Намынхаа даргын үүргийн дагуу хууль зөрчсөн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгсөн нь олны анхааралд ороод буй.

Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнд шахалт үзүүлж, ажлаасаа чөлөөлөгд гэж үүргэджээ. Учир нь тэрээр хэл ам их, улстөрийн ороо бусгаа энэ үед ажлаасаа чөлөөлөгдөх нь зүйтэй хэмээн үзжээ. Нөгөө талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр ч өөрөө ахин шүүхэд дуудагдаад байгаа гээд олон асуудал үүнд нөлөөлсөн бололтой юм.   

 

      Хэрийг эргэн сануулбал, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян өнгөрсөн онд Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй гэх Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай имэйл буюу цахим шуудан захидал илгээснийг хууль хяналтынхан эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж  үзсэн юм.  Ингээд  мөрдөн шалгаж,  прокуророос хэргийг нь хянаад шүүхэд шилжүүлсэн.  

 

      Тэгвэл түүний хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүхийн энэ оны гуравдугаар сарын 31-ны  өдрийн шүүх хурлаар анхлан шийдвэрлэв. Тиймээс  Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хуулийн 245  дугаар зүйлийн 2-т зааснаар ял оноолоо. Өөрөөр хэлбэл, “Түүнийг шүүх бүрэлдэхүүн албан тушаалаа ашиглан мөрдөн шалгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзээд улс төрийн албан тушаалд ажиллах эрхийг хоёр хилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан юм.
 

 

       Ийнхүү Э.Эрдэнэжамъян давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр үлдээгээд байсан билээ. Юутай ч Э.Эрдэнэжамъян намынхаа даргын хүсэлтээр ийнхүү ажлаа өгөхөөр шийджээ.

 

Н.Дөл