зэрэг үзүүлэлтээр ч харьцангуй доогуур үнэлгээтэй байгаа нь бидэнд шийдвэрлэх шаардлагатай асуудал цөөнгүй байгааг харуулж байгаа юм. Иймээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэд хэдэн суурь асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын маргааныг зөвхөн дотоодын арбитраар бус олон улсын арбитраар шийдвэрлүүлэх боломжийг нээж өгнө. Мөн Монгол Улсад тав болон түүнээс дээш жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд хөрөнгө оруулалтын хэмжээнээс нь хамааран татварын тогтвортой, таатай орчныг бүрдүүлэхээр тусгаж байна. Үүнээс гадна хөрөнгө оруулалтыг баталгаажуулсан гэрээ байгуулж, хөрөнгө оруулагчдыг төрийн гэнэтийн шийдвэрээс үүдэлтэй эрсдэлээс хамгаалах эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай. Ингэснээр хөрөнгө оруулагчид урт хугацаанд итгэлтэйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм. Мөн Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хуульд оруулах өөрчлөлтөөр хүнд суртал, авлигын эрсдэлийг бууруулахад анхаарч байгаа. Одоогийн байдлаар 233 төрлийн тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгодог болохоор төлөвлөж байгаа нь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, шат дамжлагыг багасгана гэж харж байна.

-Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалттай хэчнээн аж ахуйн нэгж байдаг юм бол? Үүний эдийн засгийн үр өгөөж нь ямар байдаг вэ?

- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээс ирүүлж буй гомдлын дийлэнх нь уул уурхай, эрчим хүч, худалдааны салбарт төвлөрч байна. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуультай зэрэгцэн Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа юм. Нийтдээ 99 орчим дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай дөрвөн мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний улсын төсөвт төвлөрүүлж буй татварын хэмжээ 4.2 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт манай улсын эдийн засаг, төсвийн орлогод ямар чухал үүрэгтэйг харуулж байгаа юм. Том зургаараа Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, холбогдох Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хувьд ил тод, нээлттэй байдал, гэрээ хэлцэл, хуулийн хэрэгжилт, авлигаас ангид байх, төсвийн тэлэлт болон бизнесийг зах зээлээс шахах үзэгдлийг хязгаарлах, санхүү, худалдаа, хөдөлмөрийн зах зээлийн оновчтой зохицуулалт чухал.

-Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар Тамхины тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор гишүүд тал талын байр суурьтай байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

- Миний хувьд анхны ажлын хэсэгт орж, судалгаа тооцолол, шинжилгээтэй ажилласан. Тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхийг мөн зохицуулж хүүхэд, өсвөр үеийнхнийг энэ төрлийн тамхины хэрэглээнээс хамгаалах явдал юм. Өнөөдөр зөвхөн өсвөр насныхан төдийгүй 10 орчим настай хүүхдүүд хүртэл электрон тамхийг хэрэглэж үзэж байгаа нь анхаарал татаж байна. Судалгаа, статистикаас харахад дөрвөн хөвгүүд тутмын нэг, таван охид тутмын нэг нь хэрэглэж, татаж үзсэн гэж байгаа нь түгшүүр төрүүлэх хэмжээнд хүрсэн байна. Энэ асуудлыг хөндөхөд нөгөө талд “янжуур тамхинаас хор багатай” гэсэн байр суурь ч илэрхийлж буй нь харагддаг. Аливаа хор, донтолтыг энэ нь илүү хортой, нөгөө нь арай бага гэх зэргээр ангилах нь хорыг зөвшөөрч буй мэт хэрэг болно. Сүүлийн үед олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний судалгаанууд электрон тамхины сөрөг нөлөөллийг улам тодорхой ярьж, тоо статистикаар баталгаажуулж байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ анхаарч буй энэ асуудлыг бид 2024 онд Чуулган нээгдэнгүүт ярьж эхэлсэн. Электрон тамхины бүтэц, хэрэглээний хэлбэр өөрөө олон нийтэд төдийлөн ойлгомжтой биш, маш олон янз, шингэнтэй, шингэнгүй орж ирдэг, бохь, давирхай, мансууруулах бодис ч хийх боломжтой гэх мэт асуудлууд их хөндөгддөг. Энэ бүхнийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран нэлээд судалсан.

-Судалгаа нэлээн хийсэн нь тодорхой байх. Гол нь уг хуулийн өөрчлөлтөөр ямар зохицуулалтыг тусгаад байгаа юм бэ?

