Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны 07 дугаар сарын 21-24-нд Япон улсад хийсэн айлчлалын дүнг  Засгийн газар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.

Японы Ерөнхий сайд Ш.Абэ-тай хийсэн хэлэлцээний үеэр талууд хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэнтэй холбогдуулан Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагаа зөвхөн хоёр орны зах зээлээр хязгаарлагдах бус хоёр хөрш, бүс нутгийн зах зээл рүү чиглэгдэх учиртай гэдэгт санал нэгдэж, цаашид хамтарсан судалгаа хийх, хамтран үйлдвэрлэх, олон улсын зах зээлд хамтран борлуулах боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтсон байна. 

Япон улстай EPA байгуулснаар зөвхөн хоёр орны чөлөөт худалдаа, мөн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлээд зогсохгүй Японы Ази, Номхон далайн орнуудтай байгуулсан эдийн засгийн хэлхээ холбоо, аж үйлдвэрийн сүлжээнд нэгдэх боломжийг нээж  байгаагаараа энэ айчлал онцлог боллоо гэжээ.