Ам.долларын ханш өсч буй энэ үетэй холбогдуулан өчигдөр монголбанкнаас хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Гэрлийн хурдаар өсч байгаа долларыг тогтворжуулж, инфляцийн өсөлтийг сулрах болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа гэдгээ төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлсэн юм.  Бодлогын хүүг чангатгаснаар инфляцийг зорилтот төвшинд барих, долларын ханшийг 1800 төгрөг дээр чангаах бодолтой суугаа гэв.

Инфляцийн зорилтот төвшин гэдэг нь нэг оронтой тоонд барих төлөвлөгөө.  Тэр  ийм зорилготой байгаагаа өнгөрсөн оны сүүлээр ч мөн адил ярьж байсан билээ. Мөнгөний бодлогодоо ч инфляцийг нэг оронтой тоонд барина гээд суулгачихсан байгаа.  Харамсалтай  нь, жилийн эхний хагаст төв банкныхны төсөөлж байснаас өндөр үзүүлэлттэй гарсан инфляцийн инерцийг төсөв мөнгөний хатуу бодлогоор сулруулна гэдэг хатуу бололтой.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдээгүй, экспортын эрдэс баялгийн үнэ ханш өсөөгүй нөхцөлд хүндхэн даваа гэдгийг ч онцлов.

Төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бодлогын хүүгээ нэмсэн Монголбанкны Мөнгөний зөвлөлийн шийдвэрт ажил олгогч, бизнес эрхлэгчид дургүйцсэн. Долларын нэмэгдэх хүчийг сааруулахаар  мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх нь бизнесийн орчинг сулруулж, жижиг дунд үйлдвэрүүдэд том цохилт болох нь дамжиггүй.

Инфляци оны эцсээр нэг оронтой тоонд буух биш харин ч гурван оронтой тоонд халтирах аюултай гэдгийг эдийн засагчид анхааруулж байгаа. Зээл олголт хумигдвал үйлдэрлэл багасна, үйлдвэрлэл багасахаар хомсдол үүсч, мөн үнэ нэмэгдэнэ.

Долларын ханшийг Ерөнхий сайд нь 1384 төгрөгт барина гэсэн ч биелэлээ олоогүй харин 1800 төгрөгт байлгана гэх төв банкны Ерөнхийлөгчийн амлалт хэр үр дүнтэй зөв шийдэл бол гэдгийг харах л үлдлээ. 

Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш монголбанкнаас зарласан ханш 1870 төгрөг байна. Харин арилжааны банкуудад 1877-1882 төгрөгтэй тэнцлээ. Үүнээс харахад түүний өгсөн амлалт хэр хэрэгжих бол гэдэг нь бүрхэг. Юутай ч бэрд биш болохоор амлаад нэг хонож байна. Харж л сууя даа.

Х.Даваа