-Олон хэлэлцүүлгийн үр дүнд электрон тамхинд ногдуулах зохицуулалт, татварын тогтолцоог уламжлалт янжуур тамхины зохицуулалттай уялдуулах нь зөв гэж үзсэн. Гэхдээ татварыг огцом нэмэх бус, 2030 он хүртэл үе шаттай нэмэгдүүлэх замаар тодорхой татварын орчин бүрдүүлэх буюу үндсэндээ электрон тамхины хэрэглээг зохицуулах, зөвшөөрлийн тогтолцоонд оруулах, үнэр, амтыг хориглох, лангуун дээр хүүхдийн нүдэнд өртөхөөргүй байрлуулах зэрэг хүүхэд өсвөр үеийнхнийг хамгаалах зорилготой арга хэмжээ юм. Тиймээс зарим мэдээлэлд гарч байгаа шиг асуудлыг мушгин тайлбарлах шаардлагагүй. Өнөөдөр олон улс манайхаас илүү хатуу, дэвшилтэт зохицуулалтуудыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Харин Монгол Улс энэ чиглэлээр хоцрогдсон зохицуулалтаа нөхөж, олон улсын жишиг рүү ойртуулахыг хичээж байгаа гэж ойлгож болно. Миний хувьд хүүхэд, залуучуудын эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр хэт нэг талын ашиг сонирхлоор хандах нь зохимжгүй гэж үздэг.

-Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуульд орж буй өөрчлөлтүүдийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл бол таны нас дээр гараад авах ирээдүйн “цалин” юм. Төрд төлж буй НДШ-ээс гадна хувийн сайн дурын тэтгэврийн санг урамшуулах, зохицуулах хууль эрх зүйн орчин бий болгохоор зорьж буй нь зөв. Гэхдээ сайтар нухацтай анхаарах зүйлс байна. Ажлын хэсэг маш сайн тооцоолох хэрэгтэй. Энэ удаагийн хэлэлцүүлгээс харахад тэтгэврийн тогтолцоог илүү олон эх үүсвэртэй, иргэдийн хуримтлалыг бодитоор нэмэгдүүлэх чиглэлд шинэ санал санаачилгууд орсон байна. Тэтгэврийн тогтолцоог баталгаат тэтгэвэр, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн гурван төрөлт байхаар төсөлд туссан байна. Баталгаат тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлж, ахмадуудын амьжиргааны доод түвшинг төр хариуцах шинэ зохицуулалт орж ирсэн. Миний зүгээс тэтгэврийн хуримтлалыг зөвхөн арилжааны банкаар хязгаарлахгүйгээр хөрөнгө оруулалтын сан зэрэг өөр хувилбаруудад байршуулах боломжийг бий болгох, иргэдийн нэрийн дансанд төвлөрөх хуримтлалын тогтолцоог хөгжүүлэх, зайлшгүй төлөх шимтгэлийн хувийг бууруулах зэрэг саналууд дэвшүүлсэн. Иргэдийн ирээдүйн санхүүгийн баталгааг нэмэгдүүлэх, тэтгэврийн тогтолцоог илүү тогтвортой болгох, иргэд өөрсдөө сайн дурын хуримтлал үүсгэх боломж бүрдэх зэрэгт чиглэж байгаа учраас бодит ажил хэрэг болж чадвал үр өгөөжийг иргэд хүртэнэ хэмээн харж байна. Мөн нөгөө талдаа хувийн тэтгэврийн сангууд бий болвол санхүүгийн зах зээлээр дамжуулан үндэсний компаниудад хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэх юм.

-Хог хаягдлын тухай асуудлаар идэвхтэй байр суурь илэрхийлж, санаачилж батлуулсан УИХ-ын тогтоолын тухай тодруулаач?

Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын сэдэв Монгол улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна. 2024 оны байдлаар Монгол Улсад 2.7 сая тонн хог хаягдал байгаа нь таван жилийн өмнөхөөс 35 хувиар өссөн. Гэтэл өсөн нэмэгдэж байгаа хог хаягдлын боловсруулалт хангалтгүй, нийт хог хаягдлын 97 хувийг газарт булж байгаа нь хайран бөгөөд хөрсний, агаарын, усны бохирдлыг үүсгэж буй. УБ хотын төвлөрсөн гурван хогийн цэгийн талбай сүүлийн 10 жилд 3-5 дахин нэмэгдсэн. Сум, дүүргийн ИТХ хог хаягдал ачиж тээвэрлэх компанийг сонгон гэрээлдэг, тариф тогтоодог нь хог хаягдлын зүй зохистой менежмент хийхэд саад тотгор болж байна. Мөн үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын эрх зүйн орчныг шинэчлэх замаар байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, дахин боловсруулах үйл ажиллагаанд хувийн хэвшлийг оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

- Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна?

Монгол улсад уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, салбарын үйл ажиллагаа эрчимжихийн хирээр 2006 онд батлагдсан Ашигт, малтмалын тухай хуулиар зохицуулахад хүндрэл учирч байгаа тул Засгийн газраас өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулиар эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын талаарх бодлогыг тодорхойлох, орон нутгийн оролцоог оновчтой болгох, нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх, баяжуулах үйлдвэрийн зохицуулалтыг тодорхой болгох, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн баталгаа, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулах, ашигт малтмалын нөөцийн албан татварыг өөрчлөх зэрэг олон чухал асуудлыг хөндөн оруулж ирсэнийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Гэхдээ жишиг үнийн асуудал, зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ-ын асуудал маргаантай хэвээр байгаа нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг зарим талаар сулруулж байна.

- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг хэлэлцэж байна?

