Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт банкны их хэмжээний мөнгө ачиж явсан машин шатсан хэрэг гарчээ. Тус аймгийн Дархан сумаас зүүн хойш 13 км зайд “Гөвгийн зоо” гэдэг газар энэ хэрэг гарсан байна.

Хэрлэн сумаас Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдын “Төрийн банк”-ны зузаатгал хүргэж явсан, 36 настай, эрэгтэй М гэх жолоочтой автомашинд гал гарч, Бор-Өндөр сумын Төрийн банкинд аваачих байсан тавилга, цахилгаан үүсгүүр, 100 сая төгрөг шатсан байна.

Галын дуудлага мэдээлэл уржигдар өглөөний  07:50 минутын орчимд Хэнтий аймгийн цагдаагийн газарт ирсэн бөгөөд юунаас болж гал гарсан болохыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус машинд нэлээд их,тодруулбал 160 сая төгрөг байсан бөгөөд Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдын зузаатгалын мөнгийг олгоод, цаашаа Бор-Өндөр суманд олгох 100 сая төгрөгтэй явж байхдаа шатсан бололтой.

Энэхүү мөнгө нь тус орон нутгийн иргэдийн цалин мөнгө, өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэгт зарцуулагдах мөнгө байсан аж. Орон нутгийн иргэдийн мэдээлж буйгаар сарын дундуур иргэдэд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нь олгодог юм байна.

Шатсан машинд жолоочоос гадна “Төрийн банк”-ны ажилтан, хянагч нарын дөрвөн эрэгтэй хүн явсан бөгөөд ачиж явсан ачааны дээрээ өнөөх 100 сая төгрөгөө дараад ачсан байсан гэжээ. Улмаар замдаа дөрвүүлээ нийлэн архидаж, машиныхааа цонхоор татсан тамхиныхаа ишийг хаясан нь машин дээр ачсан байсан ачаатай гал авалцахад хүрсэн гэнэ. Тэднийг банкны мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хардлага ч байгаа юм. Ямартаа ч эх сурвалжийн мэдээлж буйгаар 100 сая төгрөг бүгдээрээ шатаж дууссан хэмээлээ.