2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1844.51 төгрөгийн хаалтын ханшаар  15.5 сая ам.доллар, 300.72 төгрөгийн хаалтын ханшаар 108.6 сая юань тус тус худалдсан байна.  

2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 60 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлсэн ажээ. 

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. 

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. 

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг юм байна.