Монгол Улсад эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцох бодлогыг баримталдаг хэдий ч зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим зарим талаараа алдагдаж, төрийн болон орон нутгийн өмчийг удирдах ялгаа зааг, ашиглуулах, шилжүүлэх журам тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогыг уялдуулах нэрийн дор төрийн өмчит компанийн бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж оролцох, төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага олон улсад тогтсон шаардлагаас доогуур байна. Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл, захирлын томилгоог улс төржсөн байдлаар хийж байгаа нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг мэргэжлийн бус болгож, компанийн сайн засаглалын тогтолцоо бүрдэх нөхцөлийг хааж байна. Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйд үүсч болох эерэг, сөрөг үр дагаврын талаарх үндэслэл бүхий тооцоо, судалгаагүйгээр төрийн болон орон нутгийн өмчит компанийг үүсгэн байгуулж, хувийн хэвшилтэй өрсөлдөж, зах зээлд оролцох нь нэмэгдэж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжихэд сөргөөр нөлөөлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн оролцоог хуулиар хязгаарласан ч төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниуд хувийн хэвшил дангаар гүйцэтгэж болох ажлыг хийж байгааг хуулийн хүрээнд өөрчлөх зайлшгүй шаардлага байна.

УИХ-дахь Хүн намын зөвлөл Туул голын хурдны замын төсөлд анхнаас нь шүүмжлэлтэй хандаж, саяхан болсон нийслэлээс хэрэгжүүлж буй төслүүдийн хяналтын ерөнхий сонсголд идэвхтэй оролцож байсан талаар?

Нийслэлийн хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг агуулгын хувьд эсэргүүцээгүй ч төсөл хэрэгжүүлэхдээ олон улсад нийтээр мөрддөг процессын дагуу судалгаатай, тооцоотой, зөв төлөвлөлттөй асуудалд хандах ёстой. Туул хурдны замын хувьд УБ хотын автозамын түгжрэлийг 30% бууруулна гэж судалгаа дутуу, эдийн засгийн үндэслэл бүрэн биш, байгаль орчинд сөрөг нөлөөтөй, өндөр өртөгтөй төслийг яаран хэрэгжүүлэх нь буруу гэж анхнаас нь шүүмжилсэн. Саяхан болж өнгөрсөн нийслэлийн хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн сонсгол дээр нийслэлийн төсвийн 2025 оны алдагдал нь 2.4 их наяд төгрөг болж, улсын төсвийн алдагдлаас даруй 1.7 дахин их болсон нь төсвийн сахилга бат алдагдсан, төсвийн тогттортой байдал, ил тод байдал үгүйлэгдсэн анхаарал татам асуудал болж байна. Нийслэл төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн оролцоог хангалгүй, харин орон нутгийн өмчит компани байгуулж, хэрэгжүүлж байгаа нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлсээр байна. Томоохон төслийг хэрэгжүүлэхэд судалгаатай, нарийн тооцоо үндэслэлтэй, хөндлөнгийн, мэргэжлийн байгууллагын оролцоог хангаж, зөв процессоор асуудалд зарчимтай хандах ёстой.

Хаврын чуулган өндөрлөхөөс өмнө таны санаачлан боловсруулж буй усны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

Усны тухай хууль нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохицуулах зорилгоор 2012 онд УИХ-аар батлагдсан. Уг хуулийн 22.2.1 дэх заалтад “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн онцгой хамгаалалтын бүсэд бүх төрлийн барилга байгууламж барих, газар хагалахыг хориглосон. Гэтэл 2025 оны 7-р сарын 9-ны өдөр батлагдсан Усны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга онцгой хамгаалалттай бүсэд барихын зөвшөөрсөн. Тиймээс дээрх өөрчлөлтийг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлан боловсруулж байна. Уг төсөл батлагдсанаар өнөө болон ирээдүй цагийн иргэдэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулж, усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх зэрэг онцлог экосистемийг тусгай хамгаалалтад авч, унаган байгалийг хамгаална.

-Хаврын чуулган удахгүй өндөрлөх гэж байна. Анхны 126 гишүүнтэй парламент өнгөрсөн хугацаанд ямар түвшин ажилласан гэж харж байна?

- Миний хувьд парламентын бүрэн эрхийн эхний хоёр жилийн үр дүнд шүүмжлэлтэй хандаж байр сууриа илэрхийлж байсан. Парламентын гол үүрэг бол хууль санаачлах, хууль тогтоол батлахаас гадна мөн хууль, эрх зүйн актын хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны бодит гүйцэтгэлд хяналт тавих явдал. Энэ утгаараа хэлж байгаа шүүмжлэл, санал маань парламентын хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн гэсэн үг. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ард иргэдэд үйлчлэх үүрэгтэй бол УИХ дахь бусад улс төрийн хүчний үүрэг нь хяналт тавих, алдаа дутагдлыг нь засах, анзаарагдаагүй асуудлыг нь сануулах байдаг. Энэ зарчмын хүрээнд аливаа асуудалд ханддаг.

 

Э.МӨНХТҮВШИН

ӨДРИЙН СОНИН