Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Шилийн богд” адал явдалт спорт дугуйн клубынхэн Монгол-Буриадын нутгаар 4000 км тойрох “Найрамдал-2014” аяллаа  2014 оны 6-р сарын 1-нд  эхлүүлсэн билээ. Тэд аяллын явцдаа Улаанбаатарт буудаллаж, 2014 оны 6 сарын 7-ны амралтын өдрөөр зохион байгуулагдсан “Унадаг дугуйн парад”-нд оролцсон бөгөөд  “Шилийн богд” клубын гишүүдийг МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат болон унадаг дугуйг дэмжигч байгууллагууд хүлээн авч уулзан цаашид үргэлжлэх аялалд нь үдэж өгч  байсныг уншигч та санаж байгаа байх. Тэгвэл  “Шилийн богд”  клубынхэн замын саад бэрхшээлийг үл ажран 4420 км зам туулан энэ сарын 4-ний өдөр амжилттай бариандаа орсон байна. Бас нэгэн баяртай мэдээ дуулгахад унадаг дугуйн спортыг олон нийт, хүүхэд залууст сурталчлан таниулах,  энэхүү спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа эдгээр залуусыг Монголын Залуучуудын Холбооны хүндэт шагнал болох “Тамирчны алдар”  цол тэмдгээр шагнахаар болсон байна. Ингээд аяллаа амжилттай өндөрлөсөн “Шилийн богд” адал явдалт дугуйн клубын зөвлөлийн гишүүн , Сүхбаатар тохижилт үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын орлогч дарга Н.Гантөмөртэй утсаар холбогдож цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө аяллаа амжилттай өндөрлөсөнд тань баяр хүргэе. Аяллын тань сонин сайхнаас хуваалцвал?

-Манай  “Шилийн богд”  клубынхэн 5 гишүүний бүрэлдэхүүнтэй Сүхбаатар аймгаас 2014 оны  6 сарын 1-нд гараад  Баруун-Урт, Хэнтий, Улаанбаатар хот, Эрдэнэт, Дархан, Булган,Мөрөн, Хатгал, Ханх, Монды, Рашаант, Култук, Байкальск, Улан-Удэ, Итгэлт Хамба,Чита, Агинское, Эрээн цав, Хэрлэн,ХАвирга, Чингис, Чойбалсан гэсэн маршрутын дагуу   65 хоног 4420 км зам туулан амжилттай аялаад ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан нийт байгууллага хамт олон, хувь хүмүүс найз нөхөддөө  талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэгтэйгээр бид маш амжилттай аяллаа.

-Унадаг дугуйгаар энэ урт замыг туулна гэдэг амаргүй  байх. Замд хүндрэл бэрхшээлтэй  зүйл хэр  тохиолдож байсан бэ?

-Хүндрэл бэрхшээл гайгүй ээ. Мэдээж олон хоног урт зам туулах явцад байгаль цаг уурын бэрхшээл, дугуйн хигээс хугарах, дугуй хагарах гэх мэт  асуудал байлгүй  л яахав. Хөвсгөлийн зүүн талаар 10 том даваа байдаг юм билээ. Тэр даваануудыг давахад жаахан хүнд байсан. Шавар намаг ихтэй, гэхдээ бид нарыг аялж явах үеэр бороо багатай байсан болохоор харьцангуй гайгүй. Бороо ихтэй  бол их л удах юм билээ.

-Эрүүл мэндийн хувьд асуудал гарч байв уу?

Агаарын даралт, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалж даралт хэлбэлзэх тохиолдол  гарч байсан. Гэхдээ энэ нь биед зовиургүй болохоор бидэнд хүндрэл учруулсангүй.

-Дараа дараагийн аялалд анхаарууштай зүйл юу байв?

-Судалгаа л маш их хэрэгтэй юм байна. Маршрутаа сайн гаргаж, төлөвлөгөө боловсруулах шаардлагатай юм билээ.

-Замд таарсан хүмүүс болон нутгийн иргэд та бүхнийг хэрхэн хүлээн авч байв?

-Оросууд маш сайхан хүлээн авч байлаа. Бид нарыг хүүхэд байхад Монголд цэргийн алба хаасан орос цэргүүд гэж байдаг байлаа. Одоо тэр хүмүүс 50 гараад нас тогтчихсон, амьдрал нь боломжийн болчихсон бид нарыг их сайхан хүлээж авч байсан. Ер нь замд таарсан хүмүүс бид нарыг “Хятад уу?” гэж их асууж байсан. Тэгээд Монгол гэхээр их сайхнаар хүлээн авч, зарим нэг нь гарын бэлэг хүртэл өгч байлаа. Бид  буцахдаа Дорнодын Эрээн цаваар дайрсан. Одоо бол Чулуун хороот гэдэг нэртэй болсон байна лээ. Алдарт яруу найрагч Д.Нямсүрэнгийн  гэргий н.Хандмаа бид нарыг маш сайхан хүлээн авсан. Мөн Д.Нямсүрэн найрагчийн гэр музейгээр нь зочилсон. Ер нь таарсан хүн бүр их хүндэтгэлтэй хандаж байсан. Тэгээд танай сайтаар дамжуулан бидний энэ аяллыг дэмжин хамтарч ажилласан бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

-Монголын Залуучуудын Холбооноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэн залуучуудаа унадаг дугуйн спортоор хичээллэн, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриалсаар байгаа. Эдгээр ажлуудын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-“Унадаг дугуйтай Улаанбаатар”  төслийн хүрээнд  нийгмийн сайн  сайханд чиглэсэн,  үр дүнд хүрсэн олон ажлуудыг хийж байгаад энэ спортоор хичээллэдэг хүний хувьд ч тэр, иргэн хүнийнхээ хувьд ч гэсэн их баяртай байгаа.   “Унадаг дугуйтай Улаанбаатар”-аар  нийслэлчүүд төдийгүй хөдөө орон нутаг  хүртэл давалгаалж байна. Сүүлийн үед  залуус  эрүүл мэндийнхээ төлөө, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн тулд  унадаг дугуй унахыг илүүд үздэг болсон нь харагдаад байгаа.

-Манай улсын хувьд унадаг дугуйн замгүй учраас  дугуй унахад асуудал их гардаг. Таны аялсан газрууд энэ  асуудлыг хэрхэн шийдсэн байх юм?

Бидэнд Оросуудаас сурах зүйл их байна. Тэд зам тавихдаа үндсэн стандартаас хэдэн см илүү тавьжээ. Тэгээд машин давж болохгүй гэсэн гэсэн цагаан шугам татчихсан. Энэ нь хэн хэндээ саад болохгүй их амар бөгөөд бидний аялалд ч их тустай байлаа. Мөн жолооч нар нь явган зорчигч, унадаг дугуйтай хүмүүсээ маш их хүндэлдэг. 2-3 метрийн зайтай ойртох л юм бол машинууд яг дороо зогсчихдог юм билээ. Энэ нь маш сайхан санагдсан. Тэгэхээр манай Монголын хувьд унадаг дугуйн зам тавьж өгөх хэрэгтэй байгаа юм л даа. Дээрээс нь жолооч нар маань замын хөдөлгөөнд соёлтой оролцож явган зорчигчид, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож буй иргэдээ жаахан ч гэсэн хүндлэх ухамсартай байх хэрэгтэй байна.