“ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүнг ам.долларын ханшийн өсөлт харуулчихлаа. Тиймээс олон нийт болон улстөрийн намууд, сөрөг хүчний зүгээс Шинэчлэлийн засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж эхлээд байна.

УИХ-д суудалгүй намуудын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “БНХАУ-ын дарга Си Жин Пинийн айлчлалын өмнө Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Н.Алтанхуягийн Засгийн газар хоёр хөрштэйгээ ашигтай хэлэлцээр хийх чадваргүй” хэмээн үзэв. Ардчилсан нам дотор ч энэ Засгийн газрыг огцруулах саналтай хүн нэлээдгүй байна. Нийгмийн энэ эсэргүүцэл, улс төрийн үйл явдал Засгийн газрын зарим нэгэн гишүүдийг ихэд бухимдуулж буй бололтой. Өчигдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагаараа бухимдлаа тайлжээ. Түүнчлэн сөрөг хүчин рүүгээ дайрч давшилж, эдийн засаг эрчимжээгүй, улам бүр уналтанд орсоны бурууг тэдэн рүү чихсэн байх юм.

 

Үнэндээ Ардчилсан нам эрх барьж, Засгийн газар байгуулан ажилласан ч ард түмний сэтгэлд нийцтэл ажиллаж чадаагүй. Гэхдээ тэд ажиллаж чадахгүй байгаагийнхаа бурууг урьд нь эрх барьж байсан МАН-руу чихэх болсон. Өөрсдийн алдааг олж харахгүй бусдын “толгой дээрх өвс”-ийг олж хараад, буруу болгоныг бусад руу чихэж байгаа тэдэнд олон хүний “урам нь хугарч” эхлээд байгаа.

 

С.Эрдэнэ сайд “Сөрөг хүчний намууд эрх баригчдыг гоочлох, шүүмжлэх болж өгвөл огцруулах зорилготой байдаг шүү дээ. Ялангуяа, Монголын улс төрийн намуудын гол зорилго нь тэр. Сайн байсан ч муулна.Муу байсан ч муулна. Болж өгвөл огцруулна гэнэ. МАН-ыг эрх барихад муулдаг л байсан. АН-ын эрх барихаар муулж л байна. Ийм  процесс явж байна. Үүнийг гайхаад байх юм алга. Харин нэг зүйлд инээд хүрээд байх юм.

 

Юу гэхээр МАН-ынхан “2016 оны ялалт манай талд болчихлоо” гээд хэт их баярлаж хөөрч байгаа юм шиг байна. Тэдэнд ганцхан зүйлийг хэлмээр байгаа юм. Бадарчин баярлах болоогүй ээ. Битгий хөөрч баярла. Та нарын хийсэн балаг, тарьсан гай уршиг арилаагүй байгаа шүү. 

Өнөөдөр энхийн цагаан тагтаа байсан юм шиг асуудалд хандахаа боль. Харин эрх баригч нартай тарьсан балгааарилгахын төлөө хамтарч ажиллавал улс оронд хэрэгтэй. Ирээдүйд нь хэрэгтэй.

 

Эдийн засгийн хямрал, валютын савалгааны эх үүсвэрийг МАН засаг барьж байх үедээ л хийсэн биз дээ. “Эрдэнэт”-ийн борлогдоогүй зэсийн мөнгийг аваад нийгэмд тараачихсан. “Эрдэнэс-Тавантолгой”-н борлогдоогүй байсан нүүрсний мөнгийг хүртэл урьдчилж аваад тараачихсан. 

 

Яриад байвал түмэн юм байна. Миний хувьд энэ яамыг хүлээж аваад хамгийн түрүүнд 21 мянган төгрөгөө дутуу авсан иргэдийн мөнгийг нөхөж олгосон. Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгоогүй байсан 300 гаруй мянган төгрөгийг ч гэсэн нөхөж олгосон.

Үүнээс л ажлаа эхэлсэн. Би шинэ ажил эхлээгүй л байхгүй юу. Ажил авангуутаа түрүүчийн Засгийн газрын дутуу хийсэн ажлыг гүйцээж, тавьсан өрийг нь дарахаас эхэлсэн шүү дээ. Хэрэв шинэ өнцгөөс ажлаа эхэлсэн бол илүү ихийг хийх байлаа.

Өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жилийн ойтойгоо золгож байна. Энэ сарын 17-нд ойн өдөр болно. Хоёр жил гэдэг ямар хугацаа билээ. 80-90 жил гэдэг ямар хугацаа вэ. Улс орныг 90 жил удирдсан нам аль нь билээ. 

МАН-ынханд бүтээсэн нь ч бий, нураасан нь ч бий. Шинэчлэлийн Засгийн газарт ч гэсэн ялгаагүй. Хамгийн гол нь Шинэчлэлийн Засгийн газар өөрчилж шинэчилж болдог юм байна гэдгийг улс оронд харуулж чадсан нь хамгийн том амжилт юм” хэмээн өөрсдийгөө магтан дөвийлгөж, бусдын хийсэн ажлыг элт үгүйсгэсэн байх юм.  Ямартай ч Засгийн газар огцрох сургаар суудлаасаа салах дургүй зарим нэгэн нөхөд дуугарч, бусдыг буруутгаж, өөрсдийгөө зөвтгөх гэж ядсан нь өрөвдөлтэй.

Ч.Амундарь